Мөнгө, мөрөөдлийнхөө оргилд хүрэхэд газарчлан хөтлөгч, жаргал хайрлах буянтан, хүсэшгүй, төсөөлөшгүй зовлонд унагахад хөтлөн зуучлагч нүгэлтний аль аль нь байж чадах агуу шидтэн билээ. Эд мөнгө, хөрөнгө чинээ ихтэй хүмүүсийн өмнө хөл алддаг нь алаг хорвоогийн жам. Баян чинээлэг, дэгжин ганган хувцаслаж, үнэт эдлэлээр гоёсон хүмүүсийг буудал, зоогийн газрын үүдний хаалгач хүртэл инээмсэглэн угтдаг. Уулзаж учирсан бүх хүмүүс арай л ондоогоор харж, бусдаас өөрөөр ханддаг. Мөнгө, хүмүүст хүсэл зорилгодоо хүрэхэд тусалж, гачигдаж дутагдах юмгүй тайван амьдрах боломжийг хангаж өгдөг аз жаргалын түлхүүр мөн нь мөн. Гэхдээ энэ түлхүүр хүн бүрийн гарт хүссэнээр нь атгагдаж байдаггүй. Зарим хүнд ороо морь шиг баригдаж өгөхгүй ороолно. Тодорхой цаг хугацаанд хүмүүсээс илүү хийгээд дутуу мөнгөтэй байх нь амьдралын хэвийн, энгийн зүйл. Тэр ч бүү хэл огт мөнгөгүй, мөнгөний эзэн бус, боол нь байх хүнд хэцүү үе бишгүй тохиолдоно. Мөнгө хүнийг өөд уруугүй захирч, ахиухан мөнгөний сураг хаана гарна, тэр зүг рүү хөл газар хүрэхгүй үсрэн дэгдэж, шургаж унах нь холгүй тэлүүлэн тэмүүлнэ. Тэр үед мөнгөн дээрх хүний зураг чам руу нэн ихэмсгээр харж, заримдаа дооглон инээж буй мэт тохуурхахыг нь яана. Хоногийн хоолоо залгуулах төдий гол зогоож, мөнгөөр байнга гачигдан, уналтын байдалд амьдарч, мөнгө олох гэж зүтгэсээр залхаж гүйцэн, нуруугаа авсан морь шиг халирч халшран, гэрэл гэгээ хэзээ үзэх нь тодорхойгүй түнэр харанхуй нөмрөх шиг зүдэргээнт зовлон яс янгинам хэцүү. Хэрхэн яаж мөнгөтэй болж, аз жаргалын түлхүүрийг атгах вэ? Мөнгөтэй болох тоо томшгүй олон аргыг хүн төрөлхтөн бодож олжээ. Тэр дундаас хүмүүс амар хялбар аргаар мөнгөжих төрөл бүрийн арга зам, заль мэх хамгийн түрүүнд эрж хайж эхэлдэг. Харамсалтай нь тэр амар хялбар арга зам нь дандаа л хад мөргөн, мухардалд орох төгсгөл рүү хөтөлдөг. Азтай төрснийхөө ач буянаар мөнгөтэй болсон хүмүүс бий. Гэхдээ хэзээ тохиох нь үл мэдэгдэх дан ганц азанд найдаж амьдрах явуургүй. Аз сорьсон мөнгөний дайсан бол мөрийтэй тоглоом. Мөрийтэй тоглоомоор баяжих, мөнхийн ус олох хоёр адил гэдэг. Тиймээс ийм төрлийн аз туршилтаас алс хол байх нь өлзийтэй. Мөнгөтэй хүнтэй гэрлэж мөнгөжиж болох.     Цаг үеийнхээ ханшийг дагаад энэ арга олон хүний сэтгэл зүрхийг эзэмддэг бололтой. Гэхдээ хур хөрөнгөтэй хүний өв залгамжлагч л биш бол гэрлэх насандаа мөнгө хураасан байна гэдэг тун ховор. Иймээс энэ аргад олон хүн найдах хэрэггүй. Гэмт хэрэг үйлдэж мөнгөтэй болж болох. Гэхдээ эрх чөлөөтэй байж мөнгөтэй болох өчнөөн боломж нээлттэй байхад шоронд орох гэж зүтгээд яах юм билээ дээ. Буруу замаар мөнгөжсөн хүн өдөр нь үргэлжийн айдас хүйдэс дунд, шөнө нь хар дарсан зүүдэн дунд насаа илээх хэлтгий заяатай. Өөрийнхөө биш, өөртөө харьяалалгүй мөнгийг буруу замаар, зүй бусаар өөрийн болговол түүнээс илүү үнэ цэнэтэй зүйлээ алдана гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй. Энэ бол мухар сүсгийн айдас биш, хорвоо авсан өгснийг тэнцүүлж байдаг бодит үнэний тусгал. Мөнгөө олж цуглуулан түүнийгээ харамлаж нарийлсаар баяжиж болох. Гэхдээ л насан туршаа харамч нарийнаараа дуудуулж амьдарна гэдэг хүсүүштэй, тааламжтай зүйл биш. Хорголоо тоолон мөнгөө нарийлж, хав даран харамлаж, мөнгө үрэхгүйг хичээж, өрөвдөлтэй байдалд ордог хүмүүст хэн ч гэсэн таатай ханддаггүй.
