Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нараа дугаарлан тоолдог жаяг өнөөгийн дэлхийд ихэд дэлгэрчээ. Энэ моод магадгүй АНУ-аас гарсан байж ч болох. Тэд одоо 44 ерөнхийлөгч яс тоолоод явж байгаа. Америкчуудын хувьд энэ бол бололцоотой, учир нь нэн залуу үндэстэн. Тэгвэл түүхийн янз бүрийн нугачаагаар даван туулсан олон мянган жилийн түүхтэй Хятад, Энэтхэг ийм яс тоо гаргах боломжгүй. Харин ганцхан хааны удам династиар явсан япончууд төрийн тэргүүн – Эзэн хаанаа хэд дэх гэдгийг тодорхой хэлж чаддаг гэнэ.

 

Засгийн газар гэдэг нь харьцангуй орчин үеийн ойлголт, тэгээд ч ялангуяа парламентийн засаглалтай оронд энэ албан тушаал илүүтэй ач холбогдолтой байдаг учир орчин үеийн ертөнцөд аль ч оронд Ерөнхий сайдаа дугаарлан тоолдог. Энэ нь түүхийн ач холбогдлоос гадна орчин цагийн төрийн байгууламжид аль эрт орсныг батлах нэг төрлийн бахархал ч мөн. Япончууд гэхэд зуу гаруй Ерөнхий сайд тоолоод явж байна.

 

Удахгүй хоёр жилийн дараа Монгол улсын тусгаар тогтнолын 100 жилийн ой болно. Энэ нь үүнээс гадна орчин үеийн бүтэц тогтоц бүхий төрийн байгууламжтай болсны ч 100 жилийн ой юм. Монголын анхны Засгийн газар 1911 онд байгуулагдсанд таван яам багтаж байсан ба, харин Ерөнхий сайдын үүргийг Дотоод явдлын яамны сайд давхар гүйцэтгэж байжээ. Дотоод яам гэхээр одоо До яам биш дотоод асуудлаа хариуцдаг яам, одоогийнхоор бол эрүүл мэнд, боловсрол, худалдаа үйлдвэр, хөдөө аж ахуйн яамдуудын нийлбэр маягтай юм.

Ойрмогхон Монгол улс шинэ Ерөнхий сайдтай боллоо. Манай Ерөнхий сайд нарын дугаар түүхийн үнэнтэй тэр бүр нийцдэггүй, заримдаа хэтэрхий үзэл сурталждаг. Тухайлбал шанзав Бадамдоржийг “урвагч” гээд Ерөнхий сайдаас хасчихсан тууж явсан нь ердөө арван хэдхэн жилийн өмнөх явдал. Чойбалсанг “алуурчин”, Цэдэнбалыг “оросынх” гээд л цааш нь өөлөөд явах юм бол хүн үлдэхгүй бус уу? 1921 оны 2 – 7 сард Ерөнхий сайдын алба хашиж байсан мандшир хутагт Цэрэндоржийг “Барон Унгерний хүн” гэж гадуурхаад одоо болтол Ерөнхий сайдад тооцдоггүй, зургийг нь ордонд тавихгүй гүрийгээд л байна. Үнэндээ Мандшир хутагт бол Богд хааны зарлигаар томилогдсон Монгол Улсын Ерөнхий сайд, албан ёсны Ерөнхий сайд мөнөөс мөн. Ингээд өнгөрсөн 100 шахам жилд хэн хэн Ерөнхий сайд байсан, улс орны түүхэнд тод үлдэх ямар гавъяа байгуулсныг сонирхъё. Дугаарлахад  хоорондоо зай гаргалгүй дахин улиран томилогдсон бол нэг л дугаартай байна. Тухайлбал Батмөнх, Цэдэнбал, Чойбалсан зэрэг Ерөнхий сайд нар угсраагаар хэд хэд томилогдсон учир нэг л дугаартай байна. Харин Амар сайд, Элбэгдорж нар буугаад хэдэн жилийн дараа дахин томилогдсон учир давхар дугаартай байна. Уг тоолох жаяг нь хаана ч угаасаа ийм байдаг ажгуу.

1. НАМНАНСҮРЭН Төгс-Очирын (1912 - 1919) Монгол Улсын анхны Ерөнхий сайд. Албаа хашиж байх үедээ үл мэдэгдэх шалтгаанаар нас барсан. Хорлогдсон байж магадгүй. Тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхээр дипломат шугамаар их ажилласан. Гол гавъяа нь төрийн болон нийгмийн иргэшилт ёс нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн.

2. БАДАМДОРЖ Гончигжанцангийн (1919 -1920) Монголын тусгаар тогтнолын төлөө 1895 онд Богдын зараалаар Санкт Петрбург орж Оросын эзэн хаантай уулзаж, тусгаар тогтнолд туслахыг гуйж байжээ. 1911 оны хөдөлгөөний гол оролцогсодын нэг. 1920 онд орж ирсэн Сүй Шүжантай Ерөнхий сайдын хувьд гэрээ хийснээр нэр нэлээд мууджээ. анхлан тэмцэгчдийн нэг. 

3. ЦЭРЭНДОРЖ Мандшир хутагт (1921.II - 1921. VII) Барон Унгерн Хүрээг чөлөөлөхөд голлох үүргийн нэгийг гүйцэтгэсэн, Богд хааныг барьцаанаас суллаж хийддээ байлгаж байсан. Богд хаан албан ёсоор Ерөнхий сайдаар томилсон.

