Л.Мөнхбаясгалан : Энэ чинь ирж яваа цаг шүү дээ
-“Ярилцъя” буландаа мэргэжил нэгт нөхдөөсөө урилгүй уджээ. Тэгээд таныг шинэ сонин байгуулаад нэн удаагүй энэ үед баяр хүргэж, нэг тогоонд буцалж яваа хүний хувьд санаа бодлоос тань хуваалцъя гэж бодсон юм ?
Сэтгүүлч Б.Ганчимэг
-“Ярилцъя” буландаа мэргэжил нэгт нөхдөөсөө урилгүй уджээ. Тэгээд таныг шинэ сонин байгуулаад нэн удаагүй энэ үед баяр хүргэж, нэг тогоонд буцалж яваа хүний хувьд санаа бодлоос тань хуваалцъя гэж бодсон юм ?
-Маш их баярлалаа. Таны “Ярилцъя”-д уригдсандаа маш их баяртай байна. Учир нь “Ярилцъя” булан бол хүмүүсийн зиндааг тодорхойлж, үргэлж анхаарлын төвд байдаг индэр шүү дээ. Хоёрдугаарт, би өнөөдөр Б.Ганчимэг гэдэг сэтгүүлчийн ярилцлагаа хийдэг тэр арга технологитой танилцах гэж байгаадаа олзуурхаж байна.
-Би уг нь судлуулах биш судлах л гэж зочноороо урьсан юмсан?
-Харин тийм. (инээв) Гэхдээ энэ надад үнэхээр сайхан байнаа.
-Мөнхбаясгаланг “Сэрүүлэг” сониноос эхэлж бид мэднэ. Яагаад энэ адармаатай, хэцүү мэргэжлийг сонгосон юм бэ. Энэ уг нь тийм ч сонирхолтой асуулт биш л дээ. Гэхдээ таны хувьд сонирхолтой байна?
-Сэтгүүлч болох багын маань мөрөөдөл байсан гэж хэлмээр байвч энэ бас сонирхолгүй хариулт болох болов уу. Гэхдээ хүсч байсан. Бүр маш ихээр хүсч байсан. Сэтгүүлч болохоор замнасан миний замнал гэвч амар байгаагүй. Миний явж ирсэн зам маш хэцүү, дэндүү гэмээр адармаатай. МУИС-ийн сэтгүүл зүйн ангид шалгалт өгсөн. Харин тэр үед чинь тоогоор авдаг байсан шүү дээ, би яаж тоо бодож чадах юм, тэгээд унаж л байсан. Цэвэрлэгч хийсэн, өлгүүрт ажиллаж байсан . Би их азтай хүн. Өөрийнхөө хоббиг мэргэжлээ болгож авч чадсан. Тэгээд Хэвлэлийн хүрээлэн төгсчихөөд “Сэрүүлэг” сониноос анх гараагаа эхэлж байлаа. Гэхдээ би тэрнээс өмнө “Ил товчоо”-д юм бичдэг байсан ш дээ. Монгол бичгээр гардаг “Могжоохон” гээд нэг хүүхдийн сонинд бас юм бичдэг л байсан. Яах аргагүй төлөвших гарааны зурхай маань “Сэрүүлэг” сонинтой байлаа. Тэнд байсан он жилүүд маань сэтгүүлч хүн ямар байх ёстой юм, яаж мэдээ материалыг олох вэ гэдгийн дөнгөж зах зухаас нь л амтлаад өнгөрсөн. Харин ертөнцийг үзэх үзэл маань төлөвшиж, байр сууриа олж ямар үзэл бодолтой байх ямархуу сэтгүүлч байх вэ улмаар цаашид яаж ажиллах вэ гээд хамгийн чухал алтан үе маань “Өдрийн сонин”-той холбоотой. “Өдрийн сонин”-д ирсэн цагаас л миний жинхэнэ сэтгүүлч болох үе маань эхэлсэн.
- “Сэрүүлэг”-ийн анхны үетэй хэдэн эмэгтэй сэтгүүлчийн нэр салшгүй холбогддог. Одоо тэд бүгдээрээ өдөр тутмын сонинд ажиллаж байгаа. Яагаад ч юм насан туршдаа долоо хоног тутмын чөлөөт хэвлэлд ажиллаж байгаа хүн их ховор. Бүгд л өөрсдийн зам мөрийг хөөдөг. Өдөр тутмын сонин сэтгүүлч хүний хүчээ сорих маш том талбар болохоор өөрийн эрхгүй энэ рүү зүглэдэг байх. Үүний учрыг та яаж хардаг вэ?
