Элбэгдорж
Элбэгдорж шиг муу хүн алга. Зурагтаар ч тэгэж ярих юм, сонин болгон тэгэж бичих юм, нэтээр, ялангуяа сэтгэгдэл гэгч зүйлсээр.
Орвэлийн “1984” зохиолд ийм нийгмийн тухай гардаг. Иргэд нь тодорхой цагийн хуваарийн дагуу “нам засгаа магтан дуулах” хайрын цуглаан, “дайснаа жигших” үзэн ядах цуглаантай. Иргэд бүгд үүнд оролцох үүрэгтэй, эс тэгвээс өөрийг нь үзэн ядна. Монголд ирж үзээгүй Орвэл манай Монголын 1984 оны амьдралыг үзмэрч шиг тольдсон байлаа. Бид хар багаасаа л нам засгийн удирдагчид төдийгүй нэрийг нь ч зөв тогтоогоогүй Анжэла Дэвис, доктор Хайдэр, Луис Корвалан, Дин Рид, Патрис Лумуба гээд олон гадаад хүнийг өмөөрч хайрын цуглаанд хоолой нийлүүлэн орилдог байлаа. Эд яачихсан юм, юунаас болоод хайрлагдаад байгаа юм гээд олон асуултанд бид өөрснөө хариулж мэдэхгүй байв. Хожим эргээд түүх үзэж байхад бараг бүгд л шаар байсан юм билээл. Бид олон ч хүнийг үзэн ядах цуглаанаар дамжуулан жигшсэн. Гучаад оны Гэндэн, Дэмид, Амар нарыг болиё гэхэд Лоохууз, Ширэндэв, Чойном, Ренчин, Дамдинсүрэн гээд л эх орныхоо сор болсон хөвүүдийг мөн ч их жигшин зэвүүцсэн дээ. Яагаад гэнэт тэднийг үзэн ядах болсноо бид өөрснөө ч ойлгодоггүй байсан. Нэг өглөө босоод ирэхэд л тэд муу хүмүүс шүү хараагаад байгаарай гэсэн даалгавар ирнэ, бид ч идэвхитэй гэж жигтэйхэн шонхор адил шуугин дайрна. Биднийг ийм юмаар л хооллодог байж. Улай үзсэн тас аятай монголчууд нам засгаар сүхдүүлсэн хөвүүдийн сэг рүү үхэхээ мэдэхгүй уралдан дайрч тасар татацгаана. Жигшмээр, өрөвмөөр, үзэн ядмаар.
Энэ жигшүүрт нийгмийг халахад Элбэгдоржийн гүйцэтгэсэн үүрэг асар их. Хүмүүс өөрийнхөөрөө амьдарч, өөрийнхөөрөө сэтгэж, өөрийнхөөрөө өөрийгөө илэрхийлэх эрхийг Элбэгдорж ба түүний нөхөд монголчуудад авчирч өгсөн юм. Өөрийн гэх бүх юмыг нь хүмүүсээс хурааж авчихаад байсныг нь Элбэгдорж тэдэнд эргүүлж олж өгсөн. Эрх чөлөө бол хувь хүнд байгалиас эсвэл Бурханаас заяагдсан эд. Үүнийгээ монголчууд дарангуйллын системд алдчихаад хэдэн үеийг өнгөрөөсөн. Эрх чөлөөг бүрдүүлэгч өмчлөх, үг хэлэх, сэтгэн бодох, зорчин явах, хөдөлмөрлөх бүх эрх бусдын гарт байлаа. Хүмүүс өөрийнхөө хувь заяаг өөрөө мэдэн зохицуулна гэдэг Бурханаас хүнд өгсөн харицлага, эрх чөлөө, хувь төөрөг. Энэ булаагдсан эрхийг эргүүлж авчирсан Элбэгдоржийг гал хулгайлан хүмүүст авчирж өгсөн Промэтэйтэй зүйрлэм. Харин гал олж авсан хүмүүс одоо Элбэгдоржийг цовдолчихоод авчирсан галаар нь шарж түлж тарчлаан өрөвдөм муу бахаа хангана.
Манай нийгмийн жинхэнэ эзэд нь ард түмэн. Ийм эрхээ 1990 онд олж авсан. Эзэн байх эрхээ сонгуулиар эдэлдэг. Энэ эрхийг нь хулгайлчихаад байхад тоох ч үгүй шатсан байшин яриад гаслаад байгаа улсыг яалтай нь ч билээ. МАХН-ын байрыг шатаасан нь зэрлэг балмад явдал. Гэхдээ энэ байшин шатаж байхад муу муухайн үүр, эрлэгийн голомт, ороолонгийн ичээ цагийн эргэлт даахгүй үйлдсэн хар нүгэлийнхээ төлөөсөнд хайлж байгаа юм шиг санагдсан шүү, надад. Криманологи талаасаа биш философи утгаараа л даа! Байшингийн эзэн гэгдэх барих биегүй шумнас Монгол орныг зуун жил эзэгнэж сор болсон хөвүүдийг нь тамлан устгаж, соёл уламжлалыг нь тасчин түймэрдэж, үндэсний бахархлыг нь гутаан доромжилж, иргэн болгоны өмчийг хурааж, хүн болгоныг дарамтанд оруулж, эрх чөлөөг нь боймлон булааж авсан. Энэ бол домог биш түүхэн баримт. Энэ намын нэрээр алах, шатаах, тонох, хураах, булаах үй олон тогтоол зарлиг гарч хэрэгжиж байсан нь тийм ч эртний улбаа биш. МАХН олон жилийн туршид олон сайхан юмыг галдан шатааж тонон дээрэмдсэн дээ!
