Молотов
Вячеслав Молотов гэж Зөвлөлтийн Гадаад яамны сайд байлаа. ХХ зууны хамгийн том улс төрчдийн нэг.
Терроризм ханхалсан шинэ зуунд сайд Молотов мартагдаж, өөр молотовын нэр сонсогдох боллоо. Молотов коктэйль гэж байх. Лонхонд бензин дүүргээд амсарт нь дүрсэн даавууг шатаагаад шидэхээр сүйд болсон түймэр тавина, үүнийг молотов гэдэг. Гудамжны тулалдаан энэтэрд бол ёстой хорлонтой эд. Тайван амгалан монголчууд молотов коктэйлийг мэддэггүй. Харин сайдыг бол сайн мэдэхээр барахгүй Моолтов гэж нэртэй тавь жараад насны нэлээд хэдэн хүний нэр бүртгэгдсэн байх юм билээ. Гудамжны террористуудын найдвартай хорон зэвсэг болсон молотов харин энэ зун Монголд орж ирлээ. 7 сарын 1-ий (7/1 гэж товчилж нэрлэж байх уу? “Долоо нэг”. Америкчууд “ес арваннэг гээд нэрлээд сурчиж) үймээнээр анхны галыг молотовын коктэйль тавьсан. Тэр хавьд голдуу япон солонгос машин байсан учраас бензин амар олдохгүй. Гол нь молотов хийж шидэх ухаан хэнээс гарав? Дажгүй боловсролтой террорист байж таарах нь. Зориуд урдаас бэлджээ. 7/1 үймээн бол үнэхээр урдаас зохион байгуулагдаагүй, улс төрийн шалтгаантай, хар аяндаа үүссэн цугларалт байсан. Харин молотов энэтэр шидээд эхэлсэн нь цугларалтыг самуун болгохоор зориуд зохион байгуулсан хэрэг харагддаг. Архи мөнгө тарааж, чулуу зөөсөн гэж дуулдах. Энэ бол нэгэнт цугларсан хүмүүс дээр өдөөн хатгагчид орж ирсэн болтой. Хамгийн гол нь молотов! Энэ хорлонтой зэвсэг хэний санаачлагаар хэнээс гарав?
Одоо манай нийгэм рүү шүүх, цагдаа, хүчний байгууллагаас молотов шидэж эхэллээ. Баривчлаад л, суллаад л, шүүгээд л, яллаад л. Энэ болгон нь нэг мөр ул үндэстэй, хууль журмын дагуу явагдаж байгаа юм ер алга. Тэнд ч ширүүлээд л, энд ч өршөөгөөд л. Яагаад гэсэн тайлбар байхгүй. Хууль журмандаа байтугай ердийн логиктой үл нийцнэ. Үүнд нь хүмүүс асар их бухидаж байна. 7/1 дахин давтагдах нийгмийн суурь бэлтгэгдэж байна. Нэг хоёрыг бол санаандгүй зүйл гэж үзэж болохсонж. Гэтэл байнга системтэйгээр ингээд байхаар зориудын үйлдэл гэлтэй харагдана. Зорилготойгоор ингээд байгаа юм биш үү? Молотов зэхэгчидийг хайх ч үгүй мөртөө ганц хаард аваад явж байсан насанд хүрээгүй хүүхдийг долоон жилээр яллаад байгаа нь зүгээр нэг тэнэгтэл биш байхаа. Сонгууль будилуулаад л, дүнг нь засаад л, дүнг нь үл зөвшөөрөөд л..., энэ бүхэн зориуд юм биш үү? Чухамдаа манай нийгмийг бухимдуулж, уурыг нь хүргэж уушгийг нь сагсайлгах гээд цаанаас нь зориуд улаан даавуу дэрвүүлээд байгаа юм биш үү?
Хүмүүс эмзэг байна. Нийгэм бухимдалтай байна. 7/1-д тэгэж уурсаж байгааг нь хар. Тэгснээ олимпын алтын сургаар тэгэж хөөрч баярлаж байгааг нь хар. Хорсол, Баяр хоёр ийм ойрхон байна. Хувь хүн сэтгэлийн хямралд орохоороо ингэдэг. Нийгэм ч ялгаагүй. Дэлхийг нөмөрсөн санхүүгийн хямрал эхэллээ. Техник технологийн асар их дэвшил рүү эрчимтэй урагшилж байсан хүн төрлөхтөн гэнэтийн хямралд автаад байна. Энд тэндгүй банкууд дампуурч, ханшууд огцом өөрчлөгдөж, инфляци галзуурч байна. Магадгүй санхүүгийн хямрал бүх нийтийн эдийн засгийн хямрал руу хальтран ороход ойртсон байж болох. Хямралын хамгийн том хүчин зүйл нь хүн өөрөө байдаг. Ямар ч арга хэмжээ авсан бай, хүмүүс паникт орж нэг шуугиад сандраад эхэлбэл тэр нь хяналтаас гарна. Санхүү хямраад эхлэхээр хүмүүс сандралд бэлэн болж биеэ хурааж эхэлдэг байна.
