Оны хамгийн аймар ухаарал

21 он гарангуут л нэг төрсөн эмэгтэйг зайлуул, таавчигтай нь гаргаад явж байгаа видео олноо ил болов. Минионууд банана гээд бдаг шиг хүмүүс ч нийтээрээ ханардгаараа ханарч, хараадгаараа хараасан. Засаг маань ч дүлий дүмбээрээ алдартай шүү дээ. Хад руу хашгирсан юм шиг л байж байдаг. Гэтэл цэлмэг тэнгэрээс аянга буулаа гээд байдаг шиг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өмөлзөө л гараад ирсэн. 

Тэрээр Их хурлын чуулганы танхимаас зүрх шимширч байгаагаа үнэхээр нь зүрх нь шимшрэн зарласан. Бараг энэ ертөнцөд төрсөндөө ч харамссан байхаа. Ерөөсөө бүх гай зовлонгийн шалтгаанаар өөрөө гэдгийгээ мэдээ л, “монголчуудын жаргалын садаа би юм байна” гэдгээ ойлгоо л. Үүний хажууд Шагжамуни ертөнцийг ухаарна гэж гурилдсан байдийн. 

Тэгээ шууд огцрохоо зарласан чинь Ерөнхийлөгч асан Х.Баттулга түүн рүү нэг гайхаж харж билээ. Тэр бол оны хамгийн чин гайхалт байсаан. Чин гайхалт гэж сонин үг болчлоо шүү.

Оны замхралт

Босоо Гамбаа маань УИХ-д суудалтай намын ганц гишүүний хувьд Ерөнхийлөгчид дэвшинэ, 2017 оных шиг луйвардуулахгүй, яс үзнэ, ялах нь тодорхой гээд үзэж тарж байлаа. Магадлал байсан ер нь. Оюутолгой гэж өлсгөлөн зарлаж бариад л нэлээд бэлдсэн чиг.

Гэтэл нэг л өдөр МАХН нь МАН-тай нэгдчихэв. Өөрөөр хэлбэл УИХ-д суудалтай нам нь замхраад алга болчихсон. Нэг л өдөр шүү дээ. Сайхан зүүднээсээ сэрчих шиг, бөмбөлөг хөөж байтал хагарчих шиг. Төсөөлөөд үз. Түүний өмнөөс өөрийгөө тавиад бод. 

Тэр нэгдэл болсны шөнө нь мань эр АН дээр очиж уулзаад, тэрнийхээ өмнө ХҮН дээр бас очиж уулзсан байдаг. Ёстой алмаар санагдаж байсан байлгүй. Нэг ийм айхавтар явдал болсон доо гэдгийг энэ тэмдэглэлдээ заавал оруулах ёстой гэж бодлоо. Н.Энхбаяр гэдэг чинь чулуу шдээ чулуу!

Оны тайлагдашгүй таамаг

Энэ үйл явдлыг тойроод өөр нэгэн өвөрмөц зүйл болсон. Улстөрчдийн нүүр царайг ч сайхан харуулж өгсөн байдаг. Тухайлбал өнгөрсөн оны 10-р сард болсон орон нутгийн сонгуулиар Баянгол дүүргийн ИТХ-д МАХН-аас сонгогдсон Магнайбаяр гэдэг залууг хуралдаа олонхи болоход ганцхан суудал дутчихаад байсан МАН татаад өөртөө элсүүлчихэж билээ. Харин намынх нь гишүүд, баахан аниа нар үүнд хагартлаа уурлаж түүн рүү өндөг шидэж, гурил цацаж, хашгирч хараагаад алангаа алдсан. Буу шийдэм байгаагүй нь их юм гэж бодохоор. Гэтэл хэдхэн сарын дараа тэдний бурхан Н.Энхбаяр нь намаа аваад МАН-тай нэгдчих нь тэр. Зүй ёсны асуултууд үүнээс урган гарна.

-Тэдгээр эгч нар одоо намаасаа гарсан уу?

-Гараагүй бол өмнө нь болж байсны адилаар МАХН гэж нам салгаад цаашаа ёстой бишүү?

-Эсвэл Магнайбаяраас уучлал гуйсан уу?

