Г.ОТГОНБАЯР

Аливаа хувьсгалд 15-20 жилийн дараа засвар ордог гэдэг. Арав биш, яагаад заавал 15-20 жил гэдэг нь “үзэл санаа олон түмэнд хэзээ хүрнэ, тэр цагт хувьсгал хийгддэг” гэдэг Лениний үгтэй холбоотой ажээ. Энийг одоогийн нөхцөлд буулгавал төрийн тогтолцооны гажуудлыг ард түмний олонхи хүлээн зөвшөөрч, шинэ үзэл санаа хүсэмжилтэл 15-20 жил шаардлагатай бололтой. Яг ийм хүлээлт, ардчиллын 20 жилийн босгон дээр Ардчилсан хүчний холбоо “Монголоо шинэчилье” уриан дор их хурлаа хийлээ. Гэвч тус холбоо бол цаасан дээрх бүртгэл нь төрийн бус байгууллагын статустай л болохоос цаад зорилго нь улстөрийн шинжтэй улстөрчдийн л байгууллага. Энэ нь холбооны ерөнхийлөгч З.Энхболдын илтгэлээс ч харагдана. Ерөнхийлөгчийнх нь илтгэл, холбооны гол лидерүүд, удирдлагын бүтцээс ч Монголоо шинэчлэх итгэл найдварыг олж харсангүй.

З.Энхболд илтгэлдээ холбооныхоо гол зорилгыг “хэлбэрийн ардчиллыг агуулгын болгоно” гэж тодотгов. Гэтэл Монголын ардчилал анхнаасаа л хэлбэрийн байсан уу гэвэл, үгүй. Агуулгаар эхэлсэн нялх ардчиллыг замын дунд хэлбэрийн болгосон хүмүүс нь улстөрчид. Тэр дундаа, бодитой хувь нэмэр оруулсан нь өнөөдөр Ардчилсан хүчний холбоог байгуулаад явж байгаа З.Энхболд, Р.Амаржаргал, Г.Батхүү, С.Эрдэнэ, Д.Ганхуяг тэргүүтэй АН-ынхан. Тэд ардчиллын 20 жилийн түүхэнд УИХ-д хууль баталж, төр түшилцэж, АН-ын нэгдүгээр эгнээний улстөрчдийн тоонд багтаж явсан. Эдгээр хүмүүс тухайн үедээ Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, төрийн сайд АН-ын дарга, нийслэлийн АН-ын даргын албыг хашиж явсан. Холбооны ерөнхийлөгчийн илтгэлд дурдсанаар сонгуулийг луйвар болгох, баялгийг оновчгүй хуваарилах, нийгэмд шударга ёс алдагдах тийм тогтолцоог бий болгоход гар бие оролцсон хүмүүсийн төлөөлөлд ч Ардчилсан хүчний холбоог үүсгэн байгуулагчид багтана. Тэд өөрсдөө ч үүнийг үгүйсгэж чадахгүй юм. Энэ утгаараа хэлбэрийн ардчиллыг агуулгын болгохыг тунхаглаж байгаа Ардчилсан хүчний холбоог хожимдсон, эсвэл зүгээр л “Ухаарлын холбоо” гэж нэрлэвэл илүү оновчтой ч юм шиг. “Монголоо шинэчилье” биш, “Монголоо хөгжүүлье” гэсэн бол энэ холбоог улстөрөөс салгаж төрийн бус байгууллагын статус руу илүү нааж ойлгоно. “Монголоо шинэчилье” гэдэг бол шинээр эрх мэдэл хүсэмжилсэн улстөрийн утгатай, 2004 оны УИХ-ын сонгуулийн өмнө тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди “2004 он шинэ сонголтын жил байх болтугай” гэж хэлсэнтэй адилаар тайлбарлаж болох юм.   

Улстөрчид хийсэн алдаагаа засах гэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ цаад зорилго нь сайхан санаагаа дор нь үгүйсгэх юм. Энэ тухай холбооны ерөнхийлөгч илтгэлдээ, Удирдлагын зөв бүтэц бий болгоно. Шинэ нийгмийн байгууламжийг хуучин “тоосго”-оор барьдаггүй гэв. Тэгвэл З.Энхболд нарын Ардчилсан хүчний холбоог зохион байгуулагчид ч Монголын улстөрд бас л “хуучин тоосго”-нууд шүү дээ. Бүр тодруулбал, төрийн тогтолцоог гажуудуулсан, агуулгын ардчиллыг хэлбэрийн болгосон гол авторуудын нэг хэсэг нь Ардчилсан хүчний холбооныхон өөрсдөө.  Ардчиллын 20 жилийн түүхэнд, төрийн эрх мэдлийн хуваарилалтад ийм “бүтээл” хамтарч туурвисныхаа үр дүнг ч албан тушаал, санхүүгийн эрх мэдлээр хүртсэн хүмүүсийн нэг хэсэг нь бас л Ардчилсан хүчний холбоог зохион байгуулагчид билээ.

