2000 оны наймдугаар сард намайг хүн зодсон гэх зохиомол хэргээр барив­чилж, Ганц худгийн шоронд аваачиж хорьсон юм. МАХН, Улсын Их Хурлын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуул­чихаад баярын хундагаа бараг тавьж дуусаагүй байхад шахуу болсон хэрэг явдал. Гэр бүлийг маань элдэв муухайгаар дором­жилж аальгүйтсэн нэгэн өөдгүй этгээдэд гар ч хүрч чадаагүй атлаа, түүнийг зодсон хэргээр шоронд хоригдлоо. Хилс хэрэгт гүтгэгдэж, тэр тусмаа Хувьс­галт намтай нэгийгээ үзэж ирсэн улс төрийн хүн энэ үед юу эсийг бодох билээ. Үнэндээ  яагаад ч юм, тэгэхэд утсан чинээ улаан  амиа ч, үлдэж хоцорсон гэргий үр хүүхдээ ч гэхээс илүүтэй юу юугүй ардчилал дарагдвал яана хэмээн сэтгэл зовж билээ.


Ийн санаа зовоод, Ганц худгийн бүрэнхий умгар өрөөнд, цээжний бэртэнги сэдэрч хөдлөөд өндийж чадахгүй болсон үедээ хамт хоригдож байгаа улсынхаа туслалцаа авах зэргээр хүчилсээр “Ардчилал ба тусгаар тогтнол” гэдэг нэртэй нийт­лэлээ бичлээ.Эргэлтээр ирсэн эхнэрээрээ дам­жуулан түүнийгээ “Өдрийн сонин”-д өгүүллээ. Нийт­лэлийг маань “Өдрийн сонин” тэр даруйд нь эхний нүүрэндээ нийтэлж гаргасан билээ. Тэр нийтлэлийн агуул­лага нь ардчилал уствал Монгол Улсын бүрэн эрхт байдал алдагдана гэсэн санаа байлаа. Тодруулбал, монголчууд ардчиллаа алдвал, Бээжингээс, эс бөгөөс Москвагаас удир­дуулж байсан, 90 оны ардчилсан хувьсгалаас өмнөх гунигт байдалдаа эргэж орохыг нотлон өгүүл­сэн юм. Харин шоронгоос суллагдан гарч ирээд анзаарахад тэр нийтлэл маань олон түмэнд тэгтлээ сүрхий хүрээгүй санагдсан. Магадгүй андуурсан ч байж болох юм. Намайг шоронгоос суллагдан гарч ирэхэд баярласан хүмүүс, биеийн байдал, эрүүл мэндийн минь тухай асуухаас биш, яалаа л гэж нийтлэлийн маань тухай цэц булаалдаж суух вэ дээ. Харин нэлээд хожуу хөдөөгийн нэгэн дунд эргэм насны хүн миний мөнөөх нийтлэлийн хайчилбарыг надад үзүүлээд “Би, үүнийг үзэхээсээ өмнө үнэндээ ардчиллыг нэг их ойшоодоггүй байсан юм. Чиний энэ нийтлэлийг уншаад манайх шиг жижиг улсын тусгаар тогтнолын сахиус нь ардчилал гэдгийг ухаарсан шүү” гэсэн юм. Түүний “Монголын тусгаар тогтнолын сахиус нь ардчилал” хэмээн хэлсэн тэр мөр миний өгүүлсэн санааг гойд оновчтой илэрхийлж байсныг би олзуурхан сонсож билээ.

