Ардчилсан намын ҮЗХ болж өнгөрлөө. Харин тус намыг УИХ-д төлөөлдөг 27 гишүүнээс Х.Тэмүүжин ганцаараа намын удирдах эл байгууллагад сонгогдож чадаагүй юм. Иймээс Ардчилсан намын бүлэг дэх сул гишүүн болоод байгаа Х.Тэмүүжинтэй уулзаж ярилцлаа.

    М.Мөнхчимэг

Намайг ҮЗХ-ны хурал дээр гадны хүн гэж хэлсэн

 -Ардчилсан намын парламентад суудаг 27 гишүүнээс та ганцаараа ҮЗХ-ндоо сонгогдож чадаагүй учраас урилгаар оролцсон гэсэн үү?

-Би ҮЗХ-д урилгаар ороогүй ээ. Намайг гадны хүн гээд гаргачихсан шүү дээ.

-Та яаж орсон юм. Таныг УИХ-ын гишүүний чинь хувьд тусгайлан урилга илгээсэн юм биш үү?

-Надад хэн ч урилга өгөөгүй. Би хуралд зүгээр л өөрөө яваад орчихсон. Тэгээд үг хэлтэл гар, зайл гээд л хөөгөөд байсан. Тэгээд л гараад явчихсан болохоор дараа нь ямар асуудлуудыг яаж шийдсэнийг мэдэхгүй байна. Төв аймгаас Гүйцэтгэх зөвлөлд сонгогдсон гэх Идэрцогт гэлүү хэн гэлээ нэг залуу л хөөгөөд байсан.

-Та чинь уг нь "чи намайг Ардчилсан намаас хөөхгүй шүү" гэж ирээд л хэрэлдээд байсан, тэгээд гарчихсан юм уу?

-Тийм. Чи гадны хүн гар л гэсэн шүү дээ.

-Ер нь танай намын ҮЗХ-ны хуралдаанаас олон нийт төдийгүй танай намын гишүүд ч маш ажил хэрэгч уур амьсгалыг хүлээж байсан. Гэтэл нэг л гурилдсан маягтай болчих шиг санагдсан?

-Нийгмийн хувьд их том хүлээлт байсан байх. Тэр хүлээлтэд бүгдэд нь хариу өгсөн чухал хурал болж чадаагүй байх. Гэхдээ ер нь аливаа үйл явц хүлээлтэд бүрэн дүүрэн хариулт өгч тэр болгон чаддаггүй. Бүлэглэлүүд урьдчилж ярилцаад их тогтуун, тайван ҮЗХ-ны хурал болох байх гэсэн чинь, зарим талаараа тийм бус болсон.

Нэлээд олон шүүмжлэл гарсан. Шүүмжлэлийн дийлэнх хэсэг нь ҮЗХ бүрдүүлж байгаа хоёр том фракцруу адил хандаж байсан. Гол нь нам дотор байгаа дүрэм өөрөө болж байна уу, үгүй юу. Тэр дундаа маш олон зөрчилдөөн үүсээд янз бүрийн улс төрийн хэрүүл тэмцэл гарахад энэ дүрэм асуудлыг шийдвэрлэж, намын гишүүд дүрмийг биелүүлэх бололцоо байна уу, үгүй юу. Дүрмийг сахиулах ёстой байгууллага нь ажиллаж чадаж байна уу. Дотоод сонгуулийн хороо сонирхлын зөрчилгүй байж чадав уу, үгүй юу гээд л бөөн асуудал яригдсан. Тэгээд ярьж ярьж байгаад энэ асуудлуудаас нэгийг нь ч шийдээгүй л өнгөрлөө. Зүгээр л сайхан яриад л дуусгачихлаа. Яах вэ, Засгийн газар бол ингэж, тэгж ажиллах ёстой гэсэн хэдэн шийдвэр гарсан байх. Түүнээс биш намын гишүүдийг дотор нь бухимдуулаад, зөрчилдүүлээд байгаа олон асуудал шийдэгдэлгүй зүгээр л үлдсэн. Буцааж нөгөө удирдлагуудынхаа хүрээнд "бид шийднэ" гэсэн хоосон найдварыг л тээлгээд явууллаа. Гэтэл энэ удирдлагууд чинь өнөөг хүртэл шийдэж чадахгүй л яваад байгаа шүү дээ. Тэр Нийслэлийн Ардчилсан намын дарга С.Эрдэнийг,тэр Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатыг хар. Яг юу шийдээд байгаа юм бэ. Энэ нам дотроо өөрөө амьсгалж, амьд байх ёстой биз дээ. Улс төрийн намын хувьд нам өөрөө ажлаа хийж чадах аа байчихаж гэдэг дээр л би бухимдаад байгаа юм.