-Ерөөсөө сэтгүүлч хэвээрээ л байхыг хүсч байвал, мэргэжлийн сэтгүүл зүйд хүчээ соръё гэж бодож л байгаа бол яах аргагүй өдөр тутмын сонины тогоонд орж, тэр мундаг сэтгүүлчидтэй өрсөлдөж, тэднээс сурч ажиллах ёстой л гэж би боддог. Тэгэхдээ миний ажиллаж байх тухайн үед бол шар сонинууд сайн ажиллаж байсан үе шүү. Үнэхээр чөлөөт хэвлэлүүдийн үүргийг гүйцэтгэж байсан. Гэхдээ л долоо хоног тутмын сонинд байна гэдэг үгүй ядаж мэдээллээс хоцроод байдаг байхгүй юу. Дээр нь мэргэжлийн чиг хандлага байхгүй. Дур зоргоороо үйл ажиллагаа явуулдаг болж хувирдаг. Тийм учраас яг мэргэжлийн сэтгүүлч болъё, “Би сэтгүүлч” гэж ам бардам хэлье чин сэтгэлээсээ хүсч байгаа бол өдөр тутмын сонинд орж ирж л үзэлцэх хэрэгтэй.
-Нэг хэсэг “Эргүүлэг” гэж сонин гаргаж байсан. Харин яагаад больчихсон бэ?
-“Сэрүүлэг”-ээс гарах тэр үед надад хүүхдийн гэмээр нэг тийм давилуун зан байсан юм уу даа. Сониноосоо гарчихаад би юу хийж чаддагаа заавал харуулна гэсэг тийм гэнэн ч юмуу бодол байсан юм аа. “Эргүүлэг” сонинг гаргаж байхдаа би сонин хийж чадна гэж л зүтгэж байсан. Өөртөө аягүй их итгэлтэй байсан л даа. Тэр сонинг би хоёр жил гаран гаргасан ш дээ. Тэгээд үнэхээр мэргэжлийн сэтгүүл зүй гэдэг юмыг амсаагүй хүн сонин гаргаж чадахгүй юм байна гэдгийг ойлгосон. Бас тухайн үед би хувийн амьдралдаа өөрчлөлт хийх шаардлагатай байсан. Хүнтэй суух, хүүхэд гаргах, эх хүн болж хүний хань болж үзэх ёстой тийм шаардлага надад байсан. Яг хүссэн үедээ би ханьтайгаа учирч, хүүхэд гаргасан. Тэгээд л би зүв зүгээр явж байсан “Эргүүлэг” сониноо нэг өдөр хаагаад л, компьютеруудаа ажилчиддаа хувааж өгөөд л, өрөөгөө түгжээд харуулд нь хүлээлгэж өгөөд яваад өгсөн. Тэр үед би бүр сэтгүүл зүйгээс тэр чигээрээ гаръя гэж бодож байсан. Тэгээд чадахгүй юм байна лээ. Энд тэнд явж байхад сонин зарж байгаа цэгүүд дээр очиж зогсоод л, санаа алдаад л, сонинуудыг хараад л, орой телевиз үзээд энийг ингэж бичих юмсан гэж шаналаад л хүнд байсан. Гэртээ компьютертаа зөндөө олон юм бичээд тэрийгээ хааш нь өгч, яаж гаргах эвээ ч олохгүй байгаад байсан. Яг хоёр жил тэгж шаналсан. Тэгээд л нэг өдөр тэсрээд л мэргэжлээрээ ажиллах нь зүйтэй юм байна гэж шийдэж байлаа. Ингээд “Өдрийн сонин”-ийг сонгосон. “Өдрийн сонин”-ы гал тогоо л намайг яах аргагүй өдөр тутмын сонины хүн болгосон доо. Мэргэжлийн сэтгүүл зүй юу гэж юу байдаг гэдгийг би тэнд л сурсан.
-Одоо шинэ сонин эрхлээд явж байна. Хүн удирдах ямар байна. Зөвхөн өөрийнхөө ажлыг хийгээд явах, бусдыг даргалах хоёр бол хоёр өөр ойлголт шүү дээ?