Үүний нэг тод жишээ нь хэдхэн хоногийн өмнө Хонкогд болсон явдал. Дэлхийд дээгүүр орох, хэдэн зуун тэрбумын эргэлттэй Ийст Эйшиа банк 200 хүрэхгүй сая долларын алдагдал хүлээжээ. Энэ бол тэр том банкинд харьцангуй бага алдагдал. Гэвч нэг нь молотов шидэж гарав. Молотовын эзэн баривчлагдсан л даа. Гэхдээ л сандрал нэгэнт эхэлж хүмүүс банкнаас мөнгөө татаж эхлэв. Гурав хоногийн дараа энэ асар том банк дампууралд туллаа. Төр засгаас арыг нь даана гэж тайвшруулж байж арай гэж нэг тогтоож авсан. Хэрэв энэ банк дампуурсан бол араас нь бусад нь сүйрч гинжин урвал болох байв. Зүйрлэвээс том зааланд битүү хүн кино үзээд сууж байтал хэн нэг нь “гал гарлаа” гэж орилбол юу болох вэ? Үнэхээр гал гарч байгаад ингэж сандрал үүсгэвэл хүмүүс ганц хаалган дээрээ овооролдож хэн ч гарч чадалгүй угаартаж үхдэг. Сүргийн сандрал гэдэг гэдэг ийм аймшигтай. Энэ тухай Гүржийн нэг гоё баримтат кино байдагсан. Бүх амьтан хаашаа ч юм зугатаагаад л биенээ дайрч алаад л. Гэтэл хамгийн анх могойноос цочсон зааны тугал орилж, эх нь сандарснаас эхтэй юм билээл. Уг нь хямрал бол шинэ гарааны эх байдаг болохоос мөхлийн үүд биш. Хямрал гэдэг үгийг хятадаар “аюул”, “боломж” гэсэн хоёр ханзаар илэрхийлдэг гэнэ.
Зэсийн үнэ унаж 4 мянган доллароос доош ороод ирлээ. Санхүүгийн хямрал эхэлж манай банкууд мөнгөгүй болж эхэлж байна. Хүмүүс ч биеэ хурааж сандралд бэлдэж эхэллээ. Яг энэ үеэр Ерөнхий сайд, шадар сайд, Ардчилсан намын дарга, Гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хороон дарга, Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга асан Энхсайхан молотов шидээд уналаа. Нэгэнт өнгөрлөө, ард түмээн үхэлдээ бэлдэцгээ гэсэн санаа агуулсан нүүр дамжсан ярилцлага өгчээ. Эдийн засгийн анализийн хувьд байж болохуйц дүн шинжилгээ хийж. Ярилцлагыг уншаад би өөрийнхөө хоёр гурван жилийн өмнө бичиж байсан зүйлтэй эндүүрэн алдав. Харин шадар сайд тэр үед үүнийхээ яг эсрэг юм ярьж, өнөөдөр бараг гэмт хэрэг гэж нэрлээд байгаа тэр арга хэмжээнүүдийг авч байсныг сонины шарлах яагаачгүй хуудсууд гэрчлэнэ.
