Ардчилсан нам феодалуудаасаа, ардчилал бэрдүүдээс салах ёстой
Германы Bertelsmann сан ардчилалд шилжих процессыг үнэлдэг шилжилтийн индексийн судалгаандаа 2010 оны байдлаар Монгол Улсыг ”дефекттэй ардчилал” гэдэг ангилалд оруулжээ.
Германы Bertelsmann сан ардчилалд шилжих процессыг үнэлдэг шилжилтийн индексийн судалгаандаа 2010 оны байдлаар Монгол Улсыг "дефекттэй ардчилал" гэдэг ангилалд оруулжээ. Хоёр хөрштэйгээ зэрэгцэн "хаалттай ардчилал" гэсэн хэсэгт ороогүй ч Африкийн олон оронтой хамт энэ ангилалд бид бичигдэж. Ардчилалд дефект өгдөг гол хүчин зүйл нь засаглалын авилгажсан, хариуцлагагүй байдал. Үүн дээр хяналтгүй уул уурхайн их мөнгө хавсарвал Монгол тун удахгүй "хаалттай ардчилал"-руу шилжих болно. Товчхондоо баялигийн хараалд бүрэн автана, эмзэг байгаа ардчиллын институтууд үгүй болно гэсэн үг.
Уул уурхайн мөнгийг Монголын ардчилалд хор хөнөөлгүй зарцуулъя гэвэл засаглалаа сайжруулах шаардлага цаг хугацааны хувьд бидний хоолойд тулаад байгаа. Тодруулбал төрийн албаар бизнес хийж, засаглалын тусламжтайгаар нийгмийн баялигийг "бэрд" шиг сордог олигархиудыг ардчиллын олон институтэд бүрэн эзэн суухаас нь өмнө хяналт-хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх чиглэлээр өөрчлөлт хийх цаг болчихоод байна.
Өнөөдөр төрийн албыг түшиц газраа болгон эзэгнэж, түүгээрээ ханаж цадахаа мэдэхгүй мөнгө хийж, өөрсдийгөө долларын саятан болгоод буй бэрдүүд улам бүр эрх мэдэлд шунацгааж байна. Бэрдүүд эхлээд өмч хувьчлал, монголын жижигхэн зах зээл дэх ашигтай бизнесүүдыг хоол болгон залгицгаасан. Дараа нь тэд төрийн албыг зарж бас худалдаж авцгаасан. Одоо тэд наймаалцсан албан тушаалынхаа сүлжээгээр уул уурхайг булаалдан хэмлэлдэж, уул уурхайгаас олсон мөнгөөрөө албан тушаалыг биш албан байгууллагуудыг ардчиллын институтуудыг худалдан-хувьчлан авч эхэллээ. Ард иргэдэд биш цөөн тооны олигархид үйлчлэх хэрэгсэл болсноор ардчилал эцэстээ авилгажиж, албан тушаалжсан "бэрдүүд"-ийн худал хуурмагаа халхлах хэрэгсэл төдий зүйл болон хувирч байна.
Тэдний наанаа ярьдаг зүйл нь шударга ёс, ардчилал, хөгжил дэвшил. Цаанаа хийдэг зүйл нь өрсөлдөөнийг үгүй хийж, иргэдэд төрийн нэрээр саад тээг зохион, тэр саад тээгээ үнэ цэнэтэй болгон, хөрөнгө зоорь хураах явдал. Өөрсдийгөө үржүүлдэг, бойжуулдаг зарчим нь ч увайгүй бас арчаагүй.
1. Горилогчдод эрх мэдэл, ашиг тус алсаас илт харагдахуйц байх
2. Түүнд хүрэх зам зөвхөн хэн нэг "бэрд"-тэй салшгүй холбоотой байх
3. Тэр зам саад тээг ихтэй, саад тээг бүр нь тодорхой төлбөртэй байх
4. Эцэст нь эрх мэдэлд хүрсэн бол чи бэрдийн хүн болох.
Энэ нь энгийнээр: Чи дарга болвол над шиг сайхан амьдарна. Надтай хамтрахгүй, миний өмгөөлөлд орохгүй бол бизнес чинь дампуурна, карьер чинь өсөхгүй. Дарга боллоо, хариугаа төл, чи миний хүн гэх зарчим. Ичгэвтэр нь улс төр дэх олигархижсан энэ бэрдүүдийн ааш аяг, ардчиллыг гажуудуулсан арга барил нь ардчилсан намд феодалын маягаар хөгжиж байх юм.
Түрүүчийн УИХ-ын үед Ардчилсан намын хоёр гишүүн бүлгийн хурал дээрээ хэлэлцэж байсан асуудлаасаа халин маргаж байна. Нэг нь нөгөөдөө "дүүргийн намын хорооныхоо гишүүдээс олонхийн санал аваад ҮЗХ-д гарч ирж чадахгүй юм бол чиний лидер гэж юу байдаг юм" гэж хэлэхэд, нөгөө нь "танай хамаатнууд хуралдаж байхад чамаас өөр хэн санал авдаг юм" гэж хэлж байна.
