Ажил хийдэг хүмүүсийг ад үзэх хэрэгтэй
Янз бүрийн ажил төрөл хийж түүгээрээ амьдралаа залгуулж байгаа ноцтой асуудал Монголд байсаар байна. Үүнийг төр засаг анхааралдаа авч шат дараалсан арга хэмжээ авахаар боллоо
Янз бүрийн ажил төрөл хийж түүгээрээ амьдралаа залгуулж байгаа ноцтой асуудал Монголд байсаар байна. Үүнийг төр засаг анхааралдаа авч шат дараалсан арга хэмжээ авахаар боллоо. Эхлээд "алтан дээр суусан гуйлгачин, зэсэн доор зэвхийрсэн гууль" байсныг минь олж харж хэлж өгөв. Хэд хоногоос ч юм уу эсвэл энэ намраас Оюу толгойн уурхай нээгдэж, доллар, төгрөг, юань, өмнөөс үлээх салхиар тооцоо баримжаагүй өөрөө хийсээд ирэх гэж байна. Тэр сул асгарах мөнгийг шуудайлж аваад юу дуртайгаа худалдан авч болно. Бид ядуурлаас гарлаа. Амьдрал ердөө л энэ. Ажил хийж яах гээд байгаа юм.
Өмнөговь дахь Оюу толгой гэдэг мазаалай баавгайг алаагүй байхад ашгийн эхлэл нь ороод ирчихсэн шүү. Алсны дараа бол арьсыг нь булаалдах шаардлагагүй. Дэлгэсэн тэрлэгийг Монголын нутгийг тэр чигт нь нөмрөх нэхий тэнд эзнээ хүлээгээд хэвтэж байна. Тэгэхээр өөр ажил хийх хэрэг юусан.
Ийм их хувь заяаг хэн бидний гарт атгуулж өгсөн билээ. Тэрний ачийг яаж хариулах вэ. Тэр их амархан. Дөрвөн жилд нэг удаа хорооны улаан буланд болдог сонгуульд очоод нэг хүний нэрийг дугуйлаад л бүх өрнөөсөө сална. Амьд явах, амьдрах явдал улам л амархан болоод байх чинь. Энэ маань одоо аз уу, эз үү.
За ямар ч байсан улстөрчид өөрсдийгөө угжиж байх завсар ард түмэн амлалт нэхээд эхэлчихлээ. Улс Монгол даяар угжаа унагасан өлгийтэй хүүхэд лугаа орилоон бахираан чих дөжрүүлж байна. Энэ ч бас амархан. Хэн нэгэн аманд нь угжийг нь хийгээд өгвөл бувар бувар гэсээр унтдаг нь хүний л үр хойно.
Хүмүүсийг юу ч хийгээгүй байхад, ямар ч шалтгаангүй гэнэт далан мянган төгрөг төрөөс өглөө. Яасан гэж өгч байгаа юм гэхээр "Яагаа ч үгүй. Зүгээр өгч байна. Яачихаав" гээд байх юм. Сонин юм. Авлигатай тэмцэх газрынхан арай ч аваагүй байлгүй. Тэдэнд өгвөл эсвэл тэд мэдсэн бол мөн баларваа. Одоо удахгүй залгуулаад 500 мянган төгрөг зүв зүгээр өгөх юм гэсэн цуу яваад л байна.
Би долоо хоногт зургаан өдрийн турш (Манайх ням гаригт амардаггүй. сурв) өглөөнөөс үдшийн бүрий болтол хөдөлмөрлөж байж сарын эцэст хэдэн төгрөгийн бараа хардаг. Гэтэл гэрт идэхээс өөр идгүй хэдэн хүүхэд маань зүгээр сууж байгаад надаас их мөнгө олчихсон наг наг инээгээд сууж байх юм даа. Төр тэднийг хөхиүлэн дэмжиж зүгээр өгсөн гэнэ. Цаана чинь Монгол төрийн бодлого явж байна. Аягүй бол ажил хийснээрээ буруудах янзтай. Төр засгийн хамгийн жижиг эд эс бол өрх гэрийн амьжиргаа гэж жишээлдэг. Дундаж өрхийн тэргүүнүүд хүүхэд шуухаддаа гэв гэнэт мөнгө өгч тэнэгтдэггүй. Тэр тасарсан баячуул болох Ш.Сайхансамбуу, Сү.Батболд энэ тэр л тэгдэг юм байгаа биз. Бид илүү олсон мөнгө байлаа ч заавал нэг "поут" гаргаж байж алгыг нь тэнийлгэдэг. Өнөөдөр хичээлдээ онц аваа юу? Сайн байна. Аав нь шагнана аа гэх жишээтэй.
