Хувь хүн өөрийгөө хамгаалах зөнгөөр бусдыг хардах, алив үйлдлийг өөрийнх нь эсрэг хандсан эсэхийг нягтлах дадалтай байдаг. Энэ нь хэтрээд хавьтсан ойртсоноо үндэслэлтэй болон үндэслэлгүйгээр сэжиглэдэг хүнийг хартай гэдэг. Цаашилахаараа өвчин болно. Үүнийг анагаах ухаанд параной гэж нэрлэдэг. Энэ нь шизофрени өвчний нэг төрөл юм. Параной өвчин нь өөрт тохиолдож буй золгүй явдал зовлонгийн цаад эзэнийг амархан олдог, шууд буруутгадаг, ямар нэг өө сэвийг эрж хайлгүйгээр шулуухан оношлодог.

    Энэ өвчин аль ч нийгэмд элбэг тохиолдоно. Хувь хүний анализ хийх чадвар нийгмийнхээс хавьгүй илүү, эрүү саруул байдаг учраас нийгмийн параной илүү хүчтэй, түгээмэл. Энэ нь хувь хүн алив үйлдэлдээ өөрөө шууд хариуцлага хүлээдэг бол нийгмийн сүрэг хамтын хариуцлага хүлээдэг, өөрөөр хэлбэл хэн нь ч хариуцлага хүлээдэггүйтэй холбоотой гэж сэтгэл судлаачид тайлбарладаг ажгуу. Түүнээс гадна нийгэм паранойд автахдаа хувь хүнээс хавьгүй амар, тэгээд ч илүүтэй хийрхүү байдаг аж. Өөрөө хэлбэл тохиолдож буй зовлонгийн цаад эзэнг олоход нийгэм хамаагүй илүү үнэмшимтгэй байдаг гэнэ.

    Нийгмийн параной өөр үндэстэн, өөр шашинтан, өөрөөр сэтгэгчид, нийгмийн тодорхой давхрага руу илүүтэй чиглэн, хардсан буруутгасан шинжтэй байх нь олонтой. Голдуу хардагч этгээдээ байгалийн бус хүчтэй, ороолон шуламтай орооцолдсон, эсвэл хуйвалдаж төлөвлөсөн хорон санаатай мэтээр тайлбарлах явдал маш элбэг. Тодорхой хувь хүнийг, нийгмийн бүлгийг, үндэстнийг хорлох санаа агуулж урт удаан хугацааны турш маш нарийн аргаар үйл ажиллагаа явуулж байдаг дайсан этгээдийн тухай энэхүү хийсвэр санааг “Хуйвалдааны онол” ч гэж нэрлэдэг. Нийгмийн сэтгэл зүйгээр тоглож “хуйвалдааны онол” зохиох талаар мэргэшсэн хувь хүмүүс, тодорхой бүлэг түүхийн турш байсаар иржээ. Түүхэнд хамгийн их тэмдэглэгдсэн хуйвалдааны онол жүүд үндэстний эсрэг чиглэсэн байлаа. Энэ нь нэн эртний улбаатай. Дундад зууны үед Европт дэгдсэн хар тахалын эзэн нь жүүдүүд гэсэн хуйвалдааны онол маш түгээмэл байсан. Тэд энэ тахалыг анхлан бодож олж улмаар өөрснөө маш сэмээр нийгэмд тархаан нийт европчуудыг устгах төлөвлөгөөтэй байсан тухай тун олон янзын хувилбар бий. Шинжлэх ухаан хөгжсөн өнөө үед тухайн тахалын цаад эзэн нь вирус, тархаагч нь харх, шалтгаан нь өрнө дорныг холбосон наймаа худалдаа өргөжсөн болохыг тайлсан, харин дундад зуунд жүүд нарын хуйвалдааны онолд хүн болгон ягштлаа үнэмшиж байсан гэдэг.

