Энэ 7 хоногт
“Гэгээн муза” өөр, өнгөлөг боллоо
Драмын урлагийн оны шилдэг бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулан урамшуулах “Гэгээн муза” наадмын эргэн тойрон дахь сонин сайхны дотроос үзэгчдийн хамгийн ихээр сонирхдог нь жүжигчдийн хувцас, гоёл байдаг гэхэд болно.
Драмын урлагийн оны шилдэг бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулан урамшуулах “Гэгээн муза” наадмын эргэн тойрон дахь сонин сайхны дотроос үзэгчдийн хамгийн ихээр сонирхдог нь жүжигчдийн хувцас, гоёл байдаг гэхэд болно.
Хэдэн жилийн өмнө улаан хивсний ёслолд ирсэн жүжигчид “Би тэр брэндээр ингэж гоёлоо, тэдэн төгрөг зарлаа” гээд зогсч байдаг байсан бол энэ жил харин бүгд эх орны үйлдвэрийн гутал, хувцас, үндэсний загварын компаниудын бүтээгдэхүүн болсон хувцас даашинз, гутлаар гоёсон нь онцгой шийдэл байлаа. Зөвхөн үүнийх нь төлөө тэдэнд баяр хүргэсэн ч болохоор. Ингээд хэн ямар хувцас өмсч, юугаар гоёсон байсан талаар товч хүргэе.
Тус театрынхнаас олны анхаарлын төвд байнга байдаг жүжигчин бол Уранчимэг. Польшоос захиалж авчруулсан гоёлын чулуугаа хүзүүндээ зүүсэнгүй, харин хувцсандаа шигтгэж гоёсон тэрбээр энэ үдшийн шигтгээ байлаа хэмээн үзэгчид ярьж байсан. Уранчимэг энэ удаа хоёр номинацд нэр дэвшсэн. Хөгжимт жүжгийн төрөлд “Парисийн дарь эхийн сүм” жүжгийн Эсмиральдо, драмын төрөлд “Би эр хүнд хайртай” жүжгийн Ундармаагийн дүрээр нэр дэвшсэн юм. Түүний хувцсыг нь загварын “Эксклюзив” товчооныхон урласан гэнэ.
УДЭТ-ын жүжигчин Г.Урнаа монгол үндэснийхээ хувцсаар гоёжээ. Тэрбээр дизайнер Алтанцэцэгийн урласан хувцас өмсч, театрын бүх хүүхнүүд ярилцан тохиролцон ёсоор бас л болор чулуугаар гангарч ирсэн байв.
“Би эр хүнд хайртай” жүжгийнхээ дүрээр нэр дэвшсэн, ардын жүжигчин Жамсранжавын охин Ж.Оюундарь энэ үдэшт зориулсан хувцсыг “Видал” салоноор хийлгэснээ ярьж байлаа. Мөн л болор чулуугаар гоёж.
Эрэгтэй жүжигчдээс олны анхааралд илүү өртдөг нь жүжигчин Г.Эрдэнэбилэг. Тэрбээр “Парисийн Дарь эхийн сүм” жүжгийн ламын дүрээр нэр дэвшсэн бөгөөд зөвхөн монгол залуусын урласан хувцсыг өмслөө хэмээн ам дүүрэн мэдэгдэж байсан юм. “Шилмэл загвар” компанийн загвар зохион бүтээгч Өнөболорын бүтээсэн хувцсаар гоёсон бол “Шик” салоны загвар зохион бүтээгч Гэрэлийн урласан гутал өмсчээ.
Хятадын зохиолч Цо Юүгийн “Аянгын бороо” жүжгийн эцгийн дүрд тоглосноороо шилдэг эрэгтэй дүрд нэр дэвшсэн төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар энэ үдэш “Би монгол хувцсандаа хайртай” хэмээн тунхаглаж байсан. Гоёлыг нь “Монгол костюмс”-ийнхан бэлтгэж өгсөн байна.
“Аянгын бороо” жүжгээрээ “Шилдэг эмэгтэй гол дүр” номинацд дэвшсэн жүжигчин И.Одончимэг “Шилмэл загвар” товчооны хувцсаар гангарч, мөн болор чулуун зүүлтээр гоёж иржээ.
“Аянгын бороо” жүжгээ наадамд сойсон найруулагч Ч.Найдандорж театрын их баяртаа зориулан “Эрдэнэт сүлжээ” компанийн оёдолчдоор сайхан дээл хувцас хийлгэсэн байлаа.
Харин ардын жүжигчин, төрийн соёрхолт Н.Сувдын гоёлыг бол “Монгол костюмс” төвийн дизайнер Болороо хийж өгчээ.
Ийн Монголын драмын урлагийн өнөө цагийн өнгийг тодорхойлогч жүжигчид маань олон улсын театрын баярын өдөрт зориулсан драмын урлагийн оны шилдэг бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулан урамшуулах “Гэгээн муза” наадамдаа иймэрхүү дүр, өнгө төрхтэй оролцлоо.