Ард түмний амьдрал ядуу, хүмүүст мөнгө хэрэгтэй байгаа. Гэхдээ ингэж өнчин хурганд сүү амлуулж байгаа юм шиг "амлалт"-ын мөнгө тараадаг нь аль газрын ёс юм болоо. Хүн өөрт оногдсон ажлаа хийгээд л байхад баяждаггүй юмаа гэхэд болоод л байдаг. Ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн баялаг бүтээж байгаа болгоны эсрэг дайсганасан бодлого төрөөс явуулж байгаа нь хэтэрхий. Нийгмийн баялаг бүтээдэггүй, бидний татварыг хурааж түүгээр амьдардаг төрийн байгууллагынхан салбар салбартаа цалингаа хоёр дахин нэмүүлэхийн төлөө тэмцээд эхэллээ. Ямар ч байсан цалингийн доод хэмжээг дахиад дээш нь нэмэх бололтой. Төрөөс явуулдаг ийм балмад алхамд ченжүүд, хувийн хэвшлийнхэн одоо цочирдохоо болиод мутацид орчихсон. Цалин нэмэхээр ченжүүд юмныхаа үнийг зүгээр сургаар нь өсгөөд тавьчихна. Хувийн компаниуд цалингийн доод хэмжээг төд болго гэнгүүт яг тэр хэмжээгээр нь ажилчдаа цомхотгоод л гүйцээ ш тээ. Цалинг хоёр дахин нэм гэвэл зуун хүнтэй байгууллагаас тавин хүн гудманд гарч гуйлгачин болно. Хариуцлагыг нь их шийдвэр гаргаж мэддэгээрээ тэр төр засаг нь үүрч тэжээх юм байгаа биз.
Учир утгагүйгээр хүмүүст зүгээр мөнгө өгөх, орилсон дууны чанга сулаас хамаарч цалин цаваг нэмэхийн цаад ач холбогдол харагдахгүй байна. Ажил хийдэг хүнийг л ад үзээд байх юм. "Ажлаа сайн хийгээд байвал ажлаа сайн хийнэ ш тээ" гэдэг жоготой онигоо байдаг. Хөдөлмөрлөж байгаа эсэхийг нь анзаарахгүй мөнгө цацаж барах юм уу. Тоонд хүртэл хязгаар бий.
Одоо энэ ажилгүй нөхөрт мөнгө өгөхдөө хүртэл гудамж цэвэрлүүлж, хашаандаа мод тариулж, ядаж өөрт нь хэрэгтэй юм хийлгүүлсний дараа хишиг буянаа хайрладаг баймаарсан. Төрийн үйлчилгээний ажилчдыг ажлын зургаан өдөртэй болгоод цалинг нь нэмэхгүй юу. Хагас сайн өдөр яагаад хүүхдэд хичээл зааж, эмнэлэг онгойж болохгүй гэж.
Нийгмээс зүгээр халамж хүртдэг тийм давхарга улс орон бүрт бий. Үүнд бүрмөсөн устаж байгаа жижиг ястан үндэстэн, өрөөл татанхай бологсод, эхнээсээ бусдын дэмээр амьдрахаас өөр гарцгүй болсон тийм хүмүүс багтдаг. Нийгмийн эрүүл саруул хэсэг нь ажил төрөл эрхэлж бусдыгаа өөд татан улс орноо дам хэлбэрээр хөгжүүлдэг байсаар атал манай төр засаг тэрний эсрэг байр суурь баримталж сая саяар амлагаа хийсээр байна.
Мичид
bayraa
Zochin
bymba
bymba
Зочин
hun
hun
sanal 1
Зочин
Зочин
UNSHIGCH
Зочин
hn
Зочин
Зочин
Ìàø çºâ
erty
Зочин
Зочин
Öýðìàà
alt
xen ch bish sogoos
Orgon tumen olon
MGL
Зочин
Зочин
ЗОЧИН
Зочин
Марат
Зочин