Чихэр идэхээ больсон Энхбаяр
Энхбаяр, Элбэгдорж хоёр халз үзэлцлээ. Ард түмний нүдэн дээр. Улаан халз авалцлаа.
Харин зурагтынхан ёстой гунзай асуултууд цуглуулжээ. “Ажилгүйдлийг арилгах уу?”, “Ард түмнээ харж үзэх үү?” Юмыг шудрага зөв болгох уу?” Тэгээд юу гэж хариулах болж байна? Арилгахгүй, харж үзэхгүй, шудрага болгохгүй энэтэр гэх юм уу? Асуулт ч ер нь Энхбаяр янз янзын юм санаачилж суудгийг илрүүлэхэд чиглээ юу гэлтэй. Уг нь хүмүүс эдний сүүлийн бүтэн хагас сар маргалдсан сэдвийг л сонирхож байгаа болохоос тэртэй тэргүй Ерөнхийлөгчийн эрх мэдэлд хамаардаггүй асуудлаар хэн нь илүү бүлтрэхийг харах гээгүй юм л даа.
Содон хариултууд байсаан. Хаа очиж Элбэгдорж дайрч довтолсонгүй. Энхбаяр үгийн далим алдалгүй өрсөлдөгчөө байн байн жийж байлаа. Архангай гэсэн үг сонсонгуутаа шууд өөртөө хамрууллаа. Өөрийнхөө цэвэр цусны, төвийн төв, хав халх гэдгээ тодотгохын зэрэгцээ өрсөлдөгчийгөө дарж авах хамгийн гол дархан мэх нь болох “бохир цусны онол”-оо тодотгож буй бололтой. Энэ ажиллагаа их эрт эхэлсэн юм. Элбэгдоржийн Солонгост ярьсан үгийг нь “хүний нутагт хонь хариулж явахдаа” болгон засаж байхад эцсийн хариуг ингэж гаргахаар тооцжээ. Төрсөн хоёр өдөртэй, нүд нь бүлцгэр гээд л байн байн бичээд орилоод байхаар нь ямар жижиг юмаар хөөцөлддөг юм гэж гайхаж байтал, үнэндээ “том” мэс ардаа нуусан байжээ. Харин Энхбаяр “эцсийн үг” хэлэхдээ “өрсөлдөгчөө би нэг ч удаа гүтгээгүй” гэж огт нүдээ цавчилгүйгээр наадгийн! Ховдын Барсболд хэвлэлийн бага хурал зохиож Элбэгдорж шинжаан хүн болох асуудалд МАХН ямар ч хамаагүй гэж мэдэгдэхдээ нүд нь цавчих байтугай томорч байхым. Сэтгүүлчийн л асуудал гэнэ. Ерээд оны эхээр Оросоос плутон зөөж гаргадаг сүлжээ үүсчээ. Харин үүнийг мөнгөнд дуртай тэнэгээр гүйцэтгүүлнэ. Ахиухан мөнгө өвөртлүүлээд л онц аюултай цацраг идэвхит бодисыг пламастраар биед нь нааж өгөөд явуулчихана. Өнөөх нь хоёр зөөгөөд л чөмөг нь задарч үхдэг юм байгаа биз дээ. Захиалагчид цогцосны хармаанаас түрүүн өгсөн мөнгөө эргүүлж сугалаад л болоо. Энхбаяр нүдээ цавчихгүй байгаа шалтгаан нь үүнийг плутон зөөгчөөр гүйцэтгүүлсэн. Үнэхээр түүний амнаас “Элбэгдорж шинжаан хүн” гэсэн үг огт гараагүй. Уг нь Шинжаан гэдэг нь “шинэ зааг” гэсэн утгатай газрын нэр болохоос тийм үндэстэн огтоос үгүй л дээ.