-Магнайбаяр одоо намдаа баатар болсон уу? гэх мэт.

За энэ ч бас гайгүй. 20 оны 6-р сард Батшугар сонгуульд өрсөлдөж явахдаа индэр дээрэс МАН-ыг харааж зүхэж, хамгийн том авилгалч гэж зарлаж байсан хүн, 21 оны 10-р срд МАН-аас нэр дэвшээд сонгогдцон. Эндээс бас л асуултууд ургана.

-МАН авилгач байхаа больсон уу?

-Эсвэл Батшугар авилгачдын эгнээнд орж авилгач болж бгаа нь энэ үү?

-Батшугар хэлсэн үгнийхээ төлөө МАН-аас уучлал гуйсан уу гэх мэт. 

Оны хамгийн ажил хэрэгч санал

1. Манай дарга нар янз янзын санал хэлдэг. Их огцом хэлнэ. Цочтол. Жишээ нь Их хурлын чуулганы нэг хуралдаан дээр манай Битаан Гамбаа зүгээр сууж байснаа гэнэт коронавирусийн яам байгуулах байсан юм даа та нар! гэж хэлсэн. Ганц цахим яам байгуулах гэж ямар их хөл хөсөөн, зардал чирэгдэл болж байна даа. Тэгэхэд коронагийн яам гэнүү. Байхгүй цахим дээр тэгж байхад байгаа коронагийн яам байгуулна гэсэн одоо ч байгуулж дуусаагүй ноцолдож байх байсан биз.

2. Үүний дараахан Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын засаг дарга гэж нэг хүн гэнэтхэн л зөгийнөөс бэлчээр ашигласны татвар авна гээд ороод ирсэн. Нүдэнд нь л өртчихгүй юу даа. Татвар өхгүй хэдэн мянган, бараг хэдэн сая ч хүрдгиймуу амьтан тэжээсэн хүмүүс харагдаад. Татвар авдаггүй юм гэхэд авна гэж айлгаад яаая ч гэж бодсын. Гэтэл зөгий нь ядаж тэр бэлчээр дээр нь гишгэдэггүй. Талхалж муутгана гэж байхгүй. Өвс ургамал иднэ гэж бүүр байхгүй. Цэцгэн дээр суусны татвар гэж авбал авах юм. Гэтэл тэгж сууснаар харин ч тоосыг нь зөөж нийлүүлж үржүүлдэг амьтан. Энэ сэдэв тэгсгээд хаагдцан. Удсан бол энэ яриа явсаар бгаад зөгийнөөс татвар авах биш харин татаас өгөх байдалд орох байсан байж магадгүй. Манайханд бас гэнэт гэнэт юм санаанд нь орох юм аа. Тэгээд загнуулаад больсон л доо энэ нь. Гэхдээ энийг жиргээч, зөгийчин Томоко ярьж хүмүүст мэдэгдээгүй бол ингээд журамлагдаад явах байж.

3. Ингээд байж байсан чинь УИХ-ын гишүүн Оюунчимэг маань нэг ажил хэрэгч санал гаргасан (Жилийн жилд л оны онцлох жагсаалтад орчихдог хүмүүс байх юмаа. Нэг хэсэг дандаа Жавхлан маань ордог байлаа, дарга байхдаа Ж.Мөнхбат маань ч их ордог байлаа). Тэрээр бас л зүгээр, тайван сууж байснаа гэнэт “энэ корона тусаагүй хүмүүсээ урамшуулж шагная аа” гэж авдын. Тусаагүй хүмүүс гавьяа байгуулсан юм шиг байна лээ. Яг коронавирусууд өөрийг нь чиглээ л нисээд ирэнгүүт май май май гээ л хаагаа л, бултаа л, буудаж унагаа л. 

Хэрвээ корона тусаагүй хүмүүсийг шагнах юм бол туссаныг нь шийтгэх логик эрхгүй урган гарч таарах гээд. Чи корона туссан тул зөрчлийн арга хэмжээ авсугай гэж мэгээд. Нэг айлын нэг нь өвдөөд, нөгөө нь өвдөхгүй, зарим хүмүүс мянга хамгаалаад тусаад, зарим нь огт тусахгүй яваад байгааг мэдэхгүй төрийн түшээ амьдралаас тасарсны шинж байх л даа.