Бүгдээрээ л Засгийн газрын ажлаа хийгээд, түүнийгээ магтаад байна. Засгийн газрынхаа ажлыг хийдэг нь хийг, намынхаа ажлыг хийдэг нь хийх хэрэгтэй байна шүү дээ. Энэ хоёр чинь зэрэгцэж явж байж л 2012 онд намын дэмжигчдэдээ итгэл найдвар тээж очино.

Гэтэл ний нуугүй хэлэхэд манай нам бол үндсэндээ хэтэрхий Засгийн газрын амбицтайгаасаа алдаад байна. Өөрөөр хэлбэл одоо болон дараа нь Засгийн газарт орох хүсэл мөрөөдөлтэй хүмүүсийн л цугларалт болчихсоноос биш энэ намын өөрийнх нь мөн чанар, зорилго, үзэл санааг тээж явж байгаа нь харагдахгүй байгаа байхгүй юу. Тийм үүднээс л би жаахан шүүмжилсэн. Засаг хамтран барилцах хүслээ түр мартаад бодитойгоор харахад  МАХН засаглалыг сайжруулъя, нийгмийг шударга болгоё, улс төрд эрүүл хэв маягийг бий болгоё гэдэг дээр дорвитой юм хийхгүй, харин ч энэ бүгдийн эсрэг улдан эсэргүйцэгч хүч болж байгаа юм бишүү.

-Тэр өнцгөөс харах нүдийг нь юу таглачихаад байна?

-Ерөөсөө бүгд адилхан баялгийн хараалд автчихсан. Уул уурхай руугаа анхаарч яаж энэ мөнгийг сонгогчдод өгч хахуулдах вэ, яаж эндээс их хувь авах вэ л гэж бодоод байгаас биш үнэхээр ардчилал, шударга ёс сайжрах тал дээр огт бодохгүй байна шүү дээ. Хувьсгалт нам энэ тухай ярих я хүсэлгүй, санаачлагыг эсэргүйцэн үгйүсгэж байгаа. Ийм нөхцөлд бид зөвхөн уул уурхайд найдаад Хувьсгалт намтай хамтраад яваад байх юм уу, эсвэл хамтраад шийдэж чадахгүй, зарчмын зөрүүтэй байгаа  энэ шинэчлэл дээрээ зөрж байр сууриа илэрхийлэх ёстой юу гэдгийг бодох цаг болсон. Энд намын байр суурь ерөөсөө харагдахаа больсон. Ардчилсан намаас шударга ёсыг, ардчиллыг илүү хүлээж, тодорхой алхам шаардсан ард түмэн байгаад л байдаг. Гэтэл үүнийхээ тухай Ардчилсан нам нь юу ч ярихгүй зүгээр "Уул уурхайн мөнгө одоохон ороод ирнэ. Та нарт мөнгийг чинь одоохон өгчихнө. Монгол Улс одоохон гоё болно" л гээд яриад байх юм. Хувьсгалт нам ч ялгаагүй ингэж л ярьж байна.

