Сү.Батболд төрийн эргэлт хийв гэж хэн зарласан гээч. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга. Юу хамгийн хатуу үнэн байх ёстой вэ өнөөдөр Монголд? Ядаж Ерөнхийлөгчийн мэдэгдэл заавал ортой байх учиртай. Тэгэхээр Сү.Батболд төрийн эргэлт хийж У.Хүрэлсүхийн засгийн газар огцорчээ. Би зөв ойлгосон байгаа биз. Намайг буруутгах хүн байна уу? Байвал босоод ир. Чамайг шүүхэд өгөхөд чи муу конец фильм. Уучлаарай энэ бол марзагнал бус манай өнөөгийн дүр зураг. Хэлсэн үгэндээ эзэн идсэн хоолондоо сав байх өнгөрсөн хорвоо гэж үү. Үгүй. Ардын маань энэ сургаал улам үнэд орно. Тэр тусмаа Ерөнхийлөгчид.

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболд 14 улстөрийн ялтны араас 15 дахиар ачигдах учир ургав. Татвар төлөгчдийн асар их мөнгөөр харийхныг хөлсөлж түүнийг шалгуулжээ. Гэвч нотлогдсонгүй. Монгол нэхэмжлэлээ татахаас аргүйд хүрч. Хэн нэхэмжлэлээ татав гэдэгт эзэн олдохгүй эрх баригчид хоёр хуваагдав. Нэхэмжлэлээ нэг бол Ерөнхийлөгч Х.Баттулга, нөгөө бол Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх татсан байж таарна. Хоёр биеэ тэд илчлэхийг үзүүлээд өгнө гэж бардамнавч ядуу ард түмнээ доромжилдог ээлжит жүжиг аваас юу ч илрэхгүй. Ер нь нэг гишүүнээ төрийн эргэлт хийж байхад МАН-ын дарга-Ерөнхий сайд УИХ-ын 62 төлөөлөлтэйгөө толгойгоо дараад хэвтэж байх уу. Үүнийг ямар ч тэнэг итгэхгүй. Энэ бол ард олноо мал гэж басамжилдаг хүний л үг.

Юу үнэн бэ? Англи Шведээс элчин сайдуудаа татаж авчраад шоронд хадсан нь үнэн ч тэдний бурууг нотлоогүй. УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрээр Оюутолгойн гэрээ хийсэн, далд уурхайн хөрөнгө босгохоор Дубайн гэх төлөвлөгөөг үзэглэсэн. Тавантолгойн ордыг МСS, Шинхуатай хамтарч коксоо баяжуулж төмөр замаар тээвэрлэх, Сумитомо борлуулах-хорлон сүйтгэх ноорог үйлдсэн. Ардын дайснуудын хойд дүр-90 оны ардчиллын лидерүүдийг намнах хоморгонд Сү.Батболд МАН-аас С.Баярын хамт гадны захиалгаар чирэгдлээ гэх харлага-таамаг өвгөн надад төрдөг. Би зөнөг ч гэсэн Монголын нэг иргэн биз дээ. Иргэнийхээ толгойд юу төрж буйг нам засаг мэдэх ёстой гэх үзлээр би шилэн-иргэн байхыг хичээдэг буурай. Тиймээс илэн далангүй бурдаг. Зөв үү?

Гурав дахь хөрш гэж сэвэгчдийг хамах ажиллагаа үргэлжилж байх шиг. Сү.Батболд гишүүний гэм буруутай эсэхийг би яаж мэдэх билээ. Би байтугай манай шүүх нотолтлоо хол. Харин түүний ажлын албаны мэдэгдлийг нөгөө талын мэдэгдлүүдтэй харьцуулан уншвал үнэний үзүүрээс чимхэж юу магад. Элдэв жиргээ толгой эргүүлэхийн нэмэр. 