Оны бүслэлт

Алдарт Лениградын бүслэлт гэж бид мэднэ. Гитлерчүүд хэдэн сар бүсэлж, өлсгөлөнд учруулж зовоож байлаа. Монголчууд ч бас дэлхийн хагасыг эзлэхдээ олон хот балгадыг бүслэн, өлсгөлөнд учруулж, сэтгэлээр унагаж байгаад өөрийн болгодог байв. 

Үүнтэй адил зүйл бас Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт тохиосон. Тодруулбал Баянзүрхийн 26-р хороог нэг л өглөө бүслэн хаасан байлаа. Гуч гаруй мянган иргэнтэй, зарим аймгийн төвүүдээс ч том хороо шүү дээ. Хүмүүс нь цочирдон гайхав. Бүслэлтийн гадна ч бай, дотор ч бай айлд хоносон хүмүүс хэцүүдсэн байж таарна.

Тэгээд болоогүй, хорооны Засаг даргыг нь гялс сольчихсон байв. Хороондоо нэр хүндтэй залуу байсан бололтой, иргэд нь хороон дотроо хөөрхөн жагсаж бариад. Мөн нэгэн эмгэнэлтэй хэрэг ч гарсан, заавал дурдаад яахав. 

Энэ хорооноос халдвар илэрсэн нь үнэн. Гэхдээ одоо эргээд харахад бид ямар их утгагүй юмнууд хийж байсан юм бэ гэдгийн оргил үйл явдал гэж үзээд үүнийг онцоллоо .

Оны мэргэн шийдвэрүүд

Өдгөө бид коронагийн эсрэг “Сүргийн дархлаа” гээч зүйлийг хийцгээж байна. Хэрэндээ вакцинд хамрагдцан тул хөнгөн тусцгааж байгаа байх. Ер нь аливаа тахлыг хүн төрөлхтөн ялж дийлэх болоогүй л байгаа бололтой. Дээр үе шиг тусаад туулаад гарахаас өөр зам харагдахгүй байна.

Дээр хэлсэнчлэн, гэхдээ бид ямар утгагүй зүйл олныг хийж байгаа вэ гэж бодохоор заримдаа нүүр улайж л сууна. Хамтдаа л суралцаж байна л даа, хэнийгээ гэхэв. Гэсэн ч ярихгүй өнгөрч болохгүй зүйл байсаар байна. Жишээ нь Онцгой комиссуудаас гаргасан шийдвэрүүд. Хэрхэн гаргаж байсныг төсөөлье л дөө:
Дарга нар ширээ тойроод сууцан хуралдаж байна: 

1. 

-За хэдүүлээ яахав? Хүмүүс эсрэг биеийн шинжилгээ өгөх хэрэгцээ их байна. Яаж өгүүлэх вэ? 

-Тиймээ, бүгдийг нь ХӨСҮТ дээр цуглуулж бөөгнүүлье !

2. 

-Хүмүүсийг гадуур яаж зорчуулах вэ? Машин машиндаа яваг уу?

-Үгүй ээ, автобусанд бөөгнүүлэх нь зүйтэй гэж үзэж байна!

3.

-За нөхдөө өөр яаж бөөгнүүлэх вэ, арга байна уу?

-Нэг арга байна, нөөцийн махыг ганцхан цэгт худалдаж бөөгнүүлэе!

-Еээ! Тэгье!!!

Оны хямдрал

Ахиад л коронатай холбоотой. Бараа хямдардаг, Хар баасан гэдэг арга хэмжээ ч бий. Хуучирсан эд бас хямдарна. Гэхдээ Монголын коронагийн эмчилгээний үнэ арай л хямдарч билээ. 

Анхны монгол өвчтөнүүдийн эмчилгээний зардал 8 сая төгрөг байлаа. Нямхүү эмч ч од байлаа. Харин өнөөдөр 60 мянган төгрөг билүү юүвлээ, нэг тиймэрхүү. Нямхүү эмч алга болоод од байхаа больсон. Заавал холбох гээд байгаам биш л дээ, зүгээр санаанд ороод. 

