Социалист хөдөө гэж нэг иймэрхүү л юм байсан юм даа!
Социализмын үед мал нийгмийн өмч байх үед мал төллүүлэх нь үнэхээр бүх нийтийн “үйлс” байв.
Социализмаа эргэн дурсаж буй, социализмдаа
хир халдаадаггүйчүүдэд зориулж бичсэн энэ
дурсамж бол гучин жилийн тэртээх миний бодит
амьдралын түүхийн нэгээхэн хэлтэрхийгээс үүдэлтэй.
хир халдаадаггүйчүүдэд зориулж бичсэн энэ
дурсамж бол гучин жилийн тэртээх миний бодит
амьдралын түүхийн нэгээхэн хэлтэрхийгээс үүдэлтэй.
Социализмын үед мал нийгмийн өмч байх үед мал төллүүлэх нь үнэхээр бүх нийтийн “үйлс” байв. Төвийн яамдын сэхээтнүүдийг “төлд явуулах” нь нам-засгийн мэргэн бодлого байжээ. Коммунист суртал нэвтрүүлгийн гол яам – Мэдээлэл радио телевизийн Улсын Хороо, МОНЦАМЭ нь Төв аймгийн Лүн сумтай шефийн холбоотой, тэр сумын мал төллүүлэлт үндсэндээ МРТУХ-ны сэтгүүлчдийн хүчээр нугардаг байсан юм.
Дурсамжаа толилуулагч би бээр Лүн сумын төлд 2 удаа дайчлагдан явснаа эргэж эргэцүүлмээр санагдав. Эхнийх нь 1980 оны хавар, 2 дахь нь 1984 оны хавар тохиосон бөгөөд эхнийхийг малчны хотонд суурь дээр, 2 дахийг “Мал төллүүлэх бааз” дээр багаараа өнгөрүүлсэн юм.
Хотын сэхээтэн надад хүнд сургамж, сэтгэгдэл үлдээсэн 1980 оны төл бойжуулалт бол “Социалист хөдөөгийн” бодит тусгал, толь нь байлаа. Уг нь Лүн сум бол нийслэлээс холгүй, соёлжсон газар баймаарсан. Гэтэл бүх юм аймшигтай хар зүүд зэрэглээ мэт үлджээ. Хөдөө аж ахуйг социалист ёсоор хэдийнээ хоршооллоод соёлын довтолгоог хэд хэд хийчэхээд социалист аж үйлдвэржүүлэлт явагдаж байсан цаг шүү дээ. Гэтэл намайг томилж очуулсан айл хөөтэй хар тогоог хөмрүүлчихсэн мэт угтаж билээ. Гаднаа 1000 хонь, 100 үхэр бэлчээсэн хэрнээ зөвхөн өсгөнө гэсэн хатуу хуультай тул адуу тэмээний махаар өвлийг давж хаваржиж байв. Хоногт яг шөнийн 23.00 цагт нэг л удаа ам бүлээрээ гүнцэг барих (хоолоо идэх гэсэн утгатай) ба хоолных нь амт чанарын тухайд ярих юм байхгүй л дээ. Ерөөсөө хооллох соёл, эрүүл аж төрөх ёсон гэсэн ойлголт тэнд угаасаа байхгүй. Би лав тэдний тэр шөнө дундын хоолноос идээгүй.
Өрхийн тэргүүн 60 шүргэм насны өвгөн эмгэнээ жирэмслүүлээд нөгөөх нь хүндрэлтэй төрөхөөр Улаанбаатар явчихсан, цэргээс ирсэн хүү, мөн бэр, 2 балчир ач нь, дээр нь сумын төвөөс заларч ирсөн төлчин өвгөн, тэгээд би, энэ айлын ам бүл бид хэд хахир хатуу хаврыг туулж байв.