    Тусгаар тогтнолын маань сахиус ардчилал…! Тунгаан бодхул, хүн ам ихтэй масс томтой орны хувьд ардчилсан улс төрийн тогтоцтой байна уу, дарангуйлагчтай байна уу гэдгээс үл хамааран тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хадгалах чадвартай байдаг байна. Гэтэл, өөр хоорондоо байнга ил далд өрсөлдөж байдаг хоёр их гүрний дунд хавчуулагдсан, хүн ам үлэмж багатай манайх шиг орон тэдний өрсөлдөөний талбар болохоос зайлсхийх аргагүй бөгөөд бүрэн эрхт байдлаа хадгалах чадвар нь ардчилсан, эсхүл дарангуйлагч улс төрийн тогтоцтой эсэхээс шууд хамаарах аж. Байгалийн баялаг ихтэй нь мэдэгдээдэхвэл асуудал бүр ч ноцтой болно. Баялагтай атлаа жижиг оронд дарангуйлал тогтвол тэр дарангуйлал нь сонирхогч бусад хөршийнхөө улс төр, эдийн засгийн дэмжлэгтэйгээр оршин тогтнох хуультай. Манайх шиг орны дарангуйлагчдын хувьд ийм дэмжлэгийг хоёр хөршийнхөө аль нэгийг нь дагаснаар л олж авна. Цаашлаад, дарангуйлагчид нь өөрийнх нь дарангуйлах эрхийг хүлээн зөвшөөрсөн “өгөөмөр” хөршдөө ард түмнээ чирсээр дагаар орж, эзэн суусан хөрш нь улмаар дагуул болсон сайх Улсыг  хэн удирдах вэ гэдэг асуудлыг бүрэн шийддэг болно. Харин, улс орон ардчилсан улстөрийн тогтоцтой байвал Улсыг хэн удирдах вэ гэдэг асуудлыг ард түмэн хэзээд өөрсдөө шийдэж байх нь баараггүй билээ. Ард түмнээсээ сонгогдсон удирдагчид “өгөөмөр” хөршдөө бус ард түмэндээ тал засан үйлчилж тэднийхээ өмнө хариуцлага хүлээнэ. Энэ үнэнийг, монголчууд бидний сүүлийн 100 жилийн түүх  мадаггүй харуулсан. Тэгэхээр манай ардчилал, ердөө л баруунаас импортолсон үнэт зүйл төдий биш, монголчуудын үндэсний эрх чөлөөг ивээгч сахиус авай. Тусгаар тогтнолын маань сахиус билээ.

Өнөөдөр Монголын ардчилал тал бүрээс нь гэтэх дайснуудынхаа отоонд орчихоод байна. Засгийн ордны зүгээс олигархжсан төр гэтэж байна. Харин гудамжнаас, необольшевикууд, чаавасчууд, хятад маягийн авторитари үзэлтнүүд гэтэж байна. Тэдний тулах хувьсгалч анги нь улс төрийн карьераа алдаж унаад тэвдэн адгаж яваа улстөрчид, дампуурахуйд төрийн эрх мэдлээс зүүгдэж аврагдах ганц гарц олж харсан бизнэсийнхэн билээ.

 Ардчилал руу дайрахаар зэхэж буй эдгээр олон янз гэтэгчдийн улстөрийн зорилгодоо хүрэх арга зам нь харилцан адилгүй юм.

Зарим хөдөлгөөн, жижиг улс төрийн намууд Ерөнхийлөгчийн засаглал тогтоох хэрэгтэй зэргээр айлдах болов. Тэд үнэхээр ярьж байгаа зүйлээ ойлгож байна уу, эсвэл хэн нэгний захиалгаар яриад байна уу гэдгийг лавлах хэрэгтэй юм билээ. Уг нь тэд,  Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед Ерөнхийлөгчийн засаглалын аюулыг онц сайнаар ухамсарлан сурталдаж, нэн идэвхтэйгээр эсэргүүцэж байсан юм. Гэтэл одоо эсрэг зүйл яриад явж байна. Тэдний хүссэнээр Монголд Ерөнхийлөгчийн засаглал тогтвол мөнөөх Ерөнхийлөгч маань нэг их удалгүй Путины юмуу эсвэл Ху Жинтаогийн хүн болохоос зайлахгүй. Тэгээд Монголын бүрэн эрхт байдал, ардчилал эрсдэлд орно. Тийм л учраас, бүг­дээрээ хэлэлцвэл буруугүй хэмээн парламентын засаглалыг сонгож авсан юм.