Эмчилгээний хоногийн тоо моо ч замбараагүй шааж байсан даа. Одоо халдвар авсан бол 3-5 хоногт илэрнэ гэдгийг хүн бүр л мэддэг болсон. Өнгөрсөн хавар “зарим хүнээс 19дэх хоног дээрээ илэрч байгаашд” гэж Нямхүү гуай зурагтаар ярьж байсан. Хөөрхий амьтан хөл хориондоо байж байгаа л халдвар авчихсан ньт тэр. 

Оны хамгийн лаг зиндаагаа мэдэрсэн хүн

Коронатай холбоотой сүүлчийн балайрал. Зам тээврийн сайд асан М.Зоригт гуай Украины ерөнхийлөгч корона тусчээ гэдэг постны доор Эрүүл мэндийн сайд асан Сарангэрэл орж ирснээ “нэг тархвал ялгахгүй юм билээ” гэж авсан. 

Коронавирус нь ээ энэ дарга байна болий болий гэх ёстой юм шиг бгаан. Санаандгүй тусгачуул даргаа уучлаарай гээд бушуухан больж нтр.

Дарга ба жирийн хүн хоёрын тухай яриа болох нь илэрхий. Дарга анги үүссээн, маниусаас тасраад явчихсаан, амьдрал ойлгохоо больсоон гэж хэлээд л байгаа. Эртний хаадууд тэнгэрээс заяат өөрснийгөө гээд байдаг нь зөвхөн пиар биш үнэхээр өөрснөө тэгж итгэдэг байсныг бид одоо харж байна.

Оны шилдэг нээлт

Их буу гэснээс энэ жилийн 3 сарын 18-нд Монголд “цэрэг үүссэний” 100 жилийн ойгоор бас талбай дээр 7 ширхэг их буу авчирснаа баахан буудсан даа. Блүскай руу л буудаад байх шиг байсан. Зарим нь энэ чинь алсын тусгалтай буу, жагсаад байгаа 26-р хорооныхон руу буудаж байгаан ч гэж байх шиг.

Энэ жишгээр Монголд эмч үүссэний, багш үүссэний, тоо бодож сурсны, бараг хэлд орсны 100 жилүүд ар араасаа цувран тэмдэглэгдэв. Бид цаг хугацааны машинд суугаад 101 жилийн өмнө, 1920 онд очиж Монголыг харвал нэг эзгүй хоосон, хүмүүс нь агуйд, гал ч гаргаж сураагүй, түүхий мах зулгаагаад сууж байх байсан болтой юм. Тэгээ л 1921 онд хувьсгал ялангуут л бүгд нэг мансуурлаас гарцгаагаад л, Монгол хүн болж хувираад л, энд тэнд наасан бичиг уншаад л... эхэлсэн юм уу даа янз нь.

Энийгээ орчин цагийн тийм юмнууд үүссэн гэж байгаамаа гэж тайлбарладаг болсон байна лээ. Юм шинэчлэгдэнгүүт тэндээс нь тоолоод явах ёстой юм бол тэднүүс ч гэсэн бүгдээрээ тооцогдку хаягдах ёстой болж байна. 

Оны шилдэг тагнуулч.

Нямдорж гуай. Монголын хууль. Монголын хуулийн эцэг. Хамгийн шударга иргэн. Түүний хоёр үйл явдал байна.

1. Талбай дээр Зоригийн хэргийн сэжигтнүүдийн ар гэрээс суулт зарлаад майхан бариад сууж байсан чинь нэг ноосон малгай дараад өмсцөн, бөөвгөрдүү ах тэрүүгээр эргэлдээд эхэлсэн байдаг. Улмаар суугчдын майхны аман дээр очиж сүрхий уулзаж, юм хум нууцаар ярьж бариад. Тэгээд хараад байсан чинь нөгөөх нь Нямдорж гуай болж таараад. Нэгмөсөн бавгар сахал махал наагаад, таяг нтр тулаад явсан бол танигдахгүй өнгөрч чадах л байсан байх.