4. БОДОО Догсомын (1921 - 1922) Ардын, Түшмэдийн, Ноёдын гэсэн гурван намын эвслийн засгийн газрыг толгойлсон Ардын намын төлөөлөгч. Гол гавъяа нь хамжлагыг халсан, Тангаргын гэрээ хэмээгч төрийн шинэ тогтолцоог тодорхойлсон анхны “Үндсэн хууль”-ийг зохиож нэвтрүүлсэн.

5. ДАМДИНБАЗАР Сономын (1922 - 1923) Ноёдын намын төлөөлөгч. 1911 оны тусгаар тогтнолын хөдөлгөөний голлох зүтгэлтний нэг. Ялангуяа Ховдыг чөлөөлөх хэрэгт онцгой гавъяа байгуулсан.

6. ЦЭРЭНДОРЖ Балингийн (1923 - 1928) Мөн Ноёдын намын төлөөлөгч. Гол гавъяа нь Монгол улсын анхны үндсэн хуулийг батлан бүгд найрамдах улс болоход оройлж оролцсон.

 7. АМАР Анандын (1928 - 1930) Хоёр удаа Ерөнхий сайдаар томилогдсон.

 8. ЖИГЖИДЖАВ Цэнгэлтийн (1930 - 1932)

9. ГЭНДЭН Пэлжидийн (1932 - 1936) 1924 оноос УБХ-ын дарга байж Монголын төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэж байсан. Мөн МАХН-ыг нэг хэсэг удирдаж байжээ.  Гол гавъяа нь Монгол улсын тусгаар тогтнолыг амь биеэрээ хамгаалсан.

10. АМАР Анандын (1937 - 1938)

11. ЧОЙБАЛСАН Хорлоогийн (1938 - 1952) 1921 оны үйл хэргийн голлох зүтгэлтний нэг. Ардын намын ууган зүтгэлтэн. Гол гавъяа нь Монгол улсыг албан ёсоор тусгаар тогтнуулж гадаад ертөнцөд хүлээн зөвшөөрүүлсэн.

12. ЦЭДЭНБАЛ Юмжаагийн (1952 - 1974) МАХН-ыг толгойлж байсан, мөн хожим АИХ-ын тэргүүлэгчдийн дарга байж төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэж байсан. Гол гавъяа нь нүүдэлчин монголчуудыг иргэншүүлж соёлын хувьсгал хийж үүнээ удирдсан. Монголын иргэншил, хотжил, үйлдвэржил энэ хүний нэртэй холбоотой.

13. БАТМӨНХ Жамбын (1974 – 1984) Хожим нь мөн МАХН-ыг толгойлж байсан, төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэж байхдаа ардчилсан тогтолцод шилжихэд тусалж тайван хувьсгалыг ивээсэн.

14. СОДНОМ Думаагийн (1984 - 1990)

15. ГУНГААДОРЖ Шаравын (1990. III – 1990. IX)

16. БЯМБАСҮРЭН Дашийн (1990 - 1992) Ардчилсан Монгол улсын анхны Ерөнхий сайд. Гол гавъяа нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас татгалзан зах зээлийн тогтолцоонд орох шилжилтийг удирдан гүйцэтгэсэн. Өмч хувьчлах ажил эхлүүлсэн.

17. ЖАСРАЙ Пунцагийн (1992 - 1996)

18. ЭНХСАЙХАН Мэндсайханы (1996 - 1998) Ардчилсан хүчний анхны Ерөнхий сайд. Гол гавъяа нь эдийн засгийн зоримог реформ хийж эхэлсэн.

19. ЭЛБЭГДОРЖ Цахиагийн (1998. IV – 1998. XII) Хоёр удаа ерөнхий сайдаар томилогдсон. Гол гавъяа нь банк санхүүгийн реформ хийсэн, авилгын эсрэг тэмцлийг толгойлсон.

20. НАРАНЦАЦРАЛТ Жанлавын (1998 - 1999)

21. АМАРЖАРГАЛ Ринчиннямын (1999 - 2000)

22. ЭНХБАЯР Намбарын (2000 - 2004) мөн МАХН-ыг толгойлж байсан, хожим нь Ерөнхийлөгч болж Монгол улсын төрийн тэргүүн байсан. Гол гавъяа нь газрыг хувьчилж эдийн засгийн эргэлтэд оруулсан.

 23. ЭЛБЭГДОРЖ Цахиагийн (2004 - 2006)

24. ЭНХБОЛД Миеэгомбын (2006 - 2007)

25. БАЯР Санжийн (2007 - 2009)  Гол гавъяа нь бүртгэлийн тогтолцоо эхлүүлсэн, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг амжилттай хийснээр Монголын түүхэнд хамгийн том хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн.

26. БАТБОЛД Сүхбаатарын (2009 - )

 Үүнээс гадна Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байсан хэд хэдэн хүн бий.

1. Да лам Цэрэнчимэд. 1911 – 1912 онд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байсан. Анх байгуулагдсан Засгийн газарт Дотоод явдлын яамны сайд болсон ба Богдын зарлигаар бусад сайд нар танхимын дотор түүнд захирагдаж байх ёстой байв.

2. Ням – Осорын Туяа. 1999 онд 7 хоногийн хугацаанд УИХ-ын тогтоолоор Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэжээ. Тэр үед Гадаад харилцааны сайд байсан.

3. Норовын Алтанхуяг. 2009 онд УИХ-ын тогтоолоор Ерөнхий сайдын үүргийг 30 орчим цаг гүйцэтгэжээ. Энэ үед тэргүүн шадар сайд байсан.