    Тархиа гашилган бодож, хөлсөө дуслуулан хөдөлмөрлөж олсон мөнгө үнэ цэнэтэй, үргэлжийн баяр баяслыг дагуулна. Дуртай ажилдаа сэтгэл зүрхээ бүрэн зориулан зүтгэж байгаа хүн сайн орлогыг зовж зүдрэхгүй олох боломжтой. Би энэ ажлыг үзэн ядаж байна, яаж үүнээс салж яс амрах бол гэж байнга үглээд байвал сайн юманд хэзээ ч хүрэхгүй. Ямар ч ажил хийж байсан түүндээ сэтгэл зүрхээ зориулж, хайртай дуртай байвал хүссэн зүйл чинь аяндаа бүтэж цогцолно. Дутагдаж гачигдсанаа гайхаж шагшаад байвал үргэлж тийм байсаар насыг илээнэ. Ховор ч байсан элбэг юм шиг, хавар байсан ч намар юм шиг тэнүүн уужим, өөриймсөг өөдрөг сэтгэлээр юм бүхэнд хандаж чадвал ховор хоосон үеэ хялбархан туулж, үйлс заяа чинь үргэлж өөдөө бадарна.
    Өчүүхэн жижиг биш өөрийн боломжоос давж хэтэрсэн зорилго өмнөө тавь. Өөрийн боломжоос давсан буюу хэрээс хэтэрсэн зүйлийг боломжтой зүйл болгон өөрчлөхийн тулд уйгагүй чармайн ажиллах шаардлагатай. Хүсэл зорилгоо нэн тодорхой болго. Зүгээр л нэг зорилго өмнөө тавьчихаад идэвхгүй сууж байхын оронд хүсэл зорилгынхоо төлөө чармайн зүтгэж эхэл. “Хүсэл байхад түүнд хүрэх арга замууд заавал олддог” гэх эртний үг бий. Бодож санасан үйлс чинь хүссэнээр болохгүй бүтэлгүйтэж, хүрэх газраа дөхөлгүй бүдэрч мэднэ. Нэг удаа бүтэлгүйтэх нь бүх юм дууслаа гэсэн үг ердөө ч биш. Бүтэлгүйтнэ гэдэг нь ялан дийлэхийн урьдач нөхцөл мөн гэсэн итгэлээр өөрийгөө зоригжуулж, ирлэн хурцал. Бүтэлгүйтэхээс айдаг хүн амжилтаас үргэлж хоцорно. Бүдэрч уналаа ч шороо тоосоо гүвэн хөл дээрээ баттай босч, улам эрчтэй, бүр хүчтэй эрслэн хөдөл. Унаж болно, ухарч л болохгүй.
    Мөнгө зоригтой хүнийг дагана. Эргэж буцсан, эргэлзэж тээнэгэлзсэн зориггүй хүнд мөнгө ил гарч нэг харагдан, далд орж нэг нуугдан тохуурхана. Зоригтонд хувь заяа тусалдаг. Мөнгө тэвчээртэй хүнийг дагана. “Гайхамшгийг хүсч байгаа хүнд тэвчээр хэрэгтэй”. Их мөнгө хүсч байгаа бол бүр их тэвчих учиртай. Хэмнэж гамнадаг хүнд мөнгө тогтоно. “Багыг гамнадаггүй хүн ихийг алдана”.
Ухаан бодолдоо мөнгө бий болгож сурах нь онцгой чухал. Учир нь мөнгө хөрөнгө, эд баялаг эхэлж оюун ухаанд байр сууриа эзлээд дараа нь биетээр ирнэ. Бодож сэтгэх оюун ухааны орон зайгаа уужимсган тэлж, ядуу явцуу бодлоосоо салахгүй бол тэр уйтан жижиг зайнд их мөнгө орж ирэхгүй. Тийм хүмүүсийн гарт мөнгө атгуулсан ч удаан тогтохгүй, гарын салаагаар урсан, газрын гав руу орох мэт алга болно. Эхлээд оюун ухаандаа мөнгө хөрөнгө, эд баялаг бүтээх үрийг нямбай суулга, дараа нь санаанд оромгүй чамбай ургац хураана гэдэгт бат итгэлтэй бай.