2. Тэгээд удалгүй байж байтал мань хүн машинтайгаа явж байгаад нэг залуу руу шалбааг цаццан байдийн. Болно л доо, хэн ч болгоомж алддаг. Залуу ч их шазруун хүн байсан, сайдаар уучлал гуйлгаад явуулсан. Гэтэл тэрний дараа тэр машин дээр байсан дугаар нь хуурамч дугаар болж таараад. Нямдорж гуайтай өөртэй нь л уулзаж асуухгүй бол би бас яг итгэхгүй байна. Яагаад тэр сайхан тохьтой хүн, за болий хуулийн эцэг хүн тэгээд явж байдаг юм бэ хаха.

Оны хамгийн хурдан үйл явдал

Хурдан юм аль байхын тэр гэхэв. 12333 гэхээс эхлээд аянга гялсхийх гэх мэт олон хурдтай зүйл байдаг. Гэхдээ аль ч талаас нь Андлалын хөшөөний хуучныг буулгаад шинийг барих үйл явдал арай л дэндүү хурдан болоод өнгөрсөн. Хуучныг буулгах шийдвэр гарах, буулгаж авах, шинийг барих зар, оролцогчид тодрох, тэндээс шалгарах, зураг эскиз гаргах, хятадад цутгуулах, тээвэрлэх (ядаж байхад хилийн хязгаарлалттай), барьж босгох гээд жирийн үедсэн бол жилээс наашгүй их хөл хөсөөнийг аравхан хоногт амжуулчихсан. Нөгөө талд нь төр оролцож байхад шүү дээ. Тэр битгий хэл ард түмний хандиваар гэсэн шүү дээ!!!

Мэдээж буулгахаасаа өмнө шинийнх нь бүх зүйлийг зохицуулсан байсан нь ойлгомжтой. Гэхдээ хэрэв тийм юм бол яагаад иргэддээ байнга худлаа мэдээлэл өгч, талцуулж хэрэлдүүлж олон сарыг авсан юм бэ? Яагаад гэв гэнэт болж байгаа үйл явдал шиг харагдуулахаар зохион байгуулж байгаа юм бэ? Яагаад төсвөөс нэг ч төгрөг гараагүй, бүгд хандив, сайн санааных гэж залж байгаа юм бэ? Барималч дараа нь “Би хөлсөө аваагүй байгаа” гэж ярилцлага өгсөн. Тэр юу болж дууссаныг сэтгүүлчид маань нэг сонирхочиход гэмгүй л юм. 

Энэ бүхний дараа төрд итгэх итгэл яах вэ? Төрийг сул дорой болгох хамгийн үр дүнтэй хүчин зүйл бол иймэрхүү барин тавин инээдтэй, хуурамч үйл явдлууд л байдаг даа. 

Оны хамгийн хачирхалтай сэлфи

Жилийн жилд л нэг селфиний асуудал гардаг боллоо. Ухаалаг утасны ч буруу, лайкны хорхойны ч буруу, та бидний ч буруу, фэйсбүүкний ч буруу ер нь.

Эхний селфи мань Даваасүрэн гишүүнийх. Би бас ч гэж нэлээн л селфи харж байсан. Ингэж нүүр буруулж, өөр тийшээ харсан селфи хараагүй л юм байна. Улсууд янз бүрээр л ярьлаа.

Энэ бол ОХУ-д нэг арьс шир боловсруулах үйлдвэрээр явж байхдаа авсан зургууд. 

Нэг хэсэг улсууд нь арван хувь хараад яваад байна гэсэн. Энэ арван хувь гэдэг дээр заавал авилга, шагнал гээгүй шүү. Арван хувийн хэмнэлт гаргах гээд, эсвэл арван хувиар илүү бүтээн байгуулалт хараад явж байж болно.

Мөн гадаадад технологийн тагнуул хийж байна ч гэх хүмүүс байсан. Ямар ч байсан нэлээн л ярианы сэдэв боллоо, мийм зурагт ч нэлээд ашиглагдахаар болсон байх.

Дараагийн селфи Өнөрболор гишүүнийх. Энэ селфиг авах гэж онгоцноос буугаа л түрүүлээд гүйж байгаа нь нүдэнд харагдаад болдгүй. Мэргэн буучид байгаа шдээ, удаан яваачээ гэмээр санагдаад. Гэхдээ ийм селфи авч болохгүй гэсэн юм бол байхгүй. Гэхдээ л нэг л сонин байгаа биз дээ. Та бүхэн надтай санал нийлж байгаа биз дээ.

