Украйны  Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гараагүй байгаа.  Сонгуулийн төв комиссоос мэдэгдсэнээр саналын хуудасны таван хувийг тоолох үлдээд байгаа. Харин өнөөдөр Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Украйны “Бүс нутгийн нам”-аас нэр дэвшсэн Виктор Януковичд сонгуульд амжилттай оролцсонд баяр хүргэсэн байна. Кремлийн албан ёсны төлөөлөгчийн  мэдээлсэнээр Д.Медведев В.Януковичтай утсаар ярихдаа ийнхүү хэлжээ. Энэ нь Оросын эрх баригчид нэр дэвшигчдээс хэнийг нь дэмжиж байсны битүүхэн  илэрхийлэл юм. В.Януковичийн ялалтыг хүлээн зөвшөөрч Украйны тав дахь Ерөнхийлөгч болвол хоёр улсын  харилцаанд нааштай өөрчлөлтүүд гарах нь гарцаагүй.

Виктор Янукович  өчигдөр CNN-д ярилцлага өгөхдөө Кремльд ая тал зассан  төрийн тэргүүн болохгүй гэдгээ хэлсэн. Гэхдээ Оростой, Европын Холбоотой ч сайн харилцаатай байх болно гэсэн.

Украйнд Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон хэл ам ид өрнөж энэ нь дэлхийн нийтийн анхаарлыг татсаар байна. В.Януковичтай хоёрдугаар шатны сонгуульд өрсөлдсөн “БЮТ” намын тэргүүн Ерөнхий сайд Юлия Тимошенко сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Тэрээр дахин санал хураалт явуулахыг шаардаж эс тэгвэас шүүхэд гомдол гаргахаар бэлдэж байгаа.  Харин авсан саналынхаа тоогоор ялимгүй тэргүүлж яваа Виктор Януковичийн намынхан  маргааш парламентын хуралдаанаар  Юлия Тимошенког Засгийн газрын тэргүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ. Түүгээр ч зогсохгүй  Засгийн газрыг тэргүүлэх хүн аль хэдийнэ тодорхой болж, хэнийг сайд болгохоо хүртэл ярилцаж тохиролцсон гэнэ.

“Бүс нутгийн нам”-ынхан улс төрд нэлээд том өөрчлөлт хийхээр төлөвлөжээ. Тэд парламентад  суудалтай улс төрийн хүчнүүдтэй хэлэлцээ хийж шинээр эвсэл байгуулах  гэж байна. Энэ бүхнээс үзэхэд Виктор Януковичийн намынхан эрх мэдлийг гартаа төвлөрүүлэхээр шийдсэн бололтой. 2004 оны сонгуулиар ялагдал хүлээж маш том сургамж авсан тус намынхан таатай агшинг алдаж болохгүй гэдгийг ойлгосон байна.  Сонгуулийн урьдчилсан дүн гарснаас хойш Юлия Тимошенкогийн тэргүүлдэг намд хагарал гараад байгааг ч ашиглахаар шийдсэн бололтой.

 Ийнхүү Украйнд ардчилалд хөгжих үү  гэдэг асуудал ажиглагчдын анхаарлыг татсаар байна. Виктор Янукович Ерөнхийлөгчийн албыг хүлээн авах юм бол   тус улс Европын Холбоо, НАТО-д элсэх асуудал нэг хэсэгтээ л яригдахгүй.  

 

                                                                                                 Ю.Дэлгэрмаа