    “Бусдад хэдийчинээ өглөг өгнө, төдийчинээ бидний эд мөнгө арвиждаг мэт санагддаг” гэж нэгэн баян хүн хэлсэн байна. Өглөг чин сэтгэлийн байх учиртай. Гар таталгүй, харамсаж харамлалгүй, эргэж ирэх ашгийг бодолгүй чин сэтгэлээсээ өгөхгүй бол жинхэнэ өглөг болж чадахгүй. Энэ эрин цагт өөрийгөө өглөгч буянтан гэж хөөрч сагсуурч байгаа зарим хүмүүс гагцхүү ашиг алдрыг эрэлхийлэх болсон нь харамсалтай. Тэд зууг гаргаад мянгыг олох хар захын наймааны ухаанаар л өглөг буянд ханддаг. Зарим хүмүүс ихээхэн мөнгөтэй болсон хойноо өглөг өгнө гэж хоосон амлаж суудаг. Ихээхэн мөнгөтэй болох мөрөөдөл нь хэзээ ч бүтэхгүй байж болно шүү дээ. Өгье гэвэл ганцаасаа гэдэг. Өгч байж авна. Өглөгч байх нь ашиг тусаа заавал өгдөг. “Ер нь орчлонд өгсөн авсны хэмжээ тэнцэж байх учиртай”.
    Мөнгө олох уран ухаанаас дутуугүй мөнгийг зөв зарж сурах гэж нэг том ухаан бий. Жинхнээсээ мөнгө хөрөнгөтэй болохыг хүсвэл ямар мөнгийг юунд зарцуулах хэрэгтэй вэ гэдгээ маш сайн мэддэг байх ёстой. Хэрэгтэй юмнаас мөнгөө харамлаж, хэрэггүй юманд үрдэг хүний санхүүгийн чадавхи уулын уруу өнхрүүлсэн чулуу мэт хурдтай уруудаж, асаагаад орхисон лаа шиг багасан багассаар дуусан бөхнө. Олж байгаа мөнгө биш, үлдэж байгаа мөнгө л хүнийг чинээлэг болгодог юм шүү гэж хэлсэн мөнгөний учрыг сайн мэдэх ухаантай хүний үгийг үргэлж санаж явах хэрэгтэй.
    Мөнгө хөрөнгөтэй хүмүүсийг нэг хэсэг нь шуналтай гэж бодож байхад нөгөө хэсэг нь өгөөмөр гэж үзнэ. Ядуу нийгэм баян чинээлэг хүмүүст төдийлөн сайнаар ханддаггүй. Баян хүмүүсийг шунахай сувдаг гэж үзэхээр барахгүй баячуул мөнгө л бодохоос бус ядууст огтхон ч санаа тавьдаггүй гэх сэтгэгдэл давамгайлна. Нэг чинээлэг хүн хэчнээн хүнийг ажилтай байлгаж, хэдэн гэр бүлийг тэжээн тэтгэж байгаа өгөөмөр сэтгэлтэн билээ гэдэг тухай бодохыг ч хүсдэггүй. Даруу даржин ч гэсэн ядуучуудын хэрэглэж байгаа бүх зүйл баячуудын бодол ухаан, босгосон мөнгөөр бүтдэг нь тодорхой байхад тэр тухай хэн ч дурсдаггүй. Үнэн хэрэгтээ “ядуу мөртлөө шунахай, баян мөртлөө өгөөмөр хүмүүс ертөнцөөр дүүрэн” байдаг шүү дээ. “Хэрэв та баячуудыг устгачих юм бол ядуучуудад тусалж чадахгүй” гэж А.Линкольн тун үнэн үг хэлсэн.
    Мөнгө хангалттай байвал бүх зүйл тэгш сайхан, санаа зовох асуудалгүй тайван сайхан байна даа гэж хүмүүс уулга алдацгаадаг. Мөнгө аз жаргалыг цогцоор нь бүтээгч хараахан биш. “Харамсалтай нь мөнгө жаргал авчрахгүй, гай тарих нь ч бий”. Баян хүнийг балаг тойрдоггүй гэдэг. Хэтэрхий их мөнгөтэй хэрнээ аз жаргалтай байж чадахгүй зовж яваа хүн олон. Хангалттай их мөнгөтэй мөртлөө унтаж чадахгүй шөнөжингөө тарчилдаг хүн аз жаргалтай байж чадах уу? Мөнгөөр худалдан авч болдоггүй юм хүний ертөнцөд зөндөө их. “Мөнгөөр унтах ор худалдан авч болно, харин нойр худалдан авч чадахгүй” гэдэг. Амьдралд хангалттай хүрэлцэх мөнгөтэй болж, аз жаргалтай, сайхан тааваар жаргая.