Ийм л “хуучин тоосго”-нууд З.Энхболд гишүүний илтгэснээр шинэ нийгэм байгуулж, Монголоо шинэчилнэ гэдэгт хүмүүс итгэх үү. Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, төрийн сайд, АН-ын дарга гээд эрх мэдэлтэй үедээ хийгээгүй шинэчлэлээ сул гишүүн байх энэ үедээ хийж чадах уу, тэд. Өөрсдийг нь хүрээлсэн журмын нөхдийнхөө нуруун дээр гишгэчиж олонд танигдчихаад, ядарсан үед нь тэднийгээ гудамжинд хаяад өөр намын хаяа барааддаг Ж.Батзандан, О.Магнай нарыг хүмүүс хүлээж авах уу. Том намын хаягаар хүлээж авлаа гэхэд тэднийг иргэний нийгмийн баатар болж явсан 2004-2008 оных шиг нь хүрээлэх үү, үгүй л байх.  Ер нь бол Монголоо шинэчлэх /уг нь хөгжүүлэх юм/ гэдэг бол гоё зорилго. Харин үүнийг тунхаглаж яваа хүмүүс нь зурагдсан пянз шиг болтлоо улстөрд удаан явсан, хамгийн гол нь өнөөдрийн нийгмийн гажуудлыг бий болголцсон, мөн чанараа таниулсан ултөрчид байгаа нь Ардчилсан хүчний холбоог АН доторхи бас нэгэн эрх мэдлийн төлөөх фракц болгон харагдуулж байна. Одоо бол зорилго нь сайхан ч, зохион байгуулагчид нь өнөөдрийн гажуудсан тогтолцооны “хуучин тоосго”-нууд л байна.  

   Ардчилсан хүчний холбооныхон засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байх Үндсэн хуулийн зарчим алдагдсан байна, бид үүнийг засна гэв. Ард түмний нэрийг барьж байгаа л хэрэг. Эрх мэдэл ард түмнээс алдагдсаныг тэд яасан хожуу мэдэж байх юм. Ард түмэн бол саналаа худалдаагүй. Харин Ардчилсан хүчний холбооныхон багтсан АН л ард түмний саналыг олонхид, тэдний сонгогдсон УИХ л төлөөллийн ардчиллыг санхүүгийн бүлэглэлүүдэд худалдчихсан шүү дээ.  Өнөөдөр төрийн эрх мэдэл ч, сонгууль ч санхүүгийн эрх мэдэлтэй олигархиудын дүрмээр, хүслээр явж байгаа. Хорин жилийн туршид сонгуулиас сонгуульд сайжруулсан, ийм нарийн зохион байгуулалтад оруулсан тогтолцооны гажуудлыг ердийн нэгэн төрийн бус байгууллага засч залруулна гэдэгт олон түмэн итгэх үү.  Итгэхгүй, тэгээд ч боломжгүй. Ардчилсан хүчний холбоо төрийн бус байгууллага нь үнэн л юм бол дан улстөрчдөөс бүрдсэн гэдгээс Монголд байгаа 600 гаруй төрийн бус байгууллагаас өөрөөр ялгарахгүй. Илүү эрх мэдэл ч үгүй.  

 Зорилгоо буруу тодорхойлсон бас нэгэн томъёолол энэ холбоонд бий. Ардчилсан хүчний холбоо бол намаасаа түдгэлзсэн төрийн албан хаагчдын эрх ашиг, үзэл бодлыг хамгаална гэж гишүүд нь удаа дараа ярилцлага өгч байгаа.  Хэрэв тэд энэ зорилгоо хэрэгжүүлнэ гэвэл арайхийж намын харьяалалгүй болгосон төрийн албыг дахин улстөржүүлснээс ялгаагүй болно. Төрийн албан хаагчдын эрх ашгийг улстөрчдөөс бүрдсэн төрийн бус байгууллага хамгаалдаг ч юм биш. Хамгаалахдаа тулбал, тэдэнд хамт олны сайн дурын үндсэн дээр байгуулсан Үйлдвэрчний эвлэлийн байгууллага, төр засгаас байгуулсан Төрийн албаны зөвлөл гэж бий.   

Улстөрийн зорилгоо Ардчилсан хүчний холбооны зарим гишүүн ил мэдэгдэж байгаа бол, ерөнхийлөгч З.Энхболд нь “хамтарсан засаг байгууллаа гээд ажил удаашралтай, үхээнц байна. Хамтарч Засгийн газар байгуулсан нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг. Үлдэж байгаа хугацаанд бид Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно” гэв. З.Энхболд УИХ-ын гишүүний хувьд “би” гэсэнгүй. Харин холбооныхоо их хурал дээр “бид” гэж холбоогоо төлөөлөн мэдэгдлээ. Энэ нь Ардчилсан хүчний холбоо улстөрийн шинжтэй, арай л өргөн зохион байгуулалттай болохоос “Алтан гадас”-аас өөрцгүйг харуулав. З.Энхболд, Н.Алтанхуяг хоёр намын даргад өрсөлддөгтэй адил, М.Энхсайхан, Р.Гончигдорж нарыг АН-ын даргыг булаацалдаж байх үед “Алтан гадас” ч анхандаа хөгжлийн төлөө төрийн бус байгууллага л гэж гарч ирж байв. Өнөөдөр ямар байгууллага болсныг бүгд мэднэ. МАХН-д Зүүний хүчний холбоо гэж байгуулсан. Тэглээ гээд Монголд шинэчлэл бус, МАХН-д нэг бүлэглэлийн ноёрхол тогтоож явж буйг улстөрийн хүрээнийхэн гадарлаж л байгаа.    

“Хуучин тоосго”-оор шинэ “байшин барих”-гүйд зохион байгуулагчид нь  өөрсдөө ч итгэлтэй байв уу, эсвэл том зорилго нь АН доторхи эрх мэдлийн төлөөх жижиг амбийцад дарагдсан болоод тэр үү, ямар ч гэсэн Ардчилсан хүчний холбооны их хурал нийгэмд тарьсан дуулиан, үүсгэсэн хүлээлт шигээ сүржин болж чадсангүй. Үүний оронд ардчиллыг хэлбэрийн болгоход гар бие оролцож, хувь нэмэр оруулсныхаа төлөө ард түмнээсээ эхлээд уучлал гуйчихсан бол тэр нь тус холбооны зорилгод итгэх итгэлийг нэмэгдүүлэх байлаа.