Дүүргээс өгсөн гэрийг дүүргэх амьдрал байхгүй шүү дээ
Буянт-Ухаагийн задгайд айл шатаж, гурвын гурван нялх амьтныг аваад явжээ. Ёстой зүрх зүссэн мэдээ гэж энэ л байх.
Буянт-Ухаагийн задгайд айл шатаж, гурвын гурван нялх амьтныг аваад явжээ. Ёстой зүрх зүссэн мэдээ гэж энэ л байх.
Ердөө хэдхэн хоногийн өмнө нисэхийн хэмээх алдарт цагаан хаалгаар гаран Буянт-Ухаагийн задгай гэгчид аж төрж буй холын хамаатныхаа эмэгтэйг хүүхдийнх нь хамт хүргэж өгсөн юм. Тэр өдрийн явдал сэтгэлээс гарч өгөхгүй дотроос зулгаах мэт шаналгаж байтал дээрээс нь ийм аймшигтай хар мэдээ нэрмэн ирдэг байжээ. Хорвоо хүний зовлонд бишгүй дэвтсэн байлтай. Гэвч ханаж цадахгүй байна уу гэж хашгиран асуумаар аймшигт явдлууд шил шилээ даран цуварсаар.
Буянт-Ухаа руу орж иртэл чанх хойшоо нэгэн онгоц хүчээ аван хөөрч байлаа. Хамаатны маань хүүхэн зовлонт амьдралынхаа талаар цээжээ хөнгөртөл ярьж авъя гэх шиг хөврүүлж явав. Харин 18 настай охин нь таг дуугүй. Хаашаа ч юм хөөрч буй тэр онгоцны араас гунигтайгаар ширтэнэ. Тэр мөрөөдөж байгаа бололтой. Хоногийн хоолтой хоолгүй балчиг намаг шиг амьдралаас энэ онгоц шиг сугаран хөөрөх юмсан гэж...Дутуу гуцуугүй, аз жаргалтай, бусад шиг сургуульдаа сурч, хүүхдүүдийн дунд хөөрч баясч алхах юмсан гэж...
Саарал утаа нөмөрсөн, саарал өдөр. Нар уулын цаагуур орж, нэгэн өдрийн бужигнасан амьдралын хөл татарч байгаа энгийн л зураг. Айлуудын яндангаас олгойдох хар утаа, нүүрсний хоолой ахруулах гашуун амт, гэр рүүгээ яарч яваа хүмүүсийн алхаа, төмөр тэрэгтэй ус түрсэн жаалуудын даарсан царай...
Багадаа айл аймаг явсан холын хамаатны охин дөрвөн хүүхэдтэй, тарчиг амьдралын эзэгтэй болон хувирчээ. Долоон жил орцонд амьдарч явж, сая нэг бүрээс туурга татуухан таван ханатай бор гэртэй болон Буянт-ухаад оршуулгын газрын дээхэн хашаа дугуйлан буужээ. Уяатай нохой, утаатай гэр...Гэрэл цахилгаан, зурагт, радио, хогшил тавилга сэлт бол хожмын асуудал болжээ. Гэр доторх хүмүүсийн царай бүдэг бадаг л үзэгдэнэ. Том хүү нь 11 дүгээр ангиа нэлээн сайн суралцаж төгссөн ч сургуульд оруулж чадалгүй байсаар цэрэгт мордуулжээ. Ядуусын хүүхэд л армид алба хаахаар явдаг болсон гэдэг үнэн бололтой. Удаах хоёр охин 16-18 настай. Хоёуланг нь дөнгөн данган наймдугаар анги л төгсгөсөн гэнэ. Харин бага хүү нь гуравдугаар ангид сурч байгаа болохоор эдний ам бүлээс цорын ганц „алба”-тай нь болдог. Энэ айлын эзэгтэй гуч нэлээн гарч яваа. 16 настайгаасаа сумын эмнэлэгт асрагчаар ажиллаж, төдийгөөс өдий хүртэл зүтгэсэн ч ядуу амьдралын дороос босч ирсэнгүй. Эдүгээ хүнд өвчний буулганд хамаг итгэл найдвараа тавиад туучихсан, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуугийн эрхэнд намайг зорьж ирсэн нь энэ. Гэвч би яах ёстойгоо үл мэднэ. Чаддаг бол нисэхээс арай наашаа, арай амьдралтай газар хашаа байшинтай болгохсон. Чаддаг бол үзүүлж, оношлуулаад, өвчнөөс нь салгаад өгөх юмсан. Чаддаг бол хүүхдүүдийг нь сургуульд, өөрийг нь ажилд оруулахсан. Чаддаг бол...Шидэт саваа бидний хэнд маань ч байхгүй болохоор яалтай билээ. Ямар ч байсан охиных нь иргэний үнэмлэхийг авч өгөхөөр хөөцөлдөж үзэхээ амлаад гэрээс гарлаа.