    Өнөөгийн хүмүүс ийм гэнэн тайлбарт итгэхээргзй төвшиндөө хүрсэн боловч жүүдүүд юутай ч гэсэн хуйвалдаж л таараа гэсэн хуйвалдааны паранойтой хэвээр аж. Үүний нэг тод илрэл нь удахгүй монголоор хэвлэгдэн гарах гэж байгаа Николас Хаггэр гэгчийн бичсэн “Синдикат” хэмээх зохиол болой. Хаггэрийнхаар энэ дэлхийг жүүдийн хуйвалдаанчид удирдаж байдаг бололтой. Дэлхийн дайн, энд тэнд гарч буй мөргөлдөөн, террорист халдлага, эдийн засгийн хямрал зэргийг жүүдийн жижиг бүлэг урьдаас зохион төлөвлөж хийдэг аж. Ийм ажил хийж дэлхийн хувь заяаг жолоодож байдаг тусгай бүлэг энэ хорвоогийн өнцөг булан бүрийг хамарсан хяналтын сүлжээтэй гэнэ. Хаггэр үүнийгээ батлахын тулд сүүлийн нэг хоёр зуун жилд болсон томоохон үйл явдлуудын факт баримтыг ашиглан маш үнэмшилтэйгээр тайлбарласан байна. Уншихад маш сонирхолтой, хялбар үнэмшигдэнэ. Ингээд уншигч өөрийгөө хэрхэн хэн нэгнээр хөтлүүлж яваа, өөрийнх нь хувь заяа огт танихгүй нэгнээр удирдуулж байгаа, хувь заяа нь хэрхэн гунигтай байгааг олж мэдэн үнэмшээд эрхгүй зэвүүцэл төрөм.

    Хуйвалдааны онолыг маш сайн үнэмшим тодорхойлсон хүний нэг бол Карл Маркс. Хүн төрлөхтөнд тохиолдож буй хамаг гай барцад бол хөрөнгө, хөрөнгийг эзэмшигч баян хүмүүс гэсэн үзэл түүний хар залууд тархинд нь шингэжээ. Аугаа том сартваахи болох Маркс гайхамшигт оюунаа чухам өөрийнх нь итгэл үнэмшил болсон энэхүү хуйвалдааны онолоо батлахаад зориулсан юм. Түүний “Капитал” зохиолын ХХVII бүлгийг батлахын тулд тэрээр капиталист нийгэмд маш том анализ хийсэн байдаг. Тэрээр тохиолдлыг түгээмэл болгож харуулах, санамсаргүйг санаатай болгох, золгүй явдлыг хуйвалдаан болгон дэлгэхийн тулд баримт материалыг маш сайн ухаж ашигласан байдаг. Жишээ нь тухайн үед уурын тэрэг буй болсноор тээвэрт үндсэн эргэлт болон нийгмийн дэвшил сүрхий урагшилсан боловч Марксын цуглуулсан баримтаас үзэх ахул аваар осол улам ихсэж хүн үхэх явдал галзуу хурдаар тэлж байгаа болоод явчихана. Үүндээ тэрээр аль муу баримтыг зориудаар цуглуулсан. Гэхдээ үнэн баримт. Суурь машин тоног төхөөрөмж эвддэг зарим гайхлыг хөрөнгийн эзэн, хууль сахиулах байгууллагаас арга хэмжээ авах нь энгийн явдал боловч үүнийг Маркс баримтанд түшиглэн статистикийг нь гаргаж ирээд ажилчин анги хөрөнгөтнийг улам бүр жигшин тэмцдэг болж байгаа байдлаар харуулж чадсан. Капитализмын дотоод механизм дээр тэрээр гайхамшигтай судалгаа анализ хийж чадсан боловч энэ бүхнээ капитализмыг буруутгах, мөхөл нь зайлшгүй болохыг нотлоход л ашиглажээ.