Ерөөсөө гоё болох зүйлийн баталгаа нь ардчилал чанартай болсон уу, хууль шүүхийн байгууллагын шинэчлэл эхэлсэн үү, олон нийтийн оролцоо нэмэгдсэн үү, Монгол Улсад хүний эрх хангагдаж байна уу, эцсийн дүндээ хууль хууль шиг мөрдөгдөж чадах уу гэдгээс л харагддаг. Энэ зүйлүүдийг улс орны хэмжээнд шийдэх битгий хэл дотроо Ардчилсан нам дүрмээ хэрэгжүүлж чадахгүй байна шүү дээ. Нам доторх асуудлаа зохицуулж чадахгүй байж улс орны хэмжээний асуудлыг Хувьсгалт намтай зөрж шийднэ гэдэг нь эргэлзээтэй. Тэгээд энэ янзаараа яваад 2012 онд Ардчилсан нам ялагдчихвал 100 хувь МАХН-д уул уурхайн мөнгийг нь, дээрээс нь хяналтгүй хариуцлагагүй, шударга ёсны тогтолцоогүй, ардчилал нь эмзэг болчихсон Монгол Улсыг үлдээх нь. Ингэхээр өнөөдрийн дөрвөн жилд гоё хамтарч байгаа юм чинь маргаашийн 40 жилд ядуу амьдрах үүд рүү түлхчих вий л гэсэн болгоомжлол байна гэдгийг би шүүмжилж хэлсэн. Тэгээд шүүмжилчихээр "Чи гар гадны хүн" л гэж байна лээ.

Индэр дээр 1-2 даргын нүүр татвалзахад зааланд 1-2 залуу хэлд орж байна лээ

-ҮЗХ-ны 160 гишүүнээс О.Магнай ганцаараа удирдлагуудаа харж байгаа "Одоо Засгийн газраас гараа" гээд шууд хэлчихэж байна лээ. Түүнтэй та санал нэг байгаа юу?

-Ер нь Засгийн газраас гар, гарахгүй гэдэг тулгалт хийхээсээ илүү манай намын улс төрийн байр суурь хэвээрээ юу, бид ямар зүйлийг улс төрийн байр сууриа болгож харж байгаа юм, бодлого нь юу руу чиглэж байна гэдгийг тодорхой болгох шаардлагатай болчихоод байна гэдгийг би дахин хэлье. Яг ний нуугүй хэлэхэд Хувьсгалт намын улс төрөөр, Хувьсгалт намын бодлогоор Ардчилсан нам явж байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу. Тийм учраас аль нь манай намын байр суурь юм гэдгийг эхлээд тодруулах гарцаагүй хэрэгтэй байна. Ерөөсөө энэ нь харагдахгүй болохоор толгойтой ч гэсэн толгойгүй юм шиг харагдаад байгаа байхгүй юу.

ҮЗХ дээр нэг гишүүн нөгөө гишүүн рүүгээ “Хулгай хийдэг, хор найруулдаг, Хувьсгалт намтай хуйвалддаг” гэж дайрч байна билээ. Тэгэхээр нь би зөрүүлээд “Энэ үгээр чинь буцаагаад шинжихэд хэлж байгаа хүн нь өөрөө хулгай хийдэг, хор найруулдаг, Хувьсгалт намтай хуйвалддагагаараа эхний эгнээнд орно уу гэхээс биш араасаа тоолуулахгүй, наад худлаа дүр эсгэж байгаа чинь хуурмаг байна. Хүмүүст итгэл үнэмшил төрүүлэхгүй байна. Тийм учраас худлаа жүжиг тавихаа боль" гэсэн. Ярьж байгаа зүйлтэйгээ өөрсдөө авцалдах ёстой байхгүй юу. Гэтэл өөрсдөө хамгийн их хор найруулдаг, тэр дундаа орон нутгийн намуудыг хооронд нь талцуулж хувааж зодолдуулдаг, нэг талд нь мөнгө эрх мэдэл өгч дотор нь зөрчилдүүлээд түүгээрээ өөрийнхөө эрх ашгийг хангаж, хувьсгалт намтай хуувилддаг. Орон нутгийн намаа өөрийнхөө хувийн компани шиг болгочихсон, хамаатнууд, найз нөхдөө намын олон нийтийн нэрийн өмнөөс суулгачихаад түүгээрээ намын хувь заяаг шийдэж байна гээд байгаа бол болохгүй л гэж шүүмжлээд байгаа юм. Намаа өөрөө авч явж чадахгүй байж улс орныг авч явж чаддаг гэж том дуу гаргах шаардлага байгаа юм уу л гэж хэлсэн. Миний энэ үгэнд зарим хүмүүс дургүй байх шиг байна билээ. Индэр дээр сууж байсан 1-2 хүний нүүр татвалзахад заалнаас 1-2 залуу хэл орж байна билээ.

