Ерөнхий уучлал
Өнгөрсөн долоо хоногийн гол сонин хачин нь “ерөнхийлөгчийн уучлал, ерөнхийлөгчийн хэл” гэсэн хоёрхон хэллэгт багтаж байна.
Өнгөрсөн долоо хоногийн гол сонин хачин нь “ерөнхийлөгчийн уучлал, ерөнхийлөгчийн хэл” гэсэн хоёрхон хэллэгт багтаж байна. Ерөнхийлөгчтэй уулзахаар явсан 100 сэтгүүлч бүгд эргэж ирсэн билээ. Ерөнхийлөгч тэднийг уучлаад явуулсан байдаг. Манай ерөнхийлөгч ер нь баруун солгойгүй уучилж байгаа юм байх.
Ганцхан сэтгүүлчдийг ч уучилсангүй. Зөвшөөрөлгүй буцсан шувуудыг, өөрөөс нь асуулгүй ичсэн тарвагыг өгөөмөр сэтгэл гарган уучилжээ. Бас өөрийнх нь төлөө саналаа өгсөн сонгогчдоо уучилж байгаагаа мэдэгдсэн байна. Дахиад түүнийг сонгож, улам уучлагдах зам нээлттэй байгааг сануулахаа ч мартсангүй.
Тэрээр хүн чанараар зодон байж өөрийг нь гомдоосон бүх улсыг уучилж байгаагаа мэдэгджээ. Шударгаар хариугаа авах боловч хар буруу санаа агуулахгүй юм байна. Буруу санаатай этгээдүүдийг уучлаад зогсохгүй зохих газарт нь хүмүүжүүлэн сайн хүн болгож өөд нь татахыг үүргээ гэж үзэх ажээ. Ерөнхийлөгчийн ууч сэтгэлээс санаа авахгүй байгаа зарим нөхдийг хайр энэрлийн араандаа байнга хүндэтгэн зуусаар байхаа ч ойлгуулжээ. Их хурлын хэдэн гишүүнийг “Хөөрхийс ерөнхийлөгчийн уучлалд өртлөө л дөө” хэмээн гадуур халаглацгааж байна.
Гадуур хайрлагдаж, өршөөгдөхөөс айсан , бэргэсэн хүмүүс дүүрэн. “Ерөнхийлөгчид уучлуулах ямар юм хийлээ” хэмээн хүн бүр өнгөрсөн амьдралаа эргэцүүлэн бодлогширчээ. Ерөнхийлөгч ойр дотны нэг ширхэг хүндээ “нэг бол шагнана, үгүй бол уучлана. Өөр зам байхгүй” гэж хэлсэн гэх цуу тарж, олныг бүр ч их уймруулсан байна.
Гэхдээ “Сүх далайтал хүрэл амар” гэгчээр санаа амар гадаад, дотоодод тэнэж яваа хүн ч бас байна.
Бид яасан учраас уучлагдаж байгаагаа сонирхоход “яагаа ч үгүй хүн гэж байдаггүй юм” хэмээн хариулах аж. Ер нь та нар аятайхан байхгүй бол “ хэзээ ч хаана ч, хэдийд ч уучлахаас сийхгүй” гэдгээ бас зарласан байна.
Ерөнхийлөгчийн уучлалаас олон газар тухайлбал цагдаагийнхан хүртэл үлгэр авах болжээ. Тэд этгээдүүдийг “төдөн цагт ирж уучлуул” хэмээн дууддаг болсон гэх. Ингээд этгээдийг хүрэлцэн ирэхэд нь уучилж байгаагаа хэлж баяр хүргэн гар барьдаг аж. Мэдээж цаадахь нв “баялалаа” гэж хэлж таарна. Тэгэнгүүт нь барьсан гарыг нь гавлаад “уучлагдсандаа баярлах ямар хэрэг хийснээ хүлээ” гээд тулгачихдаг аж.
Нарийн яривал манай ерөнхийлөгчийн уучлал улс орныхоо хүрээнээс аль хэдийнэ хальжээ. Тэрээр цаазлагдах ял заагдсан, Назаар хотын Исусыг уучилж байгаагаа бас мэдэгджээ.
Ерөнхийлөгч олон хэлтэй гэгддэг нь үнэн байна. Тэрээр дэлхийн 110 орны хэлээр “юм хайрла” гэж хэлж чаддаг болох нь тодорхой боллоо. Өөрийнх нь хэлснээр түүний гадаад хэл, туйлбартай гуйлга хоёрын үрээр л бид оршин тогнож байгаа ажээ. Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Буштай уулзаад англиар “Юм хайрла плийз, тэхүү? плийз л дээ, за плийзэлчих л дээ ” гэсээр байгаад мянганы сорилын сангаас зөндөө мөнгө авсан ба тэр мөнгөөрөө өөр улсуудад нисэн очиж юм гуйх , курст сууж дахиад 100 хэлээр гуйлга гуйж сурах аж. Тэрээр ерөнхий сайд байхдаа Орост очоод “ пажааластаа, воо иимя Христаа” гэж загалмайлан шалсаар байгаад өр тэглүүлсэн байна. Харин аль хэлээр илүү сайн гуйдгийг бүү мэд. Манай орны дотоодын хэрэгцээт бараа таваарын 70 орчим хувь нь БНХАУ-аас орж ирдэг билээ.
Бас тэрээр Энэтхэгт очоод “багшийс” гээд ганц гуйгаад Бурхан багшийн чандарыг авчирсан билээ. Түүний энэ амжилтад атаархсан, увайгүй амьтад “Чандарыг нь авчрахаар номыг нь авчрахгүй дээ” хэмээн чалчиж байсан боловч, шударга үнэнд ялагдсан удаатай.
Гэхдээ ерөнхийлөгчийн олон хэлний тухайд шүүмжилмээр юм ганц нэг байдаг л даа. Тухайлбал лусын хэлийг сурах тал дээр. Өнгөрсөн жил Отгонтэнгэрийг тахиж хур бороо гуйхдаа үг найрлагын алдаа гаргасан уу яасан, тэр хавьд нь ган болсон тал бол бий. Гэвч түүнд лусын хэл заагаад өгөх багш байхгүй тул өөрөө бие дааж сурсан тул ялангуяа дуудлага энэ тэр дээр уучилж болох учиртай.
Одоо манай ерөнхийлөгч нүүдлийн шувууны хэл сурч байгаа гэнэ. Яах гэж байна вэ гэвэл, ийм юм. “Хойтон хавар ханиадтай ирж хэрэггүй шүү” гэж гуйх юм гэсэн.