    Коммунизмын үед ялангуяа Зөвлөлт, Хятад, Куба, Зүүн Германы үзэл сурталчид хуйвалдааны онолын тэргүүний зохиогчид дэлгэрүүлэгчид байлаа. Наяад оны үед ДОХ хэмээх тахал гарахад үүний буруутныг тун амархан илрүүлсэн явдал бол нэг л жишээ. Сүүлд тодорхой болсноор ДОХ-ыг анх Америкийн нэг лабораторид гаргаж аван туршиж байгаад алдсан тухай домог зохиогоод Энэтхэгийн “Рипаблик” хэмээх англиар гардаг жижиг сонинд аргалаад хэвлүүлжээ. Дараа нь үүнийгээ ишлэн үнэн мэт болгов. Зүүн Германы нэгэн алдартай биологич үүнийг нь шинжлэх ухааны аргаар “батлав”. Дараа нь Зөвлөлтийн нийгмийн эрдэмтэд энэ бүхнийг бүр хөдөлшгүй нотолгоо болгоод америкчууд болон ерөөс капиталист нийгэм хүн төрлөхтөнд аюул учруулж байгааг онолын төвшинд батлаад үүнийгээ капитализмын мөн чанартай холбон тайлбарлав.

    Дэлхийн хоёрдахь том эдийн засаг байсан Зөвлөлт гүрэн мөхснөөр ядуу Орос орон үлдлээ. Үүнд буруутан хэрэгтэй. Хэрэв та Оросын зурагт үздэг бол гол сувгаар нь “Однако” хэмээх аналитик программ хөтөлдөг Михаил Леонтьев гэгчийг таних байх. Орос орон даяар хамгийн алдарт хүрсэн бүхний үздэг энэ программын гол сэдэв нь Орос орныг унагахаар өрнийхөн, тэр дундаа америкчууд хэрхэн чармайж хуйвалдаж байгаа тухай байдаг. Нийгмийг параной руу уруу татаж байгаа нь тэр. Тэрээр тийм ч мангар юм ярихгүй. Нэлээд сайн тоо баримттай цаанаа учир шалтгаантай, түүхийн утга учиртай яриа хөврүүлнэ. Гэхдээ эцсийн гол бай нь америкчууд Орос орныг унагаж байгалийн баялагийг нь тонохоор зэхэж байна!

Сүүлийн үед Орост маш нэрд гарч байгаа аналитикч бол Николай Стариков гэгч залуу. Мэдээж одоо Оросын коммунизмыг магтаад хэрэггүй, харин тэдэнд Орос орныг сүйрүүлэх цаад зорилго бүхий хуйвалдааны онол боловсруулсан нь өдгөө илүү үнэмшилтэй. “Оросын сүйрлийг хэн санхүүжүүлж байна?” гэдэг номдоо Оросын эзэнт гүрнийг онолын хувьд ганхуулж эхэлсэн хүмүүс нь Добровольский, Герцен, Чернышевский, Чаадаев нар болоод явчихлаа. Тухайн үедээ чөлөөт ардчилсан нийгэм бүхий баруун Европтой хамжлагын бүдүүлэг Оросыг харьцуулан шүүмжилж байсан нь тэднийг англи францын тагнуул гэх зэмлэлд хүргэжээ. “Иргэний дайнд улаантнууд ялахад хэн туслав?” гэсэн бэстсэллэр номдоо Октябрын хувьсгалыг англи америкчууд удирдан хийсэн болохыг дурайтал нотолжээ. Мэдээж Орос орныг сүйрүүлэхийн тулд. Большевикуудыг германчууд санхүүжүүлсэн үнэн баримт бий. Германтай байлдаж байсан америкчууд Мурманск Архангельскийг хамгаалж байсан баримт харин бүр англосаксонууд октябрийн эргэлтийг санхүүжүүлсэн зэмд орох юм гэж хэн бодох билээ? Стариков бүр гаараад “Английн тагнуул Гитлер” номдоо Гитлерийг Орос руу довтлуулахын тулд англичууд Гитлерийг анх зохиож бодон төрийн эрхэнд гаргаж ирээд Орос руу 1941 онд тухиран дайруулсан болоод явчихлаа. Хэн нэгэн солиорч параной өвчтэй болж болно л доо. Хамаг учир нь энэ этгээд нийгмээ параной руу уруу амжилттай уруу татаж чадаж байгаа юм. Хүчирхэг нь алдагдсан орос хүмүүсийн нийгэмд ийм тайлбар үнэнхүү таалагдаж нийгмээрээ шүдээ хавиран “өөрийгөө хамгаалахад” бэлэн болж буй нь жинхэнэ эмгэнэл дээ. Чухам ийм паранойноос дэлхийг хамарсан хямрал, дайн, сүйрэл эхэлдэг. Жүүдийн талаархи ийм солиоролд автсан германчууд Гитлерийн үгэнд үнэмшин дэлхийг түймэрдэж байсан.