-Та ганцаараа намынхаа удирдлагуудыг зад шүүмжлээд, бусад нь амаа үдүүлчихээд яваад байгаа юм биш үү. Тийм ч учраас л УИХ-ын 27 гишүүнээс таныг ганцааранг чинь бодлоготойгоор ҮЗХ-нд оруулалгүй шахаад гаргаж байгаа юм биш үү?

-Мэдэхгүй. Би хурал дээр аль ч нам өөрөө байнгын үйл ажиллагаагаа явуулахдаа дараагийн сонгуульд орох бидний улс төр, олон нийтийн дэмжлэг авч яваа бодлого маань аль вэ гэдгээ маш сайн тодорхойлж барьж авч явж байх ёстой гэдгийг л хэлсэн. Үүнийгээ л алдчихвал хичнээн гоё юм ярьсан ч гэсэн ирэх сонгуулиар унаад тэр сайхныг нь нөгөө өрсөлдөгч нь аваад л яваад өгнө шүү дээ. Үүнийгээ бодохгүй бол нам толгойлж явах, эсвэл намын нэр барьж явах шаардлагагүй.

Нийслэлийн Ардчилсан нам, ер нь Ардчилсан нам бүхэлдээ ямар байгаа юм гээд судалгаа хийгээд үзэхэд 17 хувиар уначихсан байна гэдэг дохио өгөөд байна гэсэн үг биз. Энэ дохиог тэр хамаагүй гээд явна гэвэл их л хэцүү байдал үүсэх байх. Энэ бол сануулж хэлэх зүйл мөн. Гэхдээ ингэж сануулж хэллээ гээд намайг ад үзээд, шахаад байгаа зүйл байхгүй байх. Би үүнийг намын гэхээсээ илүү 2-3 хүний хувийн тоглолт байх л гэж харж байгаа.

-Эсвэл танай намын удирдлагууд Ардчилсан Ерөнхийлөгчтэй болсондоо, Улсын баатартай болсондоо хэт баярлаж пологтчихоод үйл ажиллагааны доголдлоо олж харж чадахгүйд хүрчихээд байгаа юм болов уу?

-Яах вэ, ололтоо дүгнэх нь чухал л даа. Би үүнийг үгүйсгэхгүй. 20 жилд бид юу хийв гэдгээрээ бахархах ёстой. Гэхдээ ирээдүйн 20 жилд юу болох гээд байна гэдгээ мартаж болохгүй. Ерөөсөө энэ хоёрын балансыг л барь гэж байгаа юм. Түүнээс биш тэр нь буруу, энэ нь зөв гэж би 100 хувь тулгахгүй. Ирээдүйн 20 жилийн дүр төрх өнөөдрийн Ардчилсан намын байр байдлаас харагдана. Үүнийгээ л бодоод жаахан ажиллах ёстой. Би энгэж бодоод л, жаахан өөрчлөлт хийчих санаатай яваад байгаа шүү дээ.

Хувьсгалт нам тэнэг биш шүү дээ

-1.5 сая төгрөгийн тараалтыг тайлбарлахад Сү.Батболдын хажууд Н.Алтанхуяг ганц үг ганхийлгүй бөмбийтөл суусан нь одоог хүртэл хүмүүсийн ярианы нэг сэдэв байсаар байна. Намын даргын чинь гаргасан тэр үйлдэл танд таалагдсан уу?