Оюу толгойн гэрээ батлагдсанаас хойш Сү.Батболд Ерөнхий сайд болж, тус гэрээнд Монголын талын төлөх ёстой зээлийн хүүг бараг 50 хувь бууруулах, Монголын талын авах-суутгах татварын хэмжээг 2-20 дахин нэмэгдүүлэх өөрчлөлт оруулсныг мушгин буруутгаж, гадаадын шүүхэд өгчээ гэж гомдолложээ. Эдгээр тоон үзүүлэлтүүдийн үнэн худлыг би ч тулгаад магадалчихаж дөнгөмөөр. Гар утаснаас салдаггүй хүүхдүүд бол шилэн данснаас бүр ч түвэггүй шалгачих биз. Ийм ойрхон худал хэлэхгүй гэх үүднээс Сү.Батболдын мэдэгдэлд итгэх үндэс байна. Гэхдээ юутай ч шалга. Одооны эрх баригчид горьгүй.

Энэ бүх гүтгэлэг дайралтадтөсвийн хөрөнгө-хэдэн тэрбум төгрөг зарж, өөрийн улсын иргэнийг гадаадын хөлсний байгууллагад мөрдүүлэхээр захиалж, гадаад дотоодын хэвлэлд зохион байгуулалттай гүжирдэж, эх орныхоо төрийн байгууллагын эрх мэдлийг хууль бусаар ашиглажээ. "Эрдэнэт" УБҮ, "Эрдэнэс Оюу Толгой" ХХК зэрэг хуулийн этгээд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, тэр бүү хэл Монголын Засгийн газрын нэрийг гадаадын шүүхэд хууль бус ашиглан маргаан үүсгэж, нэхэмжлэл гаргасан гэж гишүүний ажлын алба мэдээлжээ.

М.Энхсайхан, Д.Ганболд, Э.Бат-Үүл нарыг хилсдүүлүүзэй гэж эмзэглэсэн минь залуусыг бодвол ная гарсан би аймшигт хэлмэгдэлтэй ойр төрсөн, ураг төрлөө хэрхэн өртсөнийг мэдэж цочирдсонтой холбож болох. Одоо огт танихгүй Сү.Батболд гэгчийг өмөөрч хүмүүсийн дургүй хүргэх нь шиг байна. Сү.Батболдыг Оюутолгойн гэрээнд нөлөөлж авлига авсан, Эрдэнэтэд шахаа хийсэн, гадаадад байр, өмч хөрөнгө нуусан, мөн 10 гаруй улсад 100 гаруй компани, олон тооны үл хөдлөх хөрөнгөтэй гэж Нью-Йоркийн шүүхэд, хаяагаа хадардаг малын хулгайчийн атаа жөтөөгөөр гаргасан нэхэмжлэл нь бүдэрч арга буюу Сү.Батболдын нэрийг татсан аж. Хэн татав гэхээр хэргийн эзэн тодордоггүй-таг. Миний авсан ойлголт ердөө энэ. 

Энэ тухай С1 телевизийн сэтгэл судлаач мунадаг мэргэжилтний айлдвараас өөр таамаг алга. Сэтгэл судлаачийн онолоор Сү.Батболд төрийн эргэлт хийсэн нь худлаа бол инээх байсан гэнэ. Харин үнэн учраас хоолой нь цахиртаж, харц нь гөлөлзөж, сандарч айсан. Айсан учир сэтгэл зүйчийнхээр төрийн эргэлт хийсэн нь үнэн болоод явчихав. “Хүн нь байвал хэрэг нь олдоно” гэх хүчирхэг гүжирдэгчдээс айж, 20-30 мянгуулаа буудуулахын өмнө чичирч зогссон дээдэс минь ардын дайсан нь үнэн байжээ гэх нь. Сэтгэл судлал мөн лутаа. С1-ийн тэр мэргэжилтэн-сэтгэл судлаач бус үзмэрч бүр хувилгаан мэт далдыг шууд хэлсэн шүү. 14-ийн араас Сү.Батболдыг түлхэхэд тэр сэтгэл судлаач мэтэс голлох нь дамжиггүй.