-Өмнө нь бол дандаа ганцаарчилсан тоглолт хийдэг байсан. Тэгээд л өөрийнхөө юмыг биччихээд л гараад гүйчихдэг. Хүн баяр хүргэхээр баярлаад хөөрөөд л... Одоо бол өөр. Намайг ингэж хэлэхээр томорч байна л гэж бодох байх даа. Яг үнэндээ би нэг нийтлэлийн төлөө магтуулж, хүмүүсээс талархал сонсоод ханасан. Ханадаг юм билээ. Зөвхөн өөрөө тэгээд яваад байх утгагүй болчихсон. Үйл ажиллагаагаа өсгөе, багаар ажиллая гэж шийдсэн. Одоо бол нэг төгрөг олсон ч тэрийг хорин хэд хуваах хэрэгтэй болж байна. Үүнтэй нэг адил баяр хөөр, зовлон бэрхшээл бүхнээ бас хорин хэд хуваах хэрэгтэй боллоо. Баг удирдана гэдэг бол үнэхээр хэцүү байдаг юм байна. Гэхдээ манай баг надад итгэж ирсэн хүмүүсээр бүрдсэн. Маш сайн чадварлаг сэтгүүлчид ирсэн учраас бид их дайчин явж байгаа гэж л бодож байгаа ш дээ. Нялх байна даа, сонин маань. Болоогүй л байна. Дөнгөж гараад гурван сарын нүүр үзлээ. Анхныхаа захиалгад л дөнгөж орж байна.
-“Улс төрийн тойм” гэж сониноо нэрлэсэн. Тоймчийн карьерт хүрэхэд бол дор хаяж 10-15 жил хэрэгтэй. Яасан том нэр авсан бэ. Бас авсан хүүхэд болгоноо яагаад тоймч гэж зарласан бэ?
-Тойм гэдэг бол үнэхээр том нэр. Гэхдээ бидний, миний уншигчид бол тойм хийсэн аналитик нийтэлд дуртай байдаг. Тэгэхээр би тэр зүг рүү чиглэе гэж бодсон юм. Яг тоймч болчихсон, бид нар өнөөдөр тойм хийж чадаж байна гэж би хэлэхгүй л дээ. Гэхдээ тэр зүг рүү явж байгаа нь бид нарын нэг зориг юм. Сонгосон зам юм. Монголын өнөөдрийн хэвлэлийн зах зээлд ерөөсөө л улс төрийг сонирхож уншдаг. Энэ том сонинууд бол үнэхээр бүх хүнд хүрдэг массын онинууд. Бидэнд бол одоо тийм орон зай байхгүй. Тэр хэмжээнд өрсөлдөж чадахгүй. Тийм учраас улстөрчид болон шийдвэр гаргаж байгаа төвшний хүмүүсийн уншдаг сонин хийж, тэднийг байгаагаар нь шалдалж чаддаг байх юмсан гэдэг нэг тийм залуу хүний омголон хүсэл надад байна. Тэрэндээ хүрээгүй л байгаа, хүрэхийн төлөө л явна даа. Энэ чинь ирж яваа цаг шүү дээ. За, авсан хүмүүсээс маань ерөөсөө гурван тоймч л байгаа. Хоёр хүнд тоймч гэдэг эрхийг өгсөн, өөрөө нэг нь байгаа, бусад нь бол сэтгүүлчид. Гэхдээ бид нар бүх л сэдвээр тойм хийхийг оролдож байна. Нэг л өдөр зорьсондоо хүрнэ дээ. Санаж явбал бүтдэг, сажилж явбал очдог гэдэг байх аа.
-“Өдрийн сонин” бол өрсөлдөөнөөр хахаж байдаг газар байсан. Бид бол шонхрууд гэх маягийн айхтар том амбицтай. Энэ нэг шар сониноос орж ирсэн хүүхэд хэн бэ гэх мэтийн хандлага илэрдэг л байсан байх. Том сониноос илэрдэг тэр гэгээн дарамтыг давах хэцүү байсан уу. Жишээ нь би тэр “дарамтлагчид”-ын нэлээн том төлөөлөгч нь байсан байх л даа?
-(инээв) Үнэн хэрнээ гоё асуулт байна. Үгүй яахав дээ, хүнд заавал тийм саад бэрхшээл гарч ирэх ёстой шүү дээ. Тэрийг хэрвээ давахгүй байсан бол би очихгүй байсан. Угаасаа тэр бүхнийг давж, тэр бүх зовлонг өөр дээрээ хураая л гэж сэтгүүлч болж байгаа юм чинь. “Өдрийн сонин”-д орж ирэхэд мэдээж намайг сайхан хүлээж аваагүй. Тэнд зөвхөн өрсөлдөөнөөр л байр сууриа олж авдаг. Тэрийг давахад надад хэцүү байгаагүй. Би зүгээр ажлаа л хийгээд явсан. Би юмаа л бичиж байсан. Тэр дотор яг тухайн үед би хэлчихсэн бол та нар амбицлахаар юм бол олон байсан л даа. Гэхдээ миний мөрөөдөл намайг урагш нь чирсэн. “Би яг Ганчимэг шиг сэтгүүлч болно, би яг ийм чадвартай, алдар нэртэй, ийм л сэтгүүлч болно, хүмүүс намайг бүгдээрээ хүлээн зөвшөөрнө” гэж дотроо би хатуу боддог байсан. Нөгөө дуучин Сараа Лхамаагийн ард хоолой хийгээд зогсож байхдаа “Миний үе ирнэ” гэж дотроо бодож байсан гэдэг шиг. “Мөнгөн харандаа”-д байхдаа Сараа дуучин Лхамаагийн ард хоолой хийсэн юм байна лээ. Би тэрэн шиг л миний үе ирнээ, болноо гэж боддог байсан. Харин одоо хүссэн газраа би ирсэн шүү. Тиймээ, би чадсан гэж эхний бөгөөд эцсийн удаа зоригтой хэлье.