Дэлхийн эдийн засгийг тогтвортой байлгах, ингэснээр дайн болон хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд Олон улсын валютийн сан, Дэлхийн банк зэргийг II дайны дараа байгуулсан билээ. Эдийн засаг өнөөгийн нэгдмэл дэлхийд аль нэг газраа цөм үсрэх нь эргээд хямралын гол үндэс болдог, тэр нь бүс нутгийн болоод бүхий л хорвоог хамарсан хямрал дайнд хүргэдгийг бие дээрээ мэдэрсний үндсэн дээр гаргасан ухаалаг шийдвэр мөн. Гэвч эдгээр олон улсын байгууллагыг баян орнууд ядуугаа шулж дээрэмдэхийн тулд байгуулсан, тэгэж ч чадаж байгаа мэтээр баримтад түшиглэж бичсэн ном зохиол үй түм бий. Иймэрхүү “нээлт” нийгмийн ухамсар дээгүүр улс оронд төдийлөн нөлөөлдөггүй боловч хуйвалдааны онолд өртөмхий ухамсар дорой нийгмүүдэд бөөн хардлага төрүүлэн бужигнаан үүсгэдэг. Энэхүү хуйвалдааны онолд түшиглэн бодлогоо явуулж сүйрсэн Ази, Латин Америк, Африкийн олон хоцрогдсон орон бий. Хуйвалдааны онолоор өвч зэвсэглэсэн нэг Тарзан төрийн эрхэнд гарахад л улс орон нь түүний хэт хайр, эх орноо аврах гэсэн хардлагаас болж нөхөж баршгүй хохиролд орж байсан. Хоцрогдсон орны төрийн бодлого институтаас биш хувь хүнээс хамаардаг болохоор хуйвалдааны онолыг шүтсэн нэгэн улс орноо сүйрүүлэх бүрэн бололцоотой.

“Хямралыг хэрхэн буй болгодог вэ?” гэсэн нэг шуугиан тарьсан ном саяхан гарсан. Хямралын эзэн нь Америкийн Холбооны нөөцийн газар ба тэд хямралыг зориуд зохион байгуулаад тэндээсээ асар их ашиг олдог гэнэ. Америкчууд 100 долларын дэвсгэртийг 20 центийн өртгөөр хэвлээд л түүгээрээ дэлхийн баялагийг худалдаад авчихдаг аж. Өөрөөр хэлбэл америкчууд юу ч хийдэггүй, зүгээр л доллар хэвлээд л тэрүүгээрээ дэлхийг хууран мэхэлж худалдаж аваад шулж суудаг аж. Жон Пэркинс гэгчийн бичсэн “Эдийн засгийн алуурчны өчил” хэмээх параной ном Орост их алдаршин сурах бичиг болж байгаа ба мөн саяхан манайхан ямар ч зөвшөөрөлгүйгээр хууль бусаар орчуулан хэвлүүлж алдаршуулаад эхэллээ. Улс орныг америкчууд өрөнд оруулдаг цаад муухай хуйвалдааныг илчилсэн энэхүү хуйвалдааны онолын бүтээл Венесүэль, Панамыг хэрхэн америкчууд сүйрүүлсэн тухай тууривжээ. Хуйвалдааны онол ёсоор энэ муухай юмыг санаачлан хэрэгжүүлдэг институци, бүлэг, төр байдаг ба түүний төлөөлөгч нэгэн шудрага эр гэнэт сэхээрэн хамаг үнэнийг илчилсэн бололтой. Үнэндээ Панам Норьегагаас болж, Венесүэль Уго Чааваасаас болж л чааваас болох нигуртай баймаар. Энэ ном мэдээж хөдөлшгүй үнэн баримт, тоо бүртгэл, түүхэн үнэнээр бүрэн зэвсэглэсэн байгаа. Чухам ингэж байж хуйвалдааны онол олон нийтэд хүрч чаддаг ном журамтай юм. Харин энэ бүхнээ Маркс маягаар тун чадварлаг хольж солин авъяаслаг илбэчин лугаа адил үзүүлбэр хийж үнэмшим дүгнэлтэд хүрэх ёстой, ийм ч журам логиктой билээ.