Надтай адилаар үйл явдлыг харсан нэг биш хүн бий. “Ариун зорилгын төлөө алж хядахаас өөр арга байгаагүй, ард түмнээс уучлал гуйх шаардлага алга” хэмээн огт санаа зовсон шинжгүй онолдож суугаа шумнасын биежсэн дүрсүүдийг өнөөдөр харж сонсоход дотор арзганамаар. Миний танил ярихдаа 7 сарын 1-ий орой МАХН-ын байр шатаж байгааг зурагтаар хараад, хувь заяаны шоглоом явсаар нүдээ олдог л юм байна хэмээн догдолж хань олдохгүй толинд дүрстэйгээ хундага тулгасан гэсэн. Асуудлыг ингэж харж байгаа хүн ч цөөн биш. Ингэж бодсон, түүнээ илэрхийлсний төлөө танилыг минь хэн ч алж хядахгүй. Түүний бодсон өөртөө зөв. Ингэж бодох эрхийг нь Элбэгдорж олж өгсөн юм. Тэрбайтугай булаагдсан өмчийг нь ч, өмчлөх эрхийг нь ч эргүүлж авчирсан.
Элбэгдорж хүн юм болохоор алддаг. Түүнд санасныг бодвол маш олон алдаа дутагдал бий. Түүний тооцоо муутай, бусдыг үл сонсдог, дураараа, өрсөлдөгчөө үнэлж чаддаггүй, ам ажил нь зөрдөг, бүлгэрхүү мөртөө хүн таньдаггүй чанарууд Ардчилсан намыг ялдаг газар нь сөхрүүлж орхилоо. Тэгээд яачихаав? Ардчилсан нам сонгуульд ялагдчихаар Монголын ард түмний өмнө нүгэл болох ёстой юм уу? Алдааныхаа төлөө тэр одож байна. Тэр хичнээн алдаа дутагдалтай байгаад энэ ард түмний өмнө байгуулсан гавъяаг нь бүдэгрүүлж чадна гэж үү! Тэрээр хүмүүсийн хулгайлагдсан, булаагдсан эрхийг эргүүлж олж ирэхээр тэмцлээ. Хийсэн гавъяаныхаа төлөө Промэтэй шиг цовдлууллаа. Ялгаатай нь галаа алдаж хорссон Зэвсийн илгээсэн тамлаач нь бэлгэнд гал авсан хөөрхий тэнэг хүмүүс!
Гэвч Элбэгдоржийн олж ирсэн эрх чөлөө баталгаатай гэж бодож байна. Самуунаар далимдуулж монголчуудаас эрх чөлөөг нь дахин булааж авах гэсэн санаархалтнуудын горьдсоны гарз. Сохор нохой дүйвээнээр гэгчээр “үзэн ядах цуглаан” дахин сэргэжээ гэж үмх мах илүү олж долоох гэж байгаа бол эндүүрч байна. Цаг өөр болжээ. Монголчууд цаашид ч өөрийн алдаатай оноотойгоо урагшлах болно. Улирах цагаас үлдээсэн сургамж дээрээ амьдрах болно. Хүмүүсийн дэндүү дийлэнх нь нэгэнт олж авсан эрх чөлөөгөө тийм ч амар булаалгахгүй.
Байшин шатахад гарсан хамгийн том хохирол нь хожмын монголчуудад ухаарал өгөх учиртай байсан МАХН-ын Хянан шалгах хорооны архив. 1990 онд Төрийн ордноос хөөгдөхдөө энэ архивыг шуудайлаад подволдоо овоолчихсон байсан юм. Тэнд хэдэн тонн матаас байлаа. Хүн хүнээ болихын сонгодог бүтээлүүд. Нийгэм хүнийг ямархуу арчаагүй өөдгүй шаар болгон хувиргаж болдгийг үзүүлсэн сурах бичиг. Ах нь дүүгээ, хүү нь эцгээ, эхнэр нь нөхрөө аюумшигт шумнаст барьж өгч там руу илгээсэн баримт. Хүн гэдэг цагаа тулахаар өчүүхэн паалантай төмөр, шалихгүй эрх мэдлийн төлөө юу болж хувирдгийг илтгэсэн туульс. Дантегийн Тэнгэрлэг комеди! Байшин шатсанаар хамгийн их хожсон улс нь зохиолын гал баатрууд өөрснөө юм биш үү? Юунд нь боож үхчих гээд байгаа юм бэ дээ?!
Банд
Ц ББАЛДОРЖ
Ц ББАЛДОРЖ
Ц БАЛДОРЖ
unshigch
zochin
Зочин
Гана
Зочин
mongol
Жагаа
Иргэн
үнэн үгт
эргүү
mongol busgui
Зочин