-Миний тухай яриа энд дэмий байх аа ?
-Би үнэнээ л ярьж байна. Та үнэнээ хэлээд асууж байхад би яагаад үнэнээ ярьж болохгүй гэж. Хамгийн гол нь “Өдрийн сонин”-ы тухайн үеийн тэр гал тогоо, түүн доторх таны орон зайн тухай бүгд л мэднэ. Б.Ганчимэг гэдэг сэтгүүлчийн хажууд тэнэг л биш юм бол, мэдрэл муутай биш бол, ухаан санаа бүрэн л юм бол яг тэр чигээрээ, байсан байрандаа, жижгээрээ үлдэнэ гэж байж болохгүй л юм байхгүй юу. Харамсалтай нь бусад нь яг тэр хэвээрээ үлдсэн шүү.
-“Өдрийн сонин”-д бол би дарга байсан л даа. Нөгөө Эрхүүд оюутан байлаа, энд ирээд хилчин боллоо гэдэг шиг юм хэлж байна. Миний тухайд ийм сайхан дурсамж тээж явдагт баярлалаа. Тэгэхээр манай сэтгүүл зүйг бохирдчихсон гэх нэг дүгнэлт яваад байна л даа. Бид цэвэр мэргэжил дээрээ суурилсан, авъяас билиг дээрээ суурилсан үйл ажиллагаа явуулдаг. Бор зүрхээрээ туучиж явсаар өнөөдөрт хүрлээ. Сэтгүүлчдийг элдвээр үнэлж цэгнэх, шүүх, яллах маягаар явж эхэлж байгаа тэр процессыг яаж харж байна вэ?
-Би бол энийг зүгээр л атаархаж байгаа, өөрсдөө ур чадвар, авъяас билиг, дайчин чанар нь хүрэхгүй хол хаягдсан хүмүүсийн л хийдэг, ярьдаг зүйл гэж боддог. Яагаад тэр хүн ажлаа сайн хийж байхад амьдрал нь дээшлэхгүй байх ёстой юм бэ. Ажил хийвэл ам тосдоно гэж ардын нэг сайхан үг байдаг даа. Сайн ажилласан хүний амьдрал заавал дээшлэх ёстой гэдэгт би итгэдэг. Дэлхийн нэртэй сэтгүүлчид бүгд л баян тансаг амьдарч байна. Тэрбумтан болчихсон байна. Энэ бол хамгийн шударга амьдрал гэж бодогддог. Яагаад монголчууд болохоороо л ядуу байх ёстой юм. Яагаад монголын сэтгүүлчид гуйлгачин байх ёстой гэж. Би бүгдийг тэгээс л эхэлсэн. Надад юу ч байгаагүй. Тэгээд ажлаа сайн хийгээд л явсан. Тэрнийхээ үр шимийг хүртэж байгаа. Бодит байдал бол энэ. Бусад тэр яриа хөөрөө бол зүгээр л атаархал шүү дээ.
-Сүүлийн үед нэг нэг рүүгээ дайрах хандлага гаарлаа. TV-9 телевизээр таны эсрэг дайралтууд явсан. Яагаад тань руу тэгсэн бэ?