-Яах вэ, түрүүчийн бидний шүүмжлээд байгаа зүйл тэр л дээ. Манай намын байр суурь, бодлого харагдах ёстой. Харин ерөөсөө харагдахгүй байна гэдгийн чинь гол нь тэр байхгүй юу. Нам бол зохион байгуулалттай байна уу, гэвэл байна. Дарга байна уу, байна. Тэгсэн мөртлөө үүний дотор амин сүнс болоод явж байх ёстой намын улс төрийн байр суурь, бодлого дээрээ нам өөрөө санаачлагатай, чанга дуугарч байх ёстой байтал хэн нэгнийг дагаж дуугарч байгаа юм шиг болчихоор хэн чанга дуугарч, санаачлагатай байгаа нь л аваад явна шүү дээ.

Хувьсгалт нам ч гэсэн тэнэг биш. Улс төрийнхөө алхамуудыг хийгээд байгаа байхгүй юу. Манай нам л сайхан сэтгэл гаргаад улс орноо хөгжүүлнэ гээд яваад байдаг. Эцсийн эцэст Хувьсгалт намын ухсан нүхэнд унаад дээгүүр нь нөгөөдөх нь гишгээд гараад явчихна. Ингэвэл Хувьсгалт намын нөгөө хүсэхгүй байгаа шинэтгэлүүдийг хэн хийх юм. Одоо шүүхийн шинэчлэл, хүний эрхийн тухай асуудал хөндөгдөж байна. Жишээлбэл, өнөөдөр бид долдугаар сарын 1-тэй холбоотой нөгөө сонсголоо хийх гэтэл хийлгэхгүй л гэж байна.

-Хаанаас хорьж байгаа юм?

-УИХ-ын даргын зөвлөлөөс энэ долоо хоногийн бүх асуудлуудыг хувиараас хасаад зогсоочихлоо. Ийм нөхцөлд Ардчилсан нам хэдүүлээ хамтарч байгаа юм чинь гээд дуугүй яваад байх юм уу, эсвэл хүний эрхийг эрхэмлэх энэ нийгмийн гол үнэт зүйлээс Ардчилсан нам ухрах юм уу гэдэг асуулт гарна. Гэтэл Ардчилсан намын үзэл баримтлалаар эрхэм гэж үзэж байгаа үнэт зүйлүүд нь унаад байхад манай нам болоод байна гээд алхаад байх юм уу, үгүй юм уу л гэдэг асуудлыг би тавьж байгаа.

Түүнээс биш уул уурхайн олон том том хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, Монгол Улс их мөнгөтэй болж болно. Гэхдээ энэ мөнгө чинь авлигажсан тогтолцоон дотор байх юм уу, эсвэл ард түмнээ боддог тогтолцоонд байх уу гэдэг чинь бас чухал шүү. Тэгэхээр үүн дээрээ бид маргалдаад байгаа юм. Авлигалтай тэмцэх хүсэл эрмэлзэл үнэхээр л байгаа юм бол яагаад одоог хүртэл Авлигатай тэмцэх газрыг дэмжсэн үйл ажиллагаа явуулахгүй байгаа юм. Яагаад хууль шүүхийн шинэчлэл хийгдэхгүй байгаа юм. Яагаад алдаа гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох гэхээр төрийн механизм ажиллахаа больчихдог, мөнгө ярихаар бүгд гараа өргөөд сайхан явчихдаг байгаад байгаа юм гэдгийг л ярих ёстой. Ерөөсөө Ардчилсан нам хийх ёстой ажлаа хийхгүй болохоор сул тал харагдаад байна. Иймээс Ардчилсан нам одоо шударга ёсны тухай, хүний эрхийн тухай, Ардчиллын тухайгаа ярих болсон.  ҮЗХ-ноос ч гэсэн Ерөнхийлөгчийн санаачилж байгаа шүүх хуулийн байгууллагуудын шинэчлэлийг дэмжие гэсэн байр суурь гарсан гэж сонссон. Наад зах нь хүүхдийн мөнгөө  хар л даа. Уг нь Ардчилсан намын л улс төрийн бодлого шүү дээ. Гэтэл үүнийгээ өөрсдөө унагаж хаячихаад бид сайхан яваад  байна л гээд байсан. Эргээд харахад Ардчилсан нам дандаа өөрийнхөө эсрэг ажиллаад хожоо нь өрсөлдөгч дээр нь байгаа нөхцөлд 2012 оныг нэг л юмыг зорьж харах хэрэгтэй. Тэгэж чадахгүй бол нэртэйгээр нь Ардчилсан нам эсвэл Хувьсгалт намтай нэгдсэн нь дээр шүү дээ.