Хотын унаган хүү надаар төл бойжуулуулах гэж юу байхав, нам-засгаас тулгаж өгсөн юм чинь, өдөртөө хотны өтөг бууц цэвэрлэх, өвс тэжээл зөөх ажилхан хийнэ. Ядаж хүү нь эхнэртэйгээ хардаад, байн байн давхиж ирээд муухай аашлаад хамаг юмаа хэмхэччих гээд гэмгүй би мөн ч их зүхэгдсэн байх даа. Гэрт суугаад байвал өлсөөд салахгүй, пүүгээгээ ухаж юм идье гэхлээр өлсгөлөн 2 хүүхдийн бүлтийсэн нүд. Тэр айл өглөө үүр цүүрээр уралдан босцгоож цас хайлсан угаадас аятай цайгаа уусан болоод хонио туугаад өлөн гэдэстэй хэдэн тийшээ арилж өгнө. Малын бэлчээрт яаж өл залгадаг нь маш нууцлагдмал. Юу ч болоогүй юм шиг орой хэдэн талаасаа хүрээд ирдэгийг бодоход хээр хооллодогоос гарцаагүй. Хот газрын албан хаагч би 13.00 цагийн алдад гэрт орж үдийн хоол идэх санаатай очсоны маргааш шал дэмий явдлын гарз болов. Харин угаадас шиг цай нь данханд байж байх юм аа. Түүнээс халаасан болоод хүүдийгээ уудалтал өлсгөлөн хүүхэд нь ороод ирнэ. Эхний хэдэн өдөр хувааж иддэг байснаа эх нь хялалзаад байхлаар нь би нууж авч гараад хээр очиж иддэг боллоо. Миний хээрийн гал тогоо маш товч тодорхой. Нэг лааз тушёнк, хатсан боорцог хэдийг өвөртлөөд гарна. Чүдэнз өвөрт. Холхон очоод өвс хагд, бургас түүнэ. Жижиг гурван чулуугаар хээрийн зуух хийгээд дээр нь лаазтай тушёнкоо нээж тавиад гал өрдөнө. Тушёнк маань пор пор буцлаад ирмэгц дотор нь боорцогоо хийж буцалгаад үдийн хоол бэлэн. Хоосон лаазандаа цас хайлж буцалгаад бэлэн цай, эсвэл халуун ус уугаад их маадгар амьтан нөгөө айлдаа буцаж ирнэ. Тэгээд орой болтол өл даана.
Уг нь хотоос очихдоо гэрийн эзэнд шил архи, бэрд нь чамгүй боов боорцог, еэвэн “хотын бэлэг” гэж өгсөн юмсан, гэтэл Майн баяраар гаргадаг гээд авдартаа хийгээд цоожилчихсон. Ингээд би өлбөрч үхэж байгаа юм даа. Шуудайд хэдэн консерв, тушёнкоо үлдээсэн нь л аминд орж байх шив. Тэд орой 19.00 цагийн үед бэлчээрээс ирж хонио хотлуулах тоолох гэж 22.00 цаг хүргэх юм. Гадаа бөөн ажил оволзоод, хонь майлаад л хэд ч тоолдог юм бүү мэд. Би хүйтэн гэрт эвхрэн гэдэс минь ханандаа наалдах нээ. Сүүлдээ хамаг бие сулраад нүд эрээлжлээд.
Эрүүл аж төрөх ёс, хооллох соёл гэж энд ярихаа больё л доо. Уг нь өдөржингөө хээр өлсөж цангаад ирж байгаа эр нөхөр, хадамдаа гэрийн эзэгтэй нь халуун хоолыг нь хийгээд бэлтгэчихсэн, дулаан гэрт угтах ёстой ёо доо. Энэ бол эрүүл ухааны наад захын ойлголт. Гэтэл байдаггүй шүү. Хамт л гадаа оволзоод байх нь тэр. Хонио хотлуулж дуусгаад нөгөө хэд маань сүр сар гээд ороод ирлээ. Харин ч огтоос өлссөн шинжгүй лаа асаагаад мөрийтэй хөзөр тоглож эхэлнэ. Бас бараашиг гэж үс өрвөсхийм айхтар умдаан зооглож тэрүүхэндаа хална. Ноорхой бэр нь тэднийг жаал харж алмайрч байснаа босч тогоон дээр адуу тэмээний бүхэл мах энгэртээ тэвэрч байгаад хутгаар хэрчиж унагаад пор пор буцалсны дараа хар гурилтай лапша болгож 23.00 цаг өнгөрсөн хойно нийтээрээ хоолоо зооглоно. Би хэдийнэ гулдайгаад бүхлээрээ унтаж орхиж. Гэр дүүрэн тамхины эхүүн утаа, хоолоо зэрэг зэрэг шоржигнотол сороод л. Их л амттай байгаа янзтай. Шөнийн 00 цаг болж байгаа хэрэг шүү дээ.
Хоолны дараа шууд л ор руугаа. Өвгөн ач хүүгээрээ нуруугаа бараг цаг маажуулна. Тэгж их загатнасныг бодвол бөөс нь чөлөөтэй бэлчсэн байх. Тэдний ярих нь зуны дэлгэр цагт Туул гол бараадан зусвал хамаг хирээ угааж авдаг гэнэ. Ингээд хурхиралдан тэр гэр нам гүм. Өдөржин өлсгөлөн байсан миний ходоод хоржигноод, бас ядарч сульдсаных тэгсгээд унатана даа. Би гэж хот руугаа буцахын бөөн мөрөөдөл. Тэнгэрт хааяа нэг үзэгдэх онгоцыг эс тооцвол тэр хавьд гэрэл гэгээ огт байхгүй. Юун нөгөө хөдөөгийн цэнгэг агаар, малын буян, бушуухан л буцах минь гэж залбирна. Хүлээн авагч байвч надад сонсгохгүй, зай дуусчихна. Тэд үдшийн үлгэр, төлчдөд зориулсан “Таван эрдэнээ” л сонсоно. Тамхи ороох хуучин сониноос өөр тэр айлд ном сонин юу ч байсангүй. Харин би хэдэн орос номтой очиж ёстой “номын нөхөр” болсон доо. Хятадын хувьсгалын нэг удирдагч, коминтерч асан Ван Мин хэмээх нөхрийн Маотой хийсэн тэмцлийн тухай ном орос, хятадаараа, би тулгаж уншина. Зурна, тэмдэглэнэ. Зүгээр байгаа номыг яагаад зураад байдаг юм хэмээн нөгөөдүүл гайхаад л, үглэж ч байх шиг.