-Миний хувьд бол анхны юм биш л дээ. Н.Энхбаярыг бичээд эхлэхээр л дайралт аягүй их гаардаг. Өмнө нь ч гэсэн намайг хоёр сонинд “Мөнхбаясгалан чиний мөнхөд баясаж явахыг чинь харна” энэ тэр гэсэн нийтлэл тавьж байсан. Сая бас TV-9-өөр миний зургийг тавьж байгаад л ярина лээ. Манай Гангаа даргыг TV-5-аар доромжлоод л байна лээ. Манай сэтгүүлчид яагаад бусдын үгэнд өртөж өөрөө өөрсдийгөө доромжлоод байгаа юм бэ. Цаана нь нөгөө хүмүүс нь инээж байгаа шүү дээ. Бүгдээрээ нэг нэгнийгээ хайрладаг л байх хэрэгтэй. Бид бүгдийн зовлон нэг. Сэтгүүлч хүн ямар их зовлонг туулдаг, яаж хүмүүст ад үзэгддэг, яаж хүмүүсийг баярлуулдаг тэр жаргал зовлонгоо бүгдээрээ мэднэ шүү дээ. Тэгсэн хэрнээ нэг нэгнийгээ ингэж байгаа нь гутамшигтай явдал. Таныг ч гэсэн элдвээр бичсэн юмыг хараад би дотроо зүрх шархирдаг байхгүй юу. Үзэг нэгтэй гэдэг шиг зовлон нэгтэй ш дээ. Бид юм бичиж баярладаг, юм бичиж уйлдаг, тэрнээсээ болоод сэтгэлээр унадаг сэтгэлийн л амьтан шүү дээ. Сэтгүүлчийг сургадаггүй. Сэтгүүлч төрдөг гэж би боддог. Тэгэхээр цаанаасаа ингэж бусдын зовлон жаргалыг зүрхэн дундуураа урсгаж, өөрийнхөө амьдралаар туулж гаргадаг ийм гоё мэргэжилтэй хүмүүс нэгнийгээ доромжилж байгаа нь гутамшигтай л санагддаг.
-Шинэ сонин байгуулахдаа санхүүгийн дэмжлэг та хаанаас авав аа. Шинэ юм болгоныг хардлага дагадаг. Тэрний сонин юм гэнэ лээ. Энэнийх юм гэнэ лээ гэсэн элдэв шошго нааж эхэлсэн байх шиг байна. Бас зарим нь маш их рекет хийж мөнгө босгож байна гэж ярих юм. Энэ талаар та хариулт өгөх үү?
-Би энэ талаар бүр нэг ярих юмсан гэж бодоод байсан юм. Надаас хүмүүс ирээд асуучихаасай гэж боддог байхгүй юу. 1997 оноос хойш би сэтгүүл зүйд явсан. Унаж босож, уруудаж өгсөж янз янзаар л явсан. Гэхдээ нэг л юманд баярлаж байна. Яагаад гэвэл үнэхээр нэр төрөө бол хийж чадсан байна. Дээрээс нь би их сайхан найз нөхөдтэй болжээ. Сайхан харилцагчидтай болжээ. Тэр хүмүүс маань өнөөдөр надад тусалж байна. Үгүй ядаж интернэт тавиулахад үнээс нь чөлөөлөөд өгдөг ч юм уу. хоёр бичгийн цаас хэрэгтэй байна гэхэд бариад ирэх хэмжээний нөхөдтэй болчихсон юм байна. Би тэрэндээ их баярлаж байгаа. Би бас их хэмжээний зээл авсан. Энэ зээлийг би нэг жилийн дотор төлж дуусгах ёстой. Энэ бол эрүүл бизнес ш дээ. Хүсэх юм бол миний зээлийн баримтыг үзэж болно. Би гэхдээ нэг юм бодож байна. Хүмүүс надад ингэж их тусалж байгаа энэ үед нь би маш хурдан сайн сонин гаргаж хөл дээрээ босч, энэ найз нөхдөөсөө юм гуйх биш тэдний партнёр болох юмсан гэж. Энэ хүмүүстэйгээ мөр зэрэгцээд хамтдаа алхах юмсан гэсэн чин хүсэл надад байна. Хэрвээ би хүн рекетлэдэг байсан бол өнөөдөр надад найз нөхөд байхгүй байх байсан шүү дээ. Аягүй л бол ажилгүй сууж байгаа шүү дээ. Гэтэл надад найз нөхөд байна. Найз нөхөд ямар үед оршин тогтнодог гээч итгэлийг нь алдаагүй үед, тэр хүний итгэлийг хугалаагүй үед л хажууд маань хамт байдаг байхгүй юу. Би найзуудаараа үнэхээр их бахархаж байгаа шүү.
-Найз нөхөд ...гэж үнэхээр сайхан ойлголт л доо?