Идэх уух юм байхгүй, өлөн зэлмэн амьдрал сэтгэл шархируулан ард үлдэв. Яана аа, яаж цаашаа амьдрах бол. Хэн ч гар сунгахгүй шүү дээ. Ядуу хүний өмнө ямар хатуу хорвоо билээ.
Яагаад ч юм энэ уулзалт сэтгэлээс гарахгүй зовооно. Би хээнцэр зантай, ядуу гуцуугийн зовлон мэдэхгүй, орон хотын дандаа халгиж явсан танхил хүн биш болохоор өөрийгөө ингэж яваад л ямар нэгэн асуудал руу татаж оруулчаад хүмүүст загнуулдаг. Чамд ямар хамаатай юм. Чи туслах албагүй шүү дээ гээд л...
Миний буцаж явсан замд дандаа ядуу айлуудын тарчиг амьдралыг илтгэх зутруухан зурагнууд хөвөрч байлаа. Харин одоо тэр айлуудын нэг байхгүй болжээ. Гурван хөөрхөн хүүхэд нь гэртэйгээ хамт шатаж, үнс нурам л үлдсэн. Нэг нь толгой шулж, нөгөө нь тэрэг түрж хэдэн бор юм олж ирээд, оройдоо бор гэртээ бужигнаж, олсноороо бор ходойгоо божийлгон суух тэдний амьдрал энэ өдрөөр эцэс болсон байна.
Гэрийн эзэд хөдөөнөөс хотод жаргалтай амьдрал хайн орж ирсэн залуухан улсууд ажээ. Эднийх гурван хүүхэдтэй. Том нь дөрөв, бага хоёр нь ихрүүд. Тэд нь дөнгөж хоёрхон настай. Хоёр настай ихэр дүү нараа дөрвөн настай агаа нь гэртээ харж үлддэг. Яаж ч бодсон хэвийн биш явдал биш гэж үү. Дахиад давтая. Дөрвөн настай хүүхэд дүү нараа хараад гэртээ үлддэг. Гаднаасаа цоожлуулаад шүү.
Энэ явдлыг гадныхан хүүхдийн эсрэг өдүүлсэн онц ноцтой гэмт хэрэгт тооцох байх. Харин манайд бол яалтай билээ. Ядуугийн л эрхээр иймдээ тулж байгаа хэрэг шүү дээ гэж бараг олонхи нь дүгнэж байна.
Ядуугийн эрхээр ядаж яваад л ийм юм үзсэн хэрэг. Би ч гэсэн санал нэгдэж байна. Харин хөөрхий гурвын гурван нялх амьтан улаан галд амьдаараа шатан үрэгдэж золгүй энэ амьдралын золиос болон одсонтой эвлэрсэн хэрэг биш юм шүү.
Тэд ямар тэрэгчин эцэг, толгой шулдаг ээжийн гэрт үр нь болж төрөөд, үүлэн чөлөөний нар шиг богинохон амьдраад буцах хувь заяагаа өөрсдөө сонгосон биш. Бидний хэн маань ч эцэг эхээ сонгодоггүй шүү дээ.
Зовж зүдэрч явсан тэднийг зөвшөөрөлгүй буучихсан гэх хэргээр хорооны хүмүүс ирж байн байн хөөж туудаг байжээ. Гэвч тэд нүүгээгүй. Нүүгээд очих газар байхгүй. Хаана ч очсон ийм зүйлстэй нүүр тулна. Хотын төв рүү бол бүр бариатай гэрийг нь нураагаад хаячихна. Тийм болохоор урин дулаан ортол тэсэхийг бодож байсан нь ойлгомжтой. Нүүчихсэн бол...гэх харуусал одоо тэднийг зулгааж байгаа. Тэгэхээр бид нүүгээгүй чинь хохь гэж баалж болохгүй.
Манайхан ядуу хүнд том дуутай. Ялангуяа дүүрэг, хороо хорин, сумдын тамгын газрууд.
Нооргор хувцастай, ноомой дүртэй нэгний өмнө төрийн бүх төрлийн үйлчилгээ хаалттай. Хаалганыхаа гаднаас л түлхэж хөөгөөд явуулдаг.
Өчигдрийн зарим хэвлэлд хүүхдүүдээ алдсан эцэг эхэд гэр олгосон тухай нэгэн түшмэлийн яриа хэвлэгджээ. Уг нь бол манайд харъяа байхгүй. Гэхдээ бид гэр өглөө гэсэн...хүйтэн хөндий яриа. Гал усны гашуун зовлонд автсан үед иймэрхүү тэнэг үгс ямар содон сонсогддог юм бэ. Үнэн хэрэгтээ эхлээд амьдралын төлөө тэмцээд ирсэн сэтгэлийг нь ойлгож, ажил олгох, хүүхдүүдийг нь цэцэрлэгт хамруулах талаар дэмжлэг үзүүлсэн бол хэрэг явдал ийм байдлаар дуусаа ч уу, үгүй ч үү.
Нэгэнт хуулиараа хориогүй байж нүүж ирэгсдийн өмнө дээд зэргийн хахир босготой Улаанбаатар. Эрх зүйн хийгээд ёс зүйн элдэв дарамтууд л хонь малаа зуд турханд алдаж хоосроод аргагүйн эрхэнд наашаа гэрээ ачин орж ирсэн тэднийг угтдаг.
Манай хотын даац хэт ихсэж, улсын маань хүн амын талаас илүү хувь нь нийслэлдээ чигжин суурьшсан талаар сүүлийн үед бүгд ярьж байгаа. Гэвч хот руу зүтгэсэн тэдний урсгалыг юу ч сааруулаагүй. Одоо бид яах вэ.
Ажилгүй, амин зуулгаа дөнгөн данган залгуулж буй ядуусын үр хүүхдийг яаж сургууль, цэцэрлэг, өдөр өнжүүлэхэд хамруулах вэ. Яаж тэдний амьд мэнд өсч торних эрхийг хамгаалах вэ.
Зүүний үзүүрт ширхэг арвай тогтох лугаа ховорхон хүмүүн заяаг олж төрөөд, томчуудын арчаагүй амьдралын золиос болон өөдөсхөн гараа сарвалзуулсаар хорвоог орхиж буй элэг эмтлэм явдлуудыг яаж таслан зогсоох вэ.
Яаж ч бодсон өрөө зулгааж, өдөө зумлаж төрүүлсэн гурвын гурван үрээ зүй бусаар алдчихаад энэлэн шаналан байгаа эхийн сэтгэлийг давилуун үгээр буруушааж чадахгүй. Тэр эх нэг толгойг 80-хан төгрөгийн хөлсөөр шулах ажил хийж, (өдөрт хичнээн хичээгээд 10-аас илүү толгой шулах боломж байхгүй. Хүйтэн толгой өнхрүүлэн хөл дээрээ өдөржин зогссон ажлынх нь хөлс ердөө 800 төгрөг) ам нь ангалзан цоожтой гэртээ хүлээж байгаа гурван хүүхдээ тэжээдэг байсан шүү дээ.
Үнэхээр толгойд багтамгүй аймшигт дүр зураг . Манайд хөдөлмөрийн үнэлэмж ийм л доогуур. Бүр дэндүү доогуур. Биеийн хүчний, бидний нэрлэдэг хар бор ангиллын ажлуудыг үнэлэх үнэлэмж дэндүү доогуураасаа ч доогуур. Оюуны чадавхаар гүйцэтгэдэг ажлууд ч мөн адил. Сайрхаад байхаар илүү түвшинд биш. Ийм нөхцөлд боломжийн амьдралын тухайд туул голын саваар амьдардаг улсуудтай л ярих байх. Тэд л хаус, харшид амьдарцгааж, Буянт-Ухаагийн задгайд амьдрагсдын зүүдэндээ ч идэж үзээгүй тансаг хоолоор нохойгоо хооллож, бусдыг „Даржин тавиландаа дас” гэж тавлаж суудаг байх.
Манай хотын иргэд амьдралын зиндаагаараа гурав ангилагдаж байна. Эхнийх нь баячууд, дараагийнх нь орох орон, унах унаагаа арай гэж олж авсан