-Та бүлгийнхээ хурал дээр сонсгол тасалдсан шалтгааны талаар тодруулахаар асуув уу. Жагсаал цуглаантай холбоотой юм болов уу?

-Сая бүлэг дээр сайн тодруулсангүй. Прокурор, цагдаагийн байгууллагаас оролцох ёстой хүмүүс нь ирж чадахгүй энэ тэр гээд бичгүүд ирээд байна. Үнэхээр өнөөдөр хуулийн байгууллагын албан тушаалтнууд шинэчлэлийн төлөө гар өргөж явахгүй нь ойлгомжтой шүү дээ. Тэдний үгэнд ороод УИХ иймэрхүү хүний эрхийн чиглэлийн ажлаа зогсоож байна гэдэг бол бас эмгэнэлтэй л хэрэг байхгүй юу. Хэзээ ч алдаа гаргасан байгууллага намайг хяна гэж хэлэхгүй биз. Цаана нь байгаа хуулийн байгууллагуудын албан тушаалтнуудын үгээр наана нь бас тэр бүгдийг хаацайлах сонирхолтой улстөрчдийн үгээр бүх зүйл явж байгаа ийм нөхцөлд "Ингэхэд улс төрийг, төрийн албыг, хуулийн системийг шинэчлэх хүсэл Ардчилсан намд байна уу, үүний төлөө хатуу зогсох бодол санаа байна уу, эсвэл байж бай одоохондоо хамтарч байхад яахав гэсээр байгаад хамаг юм аа нураасны дараа амаа барих уу" гэсэн асуулт гараад байна. Дөрвөн жил нисэх мэт л өнгөрнө. Уул уурхайнхаа мөнгийг хувааж энд тэндэхийн фракц бүлэглэлүүдийнхээ ашиг сонирхлыг тэнцүүлж явсаар байтал нэг мэдэхэд сонгуулийн хугацаа дуусчихна. Нөгөө амласан шударга ёс, олон шинэчлэлээс юу ч байхгүй үлдвэл бас л хэцүү биз.

Намаа хөлгүй болчихлоо гэх үгийг би удаан бодож хэлсэн

-Аливаа ажлыг хийж чадахгүй байгаа бол халж солих, хариуцлага тооцдог нь жам. Энэ жамын дагуу намын дарга, удирдлагууддаа хандах цаг ирсэн гэдэгтэй та санал нийлэх үү?