-Жишээ нь одоо би Ганчимэг гэдэг энэ ярилцлагын мастер хүнтэй ярилцлагад нь уригдаж ороод сууж байна. Энд бид хоёрын дунд сэтгэлийн нэг нандин холбоо байнаа даа. Та надад туслах юмсан, шинэ сонин гаргаж эхэлж байгаа энэ үед нь дэмжих юмсан гэсэн чин сэтгэл гаргаж байна. Танай эрхлэгч Б.Ганболд байна. Залуу хүмүүсийг шинэ юм эхлээд явж байхад нь тулж түших юмсан гэсэн нөмөр нөөлөг гаргаж байна. Ийм гоё гоё дэмжлэгүүдийн үүднээс би өнөөдөр сонин гаргаж байгаа. Гэтэл тэрийг зарим нь заавал хараар будах гээд л байх юм даа. Би сүүлийн үед атаархал гэдэг үгийг их хэлдэг болчихоод байгаа. Гэхдээ бид харуулна. Өнөөдөр хоёр сэтгүүлч байсан ч хооронд нь муудалцуулж, хоёр бөх байвал дунд нь хов зөөж байдаг. Энийгээ болъё л доо.
-Манай Ж.Мягмарсүрэн эрхлэгч намайг анх гарч ирж байхад “сэтгүүлч бол найзгүй хүний мэргэжил шүү” гэж сургадаг байсан. Та энэ ойлголтыг яаж тайлбарлах вэ?
- Мягмарсүрэн эрхлэгчийн өөрийнх нь туулсан зам тийм байж магадгүй. Миний туулсан зам бол ондоо. Яагаад би ингэж бардам хэлж байна гэхээр яахав урвасан нөхөд бол байдаг л даа. Тэглээ гээд би тоодоггүй. Буцаад ирдэг л байхгүй юу. Хамгийн гол нь хүний итгэлийг алдахгүй байх ёстой. Тэр итгэл дээр л бүх юм тогтож байгаа гэж би боддог. Миний хувьд найз нөхөд гэж байдаг, итгэл гэж байдаг гэж хэлнэ. Би сэтгүүлчиддээ ч хэлдэг. Хүний итгэлийг л алдах юм бол энэ хорвоо чиний өөдөөс шууд нулимана шүү гэж. Хүнд нэг сайн юм хийхэд тэр хүн заавал санаж л явдаг байхгүй юу.
-Сүүлийн үед ерөнхийлөгч асан Н.Энхбаяр руу их давшиж байгаа. Яагаад ингэдэг юм бэ. Уншигчид маань намайг бөөрөнхийлөөд асуухгүй байна гэж харж магадгүй юм л даа. Нэг хүнийг л дайрч давшиж байж гарч ирсэн гэж таныг телевизийн нэвтрүүлгээр цацсан. Яагаад Н.Энхбаяр таны хувьд гол том сэдэв байдаг юм бэ?
-Н. Энхбаяр гэдэг хувь хүн рүү нь биш ээ, Энхбаяризм гэдэг том тогтолцоо руу нь хандаж байгаа байхгүй юу. Энэ тогтолцоо чинь өөрөө Энхбаяр гэдэг хүнээр илрээд байна. Ганцхан би өөртөө бодогдсон юмаа бичихгүй байгаа шүү дээ. Асар олон хүн ярьж байна. Асар олон хүн тэгж мэдэрч байна. Тэрийг л гаргаж ирээд биччихээр тэгж харагдаад байгаа байх. Жишээ нь би УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гэдэг хүн сонгуулийн дараа шоронд ороход нь маш хүчтэй өмгөөлсөн. Одоо би тэр хүнийг ахиад хүчтэй шүүмжилж байгаа. Тэр хүний хийж байгаа, тэр хүний бүрдүүлж байгаа юм өнөөдөр нийгэмд таалагдаж байна уу, үгүй юу. Зөв үү, буруу юу гэдгийг л дүгнэж гаргаж ирэхийг хичээдэг. Түүнээс биш Энхбаяртай би албан тушаал булаацалдаагүй, авгай хүүхэн булаацалдаагүй, мөнгө төгрөг булаацалдаагүй.
-Хувийн амьдралаа танилцуулж болох хэмжээнд танилцуулаач?
-Би Улаанбаатарын унаган хүүхэд мөртлөө яг хөдөө өссөн юм шиг өссөн. Би цогийн индүүгээр хувцсаа индүүддэг байсан. Би гэрийнхээ янданд үсний туузаа индүүддэг байсан. Би өвөө эмээгийн хүүхэд л дээ. Хурдны морь унаж ,даага сургадаг байсан гээд яривал их юм бий. Хөдөө тал руугаа их амьтай. Ээж аав маань зүгээр жирийн л ажилчин улс. Сониноос манай ээж Н.Энхбаярын улаан фен. Хувьсгалт намын үнэхээр хуучин кадр. Депутат ч болж явсан. Тийм л нэг жирийн айлын хүүхэд. Одоо би өөрөө хоёр хүүхэдтэй. Нөхөр маань мэргэжлийн хуульч. Сэтгүүлч хүн ар гэр нь сайн байх юм бол амжилт гаргадаг. Мэргэжлийг нь ойлгодог, хүндэлдэг нөхөр эмэгтэй сэтгүүлчид маш ховор. Би ер нь их азтай эмэгтэй шүү. Жинхэнэ эр хүнийг олоод суучихсан. Их сайн ханьтай учирсан. Ийм сайн ханьтай сэтгүүлч эмэгтэйчүүд ховор шүү дээ. Та өөрөө мэднэ.