Онигоо ч юм шиг энэ яриаг сонсоод инээд хүрэхээсээ илүү эмгэнэж билээ. Намын байгууллагыг "бэрд" аятай эдлэн газраа болгочихсон, намын бүтцэд төрийн хүнд суртал шиг тээг садаа үйлдвэрлэж, татвар хураамж зохиож, түүгээрээ мөнгө хийж, өөрийгөө тэжээж, улс төрөө хийж байдаг ардчилсан нэртэй авилгач феодалуудаас болж энэ нам дэмжигч олон нийтээсээ тасарсан "би тэрний хүн" гэх тэнгэрийн амьтдаар дүүрлээ. Дунд шатны намаараа мөнгө хийдэг, анхан шатны байгууллагаа компаний салбар адил үздэг, улс төрийн ажлыг сэтгэлийн дуудлага гэж харахаасаа "биеэ үнэлэх гэрээ" гэж боддог энэ феодалууд ардчилсан намын шинэчлэгч, эрч хүчтэй 90 оны тэр дүр төрхийг ялзарсан, хор найруулагч, наймаачин болгон хувиргажээ. Архи уух нь ч дүүрч, ардчиллаа уугаад дуусгачихавдаа миний партизанууд. Араар чинь наад феодалууд чинь ардчилсан намыг зарж, сорж дууслаа. Миний хүн биш бол, надад мөнгө төлөхгүй бол хэн нь хэнийгээ үзүүлээд өгнөө гэх энэ дөвчин феодалууд ардчилсан намд ёстой л хорт хавдар шиг халдварлаж, өөрчлөлтөөс айхдаа шинэ залуу үеэ юу ч гэж нулиман шүлсдэхэд бэлэн байна. Шүлсээ цацлан, хор хаях үйлдэл зарим газар эхэлчихсэн ч байна. Зөвлөчихөд илүүдэхгүй биз, "ирж яваа цагруу тургиад нэмэргүй дээ".
Дээр доргүй улс төрд янхандаж байгаа энэ феодалууд бүх зүйлийг наймаалцаж болно гэж бодож байгаа бололтой. Үнэт зүйл, зарчим, үзэл баримтлал, энэ бүхэн тэдэнд ер хамаа алга аа. Дээрээ Ерөнхий сайдтай нь, доороо засаг даргатай нь намын нэрээр наймаа хийж, өөрийн нэрээр хонжоо олж, өөрт нь садаа болсон нэгнийг гүтгэн гүжирдэхдээ гаршчихаж. Ирэх сонгуулиар чи бид хоёр нам намаасаа гарвал болоо гэж шатар нүүх мөртлөө олон нийтрүү шударга царай гаргаж, улс төрийг шинэчилж, намаа өөрчлөх тухай бурж л байх. Өөрчлөгдөх ёстой хүмүүс нь өөрсдөө байж шүү. Ичих нүүр алга уу. Бусдыг харалган тэнэг гэж боддог юмуу, өөрсдийгөө ийм ойгүй ухаантай гэж ойлгодог юм уу. Тэдний шударга ёс яг үнэндээ тэр надаас илүү идээд байгаа учраас түүнийг өөрчилмөөр, тэр миний байрыг эзэлчих учраас түүнийг зайлуулмаар байна л гэж хэлэх юм даа.
Тэд бэрд адил бүр ихийг зарж, ихийг идэхийн тулд нам дотор ч, гадна ч эрх мэдэл рүү тачьяадан шунаж, энэ шуналаа гүйцэлдүүлэхийн тулд тэмцэгч болж жүжиглэнэ, өөрчлөлт хийхийг хүсч байгаа хүмүүстэй очиж наалдна. Гэхдээ цаг нь ирэхээр тэднийгээ худалдах нэг хэрэгсэл болгоод өөр хэн нэгэнтэй наймаалцчихна. Ийм нэг феодалыг нөгөө феодалоор солиод энэ намд юу өөрчлөгдөх вэ. Ардчилсан нам феодалыг феодалоор солих биш, феодалын ёсыг намаасаа халах цаг болсон. Ардчилсан нам феодалуудаасаа салж чадаж байж ард түмнийг бэрдүүдээс салгаж ардчиллыг ардчилал шиг болгоно. Тэд өөрсдөө ардчилсан байж чадаж гэмээнэ төрд шургалсан олигархиудаас монголын ардчиллыг өмгөөлж чанга дуугарах чадалтай байна. Тийм учраас Ардчилсан намд өөрчлөлт хэрэгтэй. Энэ өөрчлөлт Монголын ардчиллын өөрчлөлт болох ёстой. Ардчилсан нам шинэчлэгдэхгүй бол, шинэ үеэ тоож харахгүй бол та бүхний улс орны тухай олон жил ярьж буй үгс, одоо хэлж буй зорилтууд чинь гоё сонсогдох хэдий ч өөрсдийн чинь өөрчлөлтгүйгээр сайхан үлгэр ярьж өгч ардчиллыг нойрмоглуулчихаад хэзээ дуусах нь мэдэгдэхгүй хар дарсан зүүдтэй шөнийг Монголд авчираад байна шүү.
Мэдээжийн хэрэг Монголын ардчилалд коммунистууд гэрэл гэгээ оруулна гэж байхгүй. Тэд өнөөдөр нийгмийг ардчилалгүй болгох олон зүйлийг хийх мөртлөө "нийгмийн ардчилал" гэж ярих дуртай байгаа. Нөгөө талаас үндэсний социализм ярьж байгаа "хамелон" Энхсайхантангууд, үзэл санаагаа худалддаг "хувьсагч" Ичинноровтонгууд, албан тушаал амьдрал нь болчихсон "амгүй" Энхбаяртангууд ч Монголын ардчилалд хор болохоос тус болохгүй нь тодорхой. Тиймээс Ардчилсан нам "ардчилсан нам" шиг л бай л даа.
2010 оны 3 дугаар сарын 9