Сумын төвөөс намын үүрийн ухуулагч гэж нэг нөхөр ирээд олон улсын байдал ярьж байгаа нь айдас, инээд зэрэг хүрэм. Ухаан нь ингэж ярьж байна:
- Хятадын маоистууд Англиас “Харриер” хэмээх эгц дээшээ хөөрдөг байлдааны аюултай онгоц авч Бээжингийнхэн зэвсэглэлээр хөөцөлдөж байна гэж өмнөд хөршөө зүхээд, гэвч тэр нь та нарт аюулгүй манай Лүн сумыг хүрч нисч чадахгүй, зөвлөлт ах нарт түүнээс хүчтэй зэвсэг бий, тиймээс төлөө мэнд бойжуулж, тайван амгалан байцгаах хэрэгтэй...
Нэг иймэрхүү л ухуулга хийх. Тогтмол тэгж ярьдаг бололтой юм аа. Өлсөж туйлдахын зовлон амссан би бээр тэр айлд 20 хоносон уу, үгүй юү биеэ өвдмөгц нэг шөнө сум явах мал эмнэлгийн тэргэнд дайгдаад замдаа цасанд суун тусан байж Лүнд ирж хоноод, дараа өдөр нь хот явах тээврийн тэргэнд дайгдаж, хөмөрсөн хар тогооноос гэгээнд гарч билээ.
Энэ нуршуу түүх юу өгүүлнэ вэ? “Нүүдлийн соёл иргэншил” хэмээн хэнхдэг цээжээ дэлдэгч монголчуудыг өдөж буй хэрэг биш. Ерөөсөө 30 жилийн тэртээх Монголын хөдөө, хөдөөгийн аж төрөл одоо дээрдсэн үү? Чанарын ялгаа гарсан уу? Энэ талаар харьцуулалт эргэцүүлэл хийгээсэй гэсэндээ түүх сөхөж байна. Монголыг мал нь авч яваа, хөдөөгийн нэг малчин хотын төдөн иргэнийг өөртэйгээ хамт тэжээдэг гэж хийрхсэний цаана ямар аймшигт харанхуй ертөнц буглаж байсны ганц л жишээ бол энэ. Миний төл бойжуулахаар очсон малчин айлынхан л биш байгаасай. Нийслэлийн зах хязгаар, гэр хороолол, орц хонгил, за тэгээд траншейгаар хоног төөрүүлж ертөнцийн хар өдрүүдийг өнгөрүүлэгч энэ олон мянган монголчууд бол бүгд л малчин, малчдын гэр бүл үр хүүхэд, товчхондоо нөгөө “Социалист хөдөөгийнхөн” байгаа шүү дээ. Суурьшмал иргэд бол хэзээ ч траншейнд орохгүй, хог ухахгүй, заяа төөрөг нь өөр юм.
Одоо цагийн бодит үнэнийг яг үнэнээр нь илэрхийлсэн шинэхэн эшлэл байна.
- Ихэнхи нь хөдөө орон нутгаас ирсэн мөнгөгүй, ядуу, бичиг баримт байхгүй байна. Тэгээд ажилд оръё гэхлээр царай зүс, бие бялдраараа гологдоод байдаг гэнэ. Тэгээд дээрээс нь компьютер гэдгийг огт мэдэхгүй. Өдрийнхөө хоолыг яая гэж байгаа хүмүүс хаана очиж боловсрол олох билээ дээ. Яваад яваад ажил олддоггүй гэж байна. Зарим эцэг эх нь охиноо биеэ үнэлж байгааг мэддэг бөгөөд олсон мөнгөөр нь амьдралаа залгуулдагаа нуулгүй ярьж байна. Байгаа зүйл нь өөрийнх нь бие гэдгээ тэд хэлж байна хэмээн тэмцэгч хатагтай Г.Баасан "111"-т хоригдож гарч ирээд ярьсан байна лээ (Г.Баасан: Ц.Нямдорж сайд баривчлах байранд нэг хоноосой, www.news.mn, 2008.12.10)
Би: Миний амьдралын тойрог, НЭПКО, 2009 номын 141-145-р хуудаснаас эшлэв
Зочин