-Нөхөр тань анх таныг өмгөөлж байсан өмгөөлөгч гэж үнэн үү?
-Үнэн.
-Гоё тохиол юм аа?
-Үнэхээр тийм шүү.
-Бидэнд чөлөөт цаг үнэхээр бага байдаг. Гэхдээ уншиж, судалж, хоцрохгүй байх том шаардлага хажуугаас шахаж байдаг. Өөртөө энэ талын бололцоог хэр олгодог вэ?
- Харин наад шаардлагыг чинь маш сайн биелүүлдэг гэж өөрийгөө боддог ш дээ. Манай гэрээр дүүрэн ном байгаа. Би яруу найрагт их дуртай. Бүх яруу найрагч, зохиолчдын ном бий. Тэгээд шинээр сүүлийн үед нээлттэй нийгэм форумаас орчуулдаг болсон, hepkoгоос орчуулсан бүх ном бий. Бүгдийг нь уншдаг. Шөнө л голчлон унших юм даа. Өдөр бол завгүй юм чинь шөнө нойроо хугаслаж уншина. Боловсролтой хүмүүстэй уулзахад би цаг хайрладаггүй. Дайсантайгаа, өөрийнхөө шүүмжилж бичдэг хүнтэйгээ ч гэсэн уулзаад нэг цаг суухад бас л юм их өөрчлөгддөг шүү. Надад өөрийгөө тоодог ганц л юм бий. Би хүний үгийг аягүй сайн сонсч хүлээж авдаг. Манай сэтгүүлч нар мэдэхгүй юмаа нуугаад асуудаггүй. Би энэ тал дээр ерөөсөө ичдэггүй. Сэтгүүлч хүн алдаж болно харин алдаагаа маш хурдан залруулах хэрэгтэй, буцаж тэр алдаатай замаараа явж болохгүй. Ажиглаад бйахад манай сэтгүүлчдэд бас нэг буруу ойлголт байна. “Өө тэр муу чинь тийм намын тэрний хүн” гээд хаячихдаг. Тэр хүний үгийг заавал сонсох ёстой. Тэр хүнийг хүндэтгэж юу ярихыг нь сонсож байх ёстой байхгүй юу. Жишээ нь миний нэг хүсэл байдаг. Н.Энхбаяртай ярилцлага хийх юм сан гэсэн.
-Санал тавьбал хүлээж авдаг шүү дээ. Санал тавиач?
-Санал ер нь би өөрөө тавиагүй юм байна. ярилцлага хийх юм сан гэж боддог. Яагаад гэвэл би тэр хүний тухай бодож байсан, тэр бүх юмаа өөрөөс нь асуумаар санагддаг . Улаан нүүрээрээ харж сууж байгаад. Тэр хүн тэгээд “Мөнхбаясгалаан чи энэн дээр худлаа бичсэн шүү. Тэр чинь ийм байхгүй юу” гээд ярьвал бүр сайн.
-Өөр чамд ярилцлага хийхийг хүсдэг ямар фигур байна?
-За, Ц.Нямдорж гуайтай ярилцлага хийх сонирхолтой байдаг. Ц.Нямдорж гуай сонин, хурц зан чанартай. Гол нь үнэн ярьдаг. Харин тэр үнэн үгийг нь тэвчиж суудаг хүмүүс ховор байх аа. Би Баабартай хоёр удаа ярилцлага хийсэн. Баабартай ярилцлага хийх юмсан гэж бас их боддог байсан. Тэрэндээ хүрч ёстой сайхан ярилцлага хийж байсан. Жишээ нь би Энхбаярыг шүүмжилдэг ч Энхбаярын хөргийг бол маш сайн бичиж чадна. Бүр магтсан хөргийг нь ч сайн бичиж чадах байх гэж боддог. Яагаад гэхээр би өөрөө юмаа биччихээд дараа нь тэрнээс гарах гарцуудыг хараад байдаг. Тэгээд бас тэр талруугаа бичих юм бол бас сонин бичигдэх юм шиг байгаа юм.