Гэтэн мяраагчдын дотроос алсдаа их хор хүргэж чадах нь хятад маягийн авторитари дэглэм тогтоохыг хүсэгчид байх янзтай. Тэдний манлайлагч улс төрийн хүч нь Үндэсний Шинэ нам билээ. Улс төрийн философийг бага ч атугай гадарладаг хүн, үндэсний үзэл гэх зэргээр цаасан малгай өмсгөсөн тус намын баримт бичгүүдээс хятад маягийн улс төрийн ухааны үнэр нэвт ханхлахыг мэдрэх болно. Тэдний номлолоос харвал төр, хувь хүнийг үндэсний эрх ашигт захируулах зорилгод ажиллах юм байна. Үндэсний эрх ашиг гэдэг нь юу болохыг төр тодорхойлох юм байна. Гэтэл, төр гэдэг бол тухайн улсын нутаг дэвсгэрт хүч хэрэглэх онц эрх бүхий бүлэг хүмүүс юм гэдгийг санан үзвэл үнэндээ тэр бүлэг хүмүүс л үндэсний эрх ашиг гэдэг нь юу боло­хыг тодорхойлох болно. Юу гэвэл, коммунистууд үндэс­ний эрх ашиг гэдгийг нэг маягаар тодорхойлно, фашистууд үүнийг өөр маягаар тодорхойлно, дарангуйлагч өөртөө зориулж бас өөрөөр тодорхойлно, либералууд бүр ч өөрөөр хэлнэ. Тэгэхээр төр болж байгаа мөнөөх бүлэг хүмүүсийн философиос хамаарч л манай иргэдийн эрх, эрх чөлөөний хүрээ хязгаар тогтохнээ. Өнөөдөр Хятадад коммунистууд нь үндэсний эрх ашиг гэж юу болохыг тодорхойлон иргэдийнхээ эрх, эрх чөлөөний хүрээ хязгаарыг заан тогтоож, зөрчсөн этгээдүүдийг хатуугаар яллан шийтгэж буй.

Үндэсний Шинэ нам Хятадын улс төрийн авторитаризмыг үзлээ болгоод зогсохгүй эдийн засгийнхаа номлолдоо ичих ч үгүй коммунист сургаалийн үндэсийн үндсийг арай зөөлрүүлэсхийгээд аваачаад зоочихжээ. “Хөдөлмөр, үндэсний эрх ашиг хувийн өмчөөс эрхэм чухал” хэмээн тунхаглаад “…дарлал мөжлөг үүсэхээс сэрэмжлэхийн тулд өмчлөгчийн эрхийг хуульд заасан үндэслэлээр… “хязгаарладаг болох зорилтыг энэ нам тавьж байна. Ухаандаа, үндэсний эрх ашиг нийцэхгүй гэвэл, дарлаж мөлжсөн гэж үзвэл хувийн өмчийг хураах юм байна.

Коммунистууд дарлал мөлжлөг гэдэг ойлголтыг сурталдан гаргаж ирээд, дарлал мөжлөгөөс сэрэмжлэх цорын ганц арга зам нь хувийн өмчийг их бага гэлтгүй хурааж устгах явдал гэж зарласан, түүнийгээ хэрэгжүүлсэн юм шүү дээ. Чухам энэ түүхийг биеэрээ амссан монголчууд бид, дарлал мөлжлөг хэмээн яриад эхэлбэл гарцаагүй хувийн өмчийг хураах болно гэдгийг ойлгосон доо. Гэтэл Үндэсний шинэ нам ахиад мөнөөх гай түйтгэртэй түүхийг эхлүүлэхээр зэхэж байх юм. Илтэд ийм балмад санааг хараад гайхсан би вээр нэгэн компанийн захирал найздаа энэ тухай хууч хөөрсөн чинь, малчид нь малаа, хотынхон орон сууцаа, үйлчилгээний салбарынхан дэлгүүр салоноо хувьчилж аваад бүгд өмчтөн болчихсон юм чинь өнөөдөр яаж наадах чинь бүтдэг юм гээд тун тоомжиргүй байв. Өнгөц бодоод үзэхэд мань эрийн зөв мэт боловч үнэндээ тэр том андуурч суугаа юм.Хүнд нэгэн согог байдаг бөгөөд тэр нь бусдын эд хөрөнгийг хурааж байхад дараагийн ээлжинд өөрийнх нь хөрөнгө хураагдана гэдгийг санахгүй амарлан суудаг авай. Том хөрөнгөтний өмчийг хурааж байхад жижиг хөрөнгөтөн дуугүй л сууна. Жижиг хөрөнгөтний өмчийг хурааж байхад худалдаачид дуугүй л сууна. Худалдаачдын хөрөнгийг хурааж байхад малчин дуугүй л харж сууна. Тэгээд малчны малыг хураахын цагт нэгэнт өөрийн гэх өмчгүй болсон бусад нь тавлаж суудаг билээ. Вэнэсуэлд одоо яг ийм явдал болж байгаа.