-Би намын удирдлагын хүрээнд шүүмжлэл хэлж байгаа. Түүнээс биш ганцхан Н.Алтанхуягыг хэлээгүй. Ардчилсан намын удирдлага гэж индэр дээр гараад суучихсан хэдэн нөхөр байгаа биз. Тэд ажлаа хийх ёстой болохоос индэр дээр гарчихаад бусдыг загнаад зандчаад суугаад байж болохгүй л байхгүй юу. Эсвэл хүмүүсийг элдвээр доромжлоод л. Намын ажил, засгийн ажил цуг л явах ёстой. Өнөөдөр Засгийн газарт хамгийн их ажил хийж байгаа хүмүүс нь Ардчилсан намын сайд нар байгаа шүү, энийг бол үгүйсгэхгүй. Х.Баттулга гэхэд л ямар олон судалгааг хийх, ямар олон төслүүд, хөтөлбөрүүдийг явуулж байна. С.Баярцогтыг ч гэсэн хүмүүс муулаад л байгаа. Гэхдээ С.Баярцогт л энэ улс орны хамаг ажлыг нугалж явуулж байна шүү дээ. Бараг Засгийн газрын чинь хамгийн том ажлыг мань хүн л нуруун дээрээ үүрээд явж байгаа юм бишүү. Гэтэл нам дээр ажиллаж байгаа хүмүүс юу хийж байна аа. Намын нэр хүнд ингэж унаж байгаа нь хийж байгаа зүйлээ намын олон нийт рүү хүргэж, сурталчилж чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Дээр нь намын бүтэц эрүүл биш байна гэсэн үг. Хэрвээ сонгуулийн хууль өөрчлөгдчихвөл Ардчилсан нам яг энэ дүрмээрээ, энэ бүтцээрээ амжилт гаргана гэдэгт би итгэхгүй байна. Хувьсгалт нам тэгэхэд намаа эмхлээд л яваад байгаа. Нам нь хуваагдаад ирвэл хоёуланд нь хариуцлага тооцоод л, намруугаа болон нийгэмрүү чигэлсэн алхамууд хийгээд байгаа  биз. Тэгвэл манай нам юу хийв. Хан-Уулд аль жилийн өмнө л хагарал үүссэн. Одоо хүртэл хагарсан хэвээрээ. Дараа жил энэ хэвээрээ л байх нь. Дээр нь хоёр дүүрэг, нэг аймаг нэмэгдээд л явчихлаа. Одоо үүний ард дахиад хуваагдах сонирхолтой хэдэн нам байгааг бүү мэд. Ингээд ирэнгүүт нөгөө өрсөлдөгч нам бидний хуваагдал дээр тоглоод эхлэвэл яах вэ. Засагт хамтарч байгаа юм чинь миний найз манай намын талаар муу юм бодоогүй байх л гээд бодоод яваад байх юм уу.

-УИХ-ын гишүүн таны амнаас "Ардчилсан нам хөлгүй болчихлоо" гэж хэлж байгаа нь зүгээр л "Сайн уу" гэж байгаагаас өөр сонсогдсон. Та энэ үгийг хэр удаан бодож байж амнаасаа унагав?

-Нэлээд удаан бодсон. 2008 оны сонгуулийн үеэс л мэдрэгдэж эхэлсэн. Ний нуугүй хэлэхэд сонгогч олон руугаа битгий хэл, өөрийнхөө намын олон нийт рүү хүрдэг бүтэцгүй болчихсон. Хуучин сэтгэлээрээ энэ намын төлөө зүтгэдэг байсан хүмүүсийн орыг одоо сонгуульд ажиллавал хэдэн төгрөгтэй болчих байх л гэж боддог хүмүүс эзэлж байна. Дээрээс нь нам дотор эрх мэдэлтэй байвал төрийн зах сэжүүрээс зуураад авах юм байна шүү гэж горьдсон "Феодал" маягын нөхдүүд орон нутгийн намуудыгөмчилж авдаг болсон. Тэгээд тэндээ эрх мэдлээ удаан барьж байхын тулд намын олон нийт, шударга үг хэлдэг хүмүүсийг намаасаа шахдаг, зайлуулдаг боллоо. Зүгээр л өөрийг нь дагаад "А" гэвэл  "А" гэж дуугарч, гар өргөдөг кнопчдоор намын хороог дүүргэж байна. Тэгээд ч зогсохгүй тэр кнопчдоо удаан барихын тулд намын хороонд төлдөг татварыг өмнөөс нь төлдөг, өмнөөс нь төлөхийн тулд бусад хүмүүсээс мөнгө нэхдэг болоод байна. Чи манайхаас ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлд орвол төдийг төл л гэдэг болж. Бүр сүүлдээ тойрог зардаг боллоо. Ийм нөхцөлд өөрийн гэсэн үзэл баримтлалтай намын жирийн олон нийт тэр нөхдөөс зай барьж холдон "Ардчилсан нам мөн чанараа алдлаа" гээд бухимдуу ууртай явж байна. Энэ гишүүд надтай уулздаг. Тэгэхээр наад үг чинь ганцхан Тэмүүжин миний үг биш.