-Иргэний хөдөлгөөнийнхөн жагсаж эхэлж байгаа. Энэ хаврын жагсаалыг Мөнхбаясгалан хурцаар шүүмжилж хүлээж авсан. Хавар боллоо найзуудаа та нар мөнгөгүй болчихсон уу, ээлжит мөнгөө хийхээр жагсах гэж байна уу гэж бичсэн. Яагаад тэгсэн бэ?
-Ерөөсөө л нийгмийн захиалга тэр байсан шүү дээ. Сая эд нарын жагсаалыг ард түмэн тэгж хүчтэй дэмжсэн гэж үү. Бүх сонины тэргүүн нүүрэн дээр, бүх сонины голлох материал дээр шүүмжилж гарсан шүү дээ. Тэгэхээр цаг үе нь, нийгэм нь хүрсэн нь, сэтгүүлчид нь хүлээж авахгүй байна гэдэг чинь юуг хэлээд байна вэ.
-Тэд нараас нийгмийн сэтгэл хөрчихсөн гэж үү?
-Хөрсөн. Долоон сарын нэгнээр л хөрчихсөн л дөө. Би долоон сарын нэгэнд тэд нарыг тэгээд зугтаад явчихна гэж үнэхээр бодоогүй. Ёстой л нөгөө туг шиг байж, өмнө нь зогсож, цагдаа ирвэл буудуулж, бороохойдуулж, ганц худаг руу ачигдаж, тэндээс хүртэл тэмцэж чадна гэж би бодсон. Би тэдэнд тэр олон мянган хүний нэгэн адил итгэж байсан юм.
-Ичинноровыг би өөрийн чинь найз гэж мэднэ. Үнэхээр төсөөлж байгаагүй шийдвэр гаргалаа. Яаж хүлээж авсан бэ?
-Маш дургүй хүлээж авсан. Би Ичинноровт өөрт нь ч хэлсэн. Буруу сонголт хийчих шиг болсон.
-ИЗН-д орсон гэж би бодож байсан?
-Би бас яг тэгж бодож байсан. Тэгсэн бол нийгэмд илүү таалагдах байсан байх. Гэхдээ тэр өөрийнх нь сонголт. Хүндэтгэх хэрэгтэй.
-Мөнхбаясгалангийн бичиж байгаа нийтэлүүдийг одоогийн ерөнхий сайдтай их холбодог. Улс төрийн хүрээнд энэ талын жиг жуг их байдаг л даа. Ерөнхий сайдын сонинг гаргаж байна гэж ч ярьж байгаа. Үнэхээр ивээн тэтгэгч тань ерөнхий сайд мөн үү?
-Би зээл авсан гэж түрүү хэлсэн. Ерөнхий сайдтай хардах нь утгагүй зүйл л дээ. Тэр хүнтэй ойлголцож хамтарч ажилладаг үе байсан уу гэвэл байсан. Одоо ч гэсэн нэг их холдчихсон гэж худлаа ярих хаашаа юм. Магадгүй би тэр хүнтэй маш сайн ойлголцдог байх. Тэр хүн бол маш сайн мэргэжилтэн. Маш сайн эдийн засагч, дипломатч тэгээд бас хүнийхээ хувьд хүн чанарынхаа хувьд сайн хүн шүү. Гэхдээ үйл ажиллагаа болгоныг маань тэр хүнтэй холбоод байвал утгагүй байгаа юм л даа. Ерөнхий сайдад шүүмжлэлтэй хандах асуудал зөндөө л санагддаг. Ялангуяа ерөнхий сайд болонгуутаа Гадаад харилцааны сайд дээр нэг нэгдлийн эдийн засагч тавьсанд нь их гонсойсон.
-Энэ хаврын шошго хувьсгал гэдэг шошго байх нь шиг байна. Хүн болгон л хувьсгал хийнэ гэж ярих гээд байна. Үзэгдлийнх нь хувьд үүнийг яаж хүлээж авч байна?
-Наадах чинь жил болгоны хавар л дэгддэг салхи биз дээ. Энэ үнэндээ дэндүү залхуутай санагдаад байгаа байхгүй юу. Хүүе ээ, залуу хүмүүс чинь хавар арай өөр байж хайр сэтгэл, гоё ганган юм руу тэмүүлэхийг хүсдэг биз дээ. Тэр хамаг гэгээн цагийг маань бүр жилийн жилд ингээд арчаад хаячих юм. Уг нь таны бичсэн шиг хаврыг хавар чигээр нь л авмаар байгаа байхгүй юу. Гэтэл монголын залуучуудаас тэр хүслийг нь булааж авч байна шүү дээ.
-Баярлалаа. Амжилт...бас дахин амжилт ?
-Баярлалаа. Хичээнээ.