Нэхэмжлэлээ Засгийн газар татлаа гэж УИХ-ын гишүүн асан Уянга бичсэн юмдаг уу даа. Засгийн газар гэхээр У.Хүрэлсүх нэхэмжлэлээ татсан болж таарна. Уянгад итгэх хэцүү. Харанхуй гудамжны сүүдэрт бүрэлзэх хар сүүдэр шиг осолтой эм гэдгээ хангалттай таниулсан сэтгүүлч-улстөрч. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болж. Нэр нүүрээ барж их ч зүтгэсэн дээ. Санасандаа нэг юм хүрч. Гэвч Ерөнхий сайд Оюун-Эрдэнийгээ нэг харахад херо Баатар шиг, дахиад лавлавал Женко шиг манараад буйгаа нуугаад яах ч билээ. Элийрсэн зөнөгөөр тулхтай МАН оролдов л гэж. Тэдний ганц чаддаг нь эрх мэдлийн төлөө уралцах юмсан хойно хагарч талцаад л байна.

30 жил гацсан Эгийн УЦС шигээ, 20 жил гацсан VДЦС шигээ, 10 жил гацсан төмөр зам шигээ ганц тэжээгч Оюутолгойгоо чөдөрлөж, хойд хилийн цаах нь үйл ажиллагаагаа жигдрүүлж буй зэсийн аварга уурхайд гагцхүү хэн чинь үйлчлэх гээд байна вэ? Ядмаг дорой олныхоо мөнгө олдог ганц экспортыг хумьж хохироосноор орос баячуудын олзыг арвижуулах гэж улаан нүүрээ улалзуулан зүтгэхдээ мөр дээрээ тээглэсэн нөхдөө хэлмэгдүүлэх ямар хүний яс вэ? Энэ үүднээс би өмнөх нийтлэлдээ “Х.Баттулгатай хоёулхнаа Ерөнхийлөгчид өрсөлдвөл би У.Хүрэлсүхийг сонгоно. Арай дээр нь гэх үндэслэл бий. Ядаж хүрэн бөөргүй” гэсэн.

“Хөөрхөн хүүхэн л бол баривчлаад байх уу” гэдэг кино аятай “Тавантолгой, Оюутолгой гэсэн болгоныг шоронд шидээд байх уу”. Шүүхийн тогтоол байндаа мөн ч багцаагүй хол хол тусах юм аа. 10 жил нь 4 жил, 5-6 жил гэсэн нь нэг жил эсвэл бүр байнд ч үгүй банзанд ч үгүй болно гээч. Тангараг өргөсөн хуулиа нулимаад, томилсон ноёныхоо нууц тушаалаар шилдэг сэхээтнүүдээ хилсдүүлсэн шүүгчдийг залуу үе бүү март. Шударга ёсны хариуг заавал аваарай. Хүмүүжихэд хэрэгтэй. Гэмгүй хүмүүсийг сүйд хийвэл хариу нь ирдгийг тэд зовлогоороо эдлэх жамтай. Бас нийтэд сургамж болно. Хэлмэгдлийн үед ийм энд тэнд тусгалтай шүүх мөн ч олон хүн хөнөөсөн дөө. Ардчиллын ХХI зууны ачаар алтан амь мултардаг болжээ бурхан минь. Эрин зуун өөрчлөгдсөнөөс хэлмэгдүүлэгч бол Монголд байж л байна. 

Гагцхүү үүнд л өвгөн зохиолчийн сэтгэл зовж буйгаас МАН, АН хоёрын аль нь дийлэх надад болёстой падгүй. У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёр бол монгол хар модон тэрэгний хоёр дугуй. Гэхдээ яахав монгол юм чинь болно бүтнэ. Харин чонотой нөхөцсөн нохойнд малчин монголчууд маш дургүй шүү. Ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь сонголт гарч ирэх байгаа гэж горьдоод л сууж байна. Шинжлэх ухаанч өндөр боловсролтой, эх орон ард олноо гэсэн сэтгэл-мөс чанартай лидер л чухал байна даа хүүхдүүд минь. 

2021-01-25