Хуйвалдааны онол юун түрүүн улс төрд ашиглагддаг. Төрийн эрх мэдлээ хадгалахын тулд нэг хэсэг эрх баригчид хуйвалдааны онолыг төрөл бүрээр нь зохион дэлгэрүүлж байдаг бол мартагдсан, олон нийтэд үл тоогдсон, эрх мэдлээсээ салсан улс төрчид засгийн эрхэнд гарахын тулд хуйвалдааны онолын хөгжүүлэгчид байдаг. Мао, Ленин, Муссолини, Гитлер нар хуйвалдааны онолын хүчээр л төрийн эрхэнд гарцгаасан. Өнөөгийн ядуу буурай орнуудын удирдагчид бараг толгой дараалан өөрийн ард түмэндээ таарсан хуйвалдааны онолын хүчээр эрх мэдэлд хүрсэн ба дараагийн шинэ онолын хүчээр эрх мэдлээ хадгалсаар байгаа билээ. Хувь заяаны шоглоомоор аюул заналын тухай хуйвалдааны онол ярьсаар байгаад эрх мэдэлд очсоны дараа чухам тэр удирдагчид өөрснөө аюул занал мөхөл сүйрлийг дуудан авчирдаг ажгуу.

Хүний нийгэм бол тэр бүр удирдлагын системд автаад байдаггүй, ялангуяа чөлөөт нийгэм ийм төлөвлөгдсөн зохион байгуулалтад ордоггүй маш төвөгтэй хамтлаг билээ. Хорон санаатан, сайн үйлстэн, хуйвалдагчид, мөрөөрөө гэлдрэгсэд аль ч нийгэмд олон бий. Үүгээрээ хүний нийгэм баян. Алдаа эндэгдэл, тохиолдол, золгүй явдал, зовлон бэрхшээл болгоныг зүй зохицол, төлөвлөгөөт ажиллагаа, зориудын үйлдэл, хорон санааны илрэл гэх мэтээр хуйвалдааны онолоор тайлбарлаад байвал энэ нь алив нийгмийн болон байгалийн үзэгдэлд шүүмжлэлттэй хандаж чаддаггүй хялбаршуулсан тархинд мэргэн тусдаг аж. Чухам үүнийг ажигласан онолчид нийгмийг өөрийн зорилгод ашиглахын тулд зориудаар ийм юм зохиож суудаг ажгуу. Ердийн сэнсаац тарих, өөрийгөө ухаантай болгож харагдуулах гэсэн зорилго ч цаад мөн чанараараа ижил агуулгатай бус уу. Үнэхээр ч 7 тэрбум гишүүдээс бүрдсэн, даяаршиж хавтгайрсан, нээлттэй өнөөгийн ертөнцөд хуйвалдааны онол бодитоор оршин тогтнох бололцоогүй юм. Энэ нь зөвхөн хялбар бүтэцтэй тархи, ухамсар дорой нийгмийг тодорхой зорилгод ашиглахын тулд л өргөн хэрэглэх болсон нэг төрлийн хялбар аргачлал билээ. Хуйвалдааны онол бараг л хүний нийгэмтэй хамт буй болоо биз, өдгөө шинжлэх ухаанжсан ертөнцөд цаад тайлбар гаргалгаа нь маш нарийн ухаалаг болсон ч гэсэн эцсийн зорилго нь хэвээр л...

2010.3.29