Үндэсний Шинэ нам эдгээр улс төрийн болон эдийн засгийн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хувьсгал хийх аж.Хувьсгал хийхдээ тэмцлийн бүх арга хэрэгслийг ашиглана гэнэ. Мэдээж тэр бүх арга хэрэгсэл дотор нь  төрийн эрхийг хүчээр авах якобинчууд, большевикууд, муссолинчуудын фашист арга орсон л яваа. Дотор нь яваад зогсохгүй чадвал энэ аргаар зорилгодоо хүрэх гэж оролдох буйзаа. Эд үнэхээр, хүч хэрэглэх замаар Засгийн эрхийг авах санаархалаа хэрэгжүүлж чадвал Монголын ардчилал сүүлчийн амьсгаагаа хураах нь тэр ээ. Ардчиллыг хурдан хугацаанд устгах энэ арга ухааныг Ленин онол болгосон хүн. Хүчээр олж авсан засгийн эрхийг эргээд зөвхөн харгис хэрцгий дарангуйллын хүчээр л тогтоон барьж чадна. Хүчээ мэдэрч хөөрсөн олон түмнийг өөрөөр тогтоон барих арга байдаггүй юм. Хөөрсөн олон түмнийг зогсоож эс чадвал хайр найргүй алж хядах зүрхтэй дарангуйлагчид гарч ирэх хүртэл дараа дараагийн хувьсгалаа хийсээр л байдаг ажээ. Тэгэхээр хүч хэрэглэсэн хувьсгал, тэр хувьсгалаар гарч ирсэн шинэ засгийг эсэргүүцэх олны тэмцлийг харгислан дарах дарангуйлалд зайлшгүй хүргэх бөгөөд энэ нь пролетарийн диктатурыг зүй ёсны болгож байгаа юм гэдгийг “Коммунизм дахь зүүний нялхсын өвчин” хэмээх зохиолдоо Ленин тун эрээ цээргүй ил тод бичсэн байдаг юм.  

Хүч хэрэглэн хийсэн хувьсгалд ийм аюул нуугдаж явдгийг 90 оны ардчилсан хувьсгалын удирдагч нар мэдэж байсан учраас тайван замаар хувьсгал хийх зөвшицлийн аргаар ардчилалд хүрч чадна гэж үзээд энэ замыг сонгож авсан билээ. Тэгээд дэлхийд гайхагдах тайван хувьсгал хийж чадсан даа. 90 оны ардчилсан хувьсгалыг хүчирхийллээр хийгдэх хувьсгал болгож чадаа­гүйдээ Нэргүй доктор тэргүүтэй Монголын боль­ше­викууд одоо болтол гасалж явдаг юм. Тэгтэл өнөөдөр тэдэнд Үндэсний Шинэ нам итгэлийн оч асааж байх шив дээ.

Ийнхүү янз бүрийн зорилго,янз бүрийн үзэл санаа агуулан дайрахаар зэхэх дайснуудынхаа отоонд байгаа ардчиллаа аврахын тулд юу хийвэл зохих вэ?

Энэ тухай дараагийн дугаарт өгүүлье.