Оны санаа зовнилт

Улаанбаатар хотын дарга Д.Сумьяабазар нэг айхтар шийдвэр гаргалаа. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулах худалдаа, үйлчилгээний 74 төрлийг зарласан. Бөөний худалдааны төв, агуулах, дэлгүүрээс эхлээд дугуй засвар, хумс засал гээд ер нь маниусын хийдэг бүх юмыг оруулсан. Иргэд ч алга ташилгүй яахав. Одоо ямар ч бизнес хийхэд төрийн тэр олон зөвшөөрөл, лиценз, гарын үсгүүд цуглуулна, даван туулна гэдэг чинь одоо бараг байгалийн давагдашгүй хүчин зүйл шиг л хэцүү эд. 

Тэгсэн чинь нэг хүн “Тусгай зөвшөөрөл, хяналт шалгалтыг хэт сулруулвал үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй” гэж гуцдын. Хэн бэ гээ л харсан чинь Наранбаатар гэдэг УИХ-ын гишүүн юм гэнэ. Танихгүй гишүүд ч ихтэй болж, таних ч хэрэггүй юм даа. 

Хэт сулруулбал ч гэх шиг, хэт бүр хэтрээд аймар чангарчаад байгаа төрийн буулгыг арай гэж нэг зөөлрүүлж байхад ийм юм яриад сууж байдаг энэ хүн явахгүй ээ цаашаа. Боливол таарна. 

Бусад юмс

  • Яармагийн бөглөрөл гэдэг наргианы сэдэв, шинэ үзэгдэлтэй боллоо. Яармагаас хот ороход нэг л хонож байна ч гэх шиг. Хотын захиргаа тийшээ нүүгээд эхэлцэн. Бүү мэд ээ одоо. 
  • Оны шилдэг үгээр нэг эгчийн хэлсэн, “монголчууд бүткүэ тээ, бүткү!” гэдэг гоё байлаа. Тэгсэн саяхан спикер Занданшатар, “хүн болох бгаасаа хүүхэд болох унаганаасаа” гэчихлээ. Ямар ч гэмгүй л дээ. Зүгээр хөгжилдье ккк. 
  • Замын үүдийн ариутгалын хаалга гэдэг мундаг бүтээн байгуулалттай ч байж үзлээ. Ерөнхий Оюук очоод гаргасан царайг нь хараад байгаарай. 
  • Бас нэг харсан чинь Оюунчимэг гишүүн өөртөө маск зурсан ч тууж явах шиг. Үйлдэл, ширхэг болгон дээрээ зарчимтай, үнэн байхыг эрхэмлэмээр байна дарга нараа. Бас бид ч өөрсдөө иймэрхүү зүйлийг зүгээр тоглож наргиж өнгөрөөдөг баймааргүй байна. Зураг
  • Халтар сайд, “Дарханы замаар нэг л өдөр инээгээд алхана” ч гэх шиг. Тайтгаруулаад байгаа санаатай юм. Тэрүүгээр алхаад явж байдаг ямар ч хүн байдын. Буруу рультэй машиныг хорино гэсэнтэйгээ холбоод ч байгаамуу бүү мэд. Зураг

Гэх мэтээр олон л сонин хачин зүйлс болж өнгөрлөө дөө 2021 онд. Эмгэнэлтэй, хэцүү юмнуудыг нь заавал бичээд яахав. Бас хувь хүнтэй холбоотой юмыг ч болий. Улстөрчдийн дунд л болсон бурангуй юмнуудыг түүвэрлэлээ. Учир нь тэд бидний, үр хүүхдийн минь, Монголын минь ирээдүйг зурж, бүтээж байгаа улс. Тийм учир тэднийг хэлэх, шүүмжлэх, шоолох, солих эрхтэй гэж бид өөрснийгөө бодох ёстой билээ. Та нартаа шинэ жилийн мэнд хүргэе! Ирэх ондоо аз хийморьтой, ашиг орлоготой сайн сайхан байх болтугай! 

Зургуудыг гүүглээс авав. Ийм зургууд гүүглд байршуулсан хүмүүст баярлалаа.