Бороо гоулдын гэрээнээс болж Монгол Улс толгой эргэм мөнгө алдсан, түүнийг Элбэгдорж хийгээд авилга авсан гээд улайм цайм авдагийн! Гарын үсэг зурсан хүний хувьд би сайн мэдэх юм. 1997 оны ашигт малтмалын хууль, 1997 оны 12-р сард гарсан Тогтвортой байдлын гэрээ хийх Засгийн газрын тогтоолын дагуу энэ гэрээ хийгдсэн. Үүнийг мэдээллийн хэрэгслэлийг бүгдийг нь урьж баяр ёслолын байдалтай гүйцэтгэсэн. Гэрээг тэр үед Английн компанитай хийсэн. Гэрээ ёсоор хоёр жилийн дотор хөрөнгө оруулж ирэхгүй бол хар аяндаа хүчингүй болох байлаа. Харин 2001 оны 12-р сард Энхбаярын санаачлага, гишүүн Содхүүгийн уншсанаар алтны онцгой татварыг хүчингүй болгох хууль гарсны дараа буюу уг гэрээ хүчингүй болсноос олон жилийн дараа анх гэрээ хийсэн Английн компани биш Канадын Сэнтэра гоулд гэдэг өөр компани Бороогийн ордыг эзэмшихээр боллоо. Алтны онцгой татвар хүчингүй болгоход хүчин зүтгэсний шан болгож Гунгаадорж, Алтай нарын хотын уугуул гишүүдэд Монголбанкны ажиллагсаддаа зориулсан байрнаас тус болгонд нь 4 өрөө байр өгсөн юм. Ордын хамтран эзэмшигч нь тэр үеийн Гадаад яамны дэд сайд Батболд байлаа. Миний тооцсоноор онцгой татвар хүчингүй болгосноор Монголд 100 сая долларын алдагдал учиржээ. 2003 оноос Монголд хөрөнгө оруулж эхэлсэн Сэнтэра гоулд компанийн сайтад байгаа тайланд тус компани Монголд хөрөнгө оруулж эхлэхээсээ хоёр жилийн өмнө буюу онцгой татварыг хүчингүй болгодог 2001 онд Монголд 30 сая доллар оруулсан гэж байдаг. Бороо гоулдын нээлтэн дээр Ерөнхий сайд Энхбаяр тууз хайчлан зүсэн зүйлээр магтаад малиганаад явж буй кино дүрс нэгэнт үлджээ. Энэ тухай би мөн ч олон бичлээ. Энийг нэг талд нь гаргах юмсан. Надад бүх баримт нь бий. Энэ шүүх цагдаа прокурорынхон ирж надтай уулзаач. Хаана нь гэмт хэргийн шинж агуулагдаж байгааг нэг тодотгооч. Сонгуулиар биенээ ялладаг тоглоом биш шүү дээ, гэмт хэрэг ярьж байна.
Монголын бүх төрийн өндөрлөг дамжин зайдалсан хүн одоо болтол хувьцаа гээч юмыг ойлгоогүй өдий хүрсэн гэдэг харин намайг гайхашрууллаа. Хувьцаа ярихаар 1990 оны өмч хувьчлах тасалбартай холиод байх юм. Тэр үед улсын өмч хувьчилсан механизмын ядахнаа үндсэн санааг ойлгосонгүй. Улсын өмчөөс хүртэх эрх олгосон тасалбар, хувьцаа хоёр ялгаатай гэдгийг энэ талаар огт ойлголтгүй хүнд яажшүү тайлбарладаг ч юм билээ.
Надад ёстой үнэн таалагдсан яриа бол Энхбаярын Неругаас авсан сургамж!! Хүүхэд нь чихэр идээд байхаар ээж нь Ерөнхий сайд Неруг загнаад өгөөч гэж гуйжээ. Төрийн тэргүүн түүнийг долоо хоноод ир гэж. Ирэхээр нь битгий чихэр идэж байгаарай гэжээ. “Долоо хоногийн өмнө хэлэхгүй яав?” гэж эхийг асуухад “Долоо хоногийн өмнө би өөрөө чихэр иддэг байсан, одоо больсон учраас бусдыг битгий чихэр ид гэж хэлэх эрхэй болсон” гэж тэндэхийн Үндэсний удирдагч өгүүлжээ. Ураа, тэндэхийн үндэсний удирдагчаас манай үндэсний удирдагч сайхан сургамж авчээ! Одоо манай хүн бас чихэр идэхээ больсон. Юутай ч сүүлийн долоо хоног. Ямар сайхан юм бэ? Одоо Энхбаяр маань юутай ч бусдыг “авилга битгий ав” гэж хэлэх эрхтэй боллоо! Сайн үйлс дэлгэрэг!
alagnyambuu
Dambaa
UB
bbb