Анхааруулж хэлэх нэг хэрэг, молотов шидэх өөр хэрэг. Хямралаас зайлсхийх арга байхгүй биш, бий. Овор хэмжээ багатай Монголын зах зээлд Оюутолгой, Таван толгойн хөрөнгө оруулалт ороод ирвэл хямралаас зайлсхийж болно. Энд ганцхан улс төрийн шийдвэр л хүлээгдэж байна. Банкууд мөнгөгүй болсон нь үнэн боловч тэд 250 сая орчим долларыг тав ба түүнээс урт хугацааны зээлээр орон сууцанд олгожээ. Нэгэнт байртай болсон хүн хүүгээ сайн төлдөг бололтой, 90 гаруй хувь нь найдвартай зээлд хамрагдаж байна. Ийм сайн зээлээр барьцаалан Төв банк арилжааныханд зээл олгож болно. Ингэвэл цусны урсгал дахин сэргэж эд эсүүд хүчил төрөгчөөр хангагдах болно. Америк доллартай харьцуулсан ханшны уналтаар солонгос вон 32 хувийн алдагдалтай явж байхад монгол төгрөг харин ч илүүдэлтэй сайн явна. Ингэхээр монголын ард түмэн үхэлдээ бэлтгэх шаардлагагүйгээр хямралыг даван туулж болохоор байна. Бас молотов шидсээр байгаад сандрал үүсгэн бүх ард түмнийг жинхэнэ хямрал руу хөтлөн авч орж ч болж байна. Эцэст нь “би хэлээгүй юу!” хэмээн кайфдах нь гоё боловч садист л биш юм бол сүйрсэн эргэн тойрноо харж бахаа хангах тийм сайхан гэж үү?
Төрийн институциүдийн нэр хүнд, чадамж руу нь молотов шидэж гарцгаалаа. Цэцийн дарга ярихдаа “УИХ над шиг мундаг хуульчгүй болсон учир ёстой балрана” гэж зөгнөв. Ганц Нямдорж л байна ч гэх шиг. Хөөрхийг баалж байгаа юм болов уу? Хууль тогтоох дээд байгууллага УИХ бол хуулийн мэргэжлийн байгууллага биш, ард түмний сонголт гэсэн өөр шалгуураар буй болдог. Тэнд голдуу ухнууд, тэнэгүүд цугларсан байж болно, гэхдээ л ингэх эрхийг нь ард түмэн олгосон. Нарийн ярьвал тэд хуулийг жорлондоо засаж байх учиртай биш, мэргэжлийн байгууллагууд бэлдэж, харин ухнууд үүн дээр нь улс төрийн шийдвэр гаргаж тийм, үгүй гэдгээ эцэслэх логигтой, мөн чанартай юм л даа. Ингэхийн тулд институци дотроо тэд юу ч гэж майлж болно. Тогтолцоо маань өөрөө ийм юм. Хаана ч тийм байдаг. Хуулийн мэргэжлийн нягт сайн шалгуур Шүүх, Прокурор, Хууль зүйн яаманд л байх ёстой. Их хурлын гишүүн тэнэг байж болно, (ер нь харж байхад тийм ч юм шиг) гэхдээ тэдний хууль тогтоож байх ажлын үеэр нь төрийн бусад институци болон тэрний төлөөллөөс хэн ч саад болж, доромжилж, үл тоомсорлож болохгүй. Энэ бол зарчим. Гэхдээ энэ нь мэдээллийн хэрэгслэл болон хүмүүс хоорондоо элдэв муухайгаар хэлж хочлохыг хориглоно гэсэн үг биш. Шүүх ялгаа байхгүй. Шүүн таслах ажиллагааны үеэр тэр зааланд шүүгчийн эсрэг хэн ч юу ч хэлж болохгүй. Хаанахын ч шүүх зааланд шүүгчийг доромжилсон хүнд газар дээр нь ял өгдөг. Харин гадаа гараад шүүгч руу салаавч үзүүлж юм уу, сонинд доош нь хийсэн ярилцлага өгөх эрхээр бүрэн хангагдана. Тогтолцоо маань ийм, зарчим маань ийм юм. Одоо танхим дотор нь шүүгчийг зодоод унадаг болж. Бүр амар юм боллоо. Энэ бол нийгмийн эсрэг чиглэсэн онц ноцтой гэмт хэрэг. Үүнийг хөөрөгдөж зүйтэй мэтээр ухуулах хандлага ч газар авах нь. Чухам үүнийг л би молотов гэж нэрлээд байна л даа.
Гэртээ молотов бүтээж бусдад тараан шидүүлээд байгаа эзэн байх шиг. Нийтийг хамарсан хямрал л тэр хүнд хэрэг болоод байх шиг. Юу хожих гээд байгаа юм бол? “Их салхи хөдөлбөл нижигнэн хөдөлтүгэй!” гэж Горький бичжээ. Аймаар муухай террорист молотов шүү! Байгаа болгоныг сөнөөх нь л дээ. Их салхины дараах нуранги дээр хүсэн хүлээсэн барилгаа босгож чадалгүй олон гүрэн улс, иргэншил соёл тэрчигээрээ мөхөж байсан юм. Харин нуранги дээр аврагчийн дүртэй адгийн шаарууд хэсэг тодордог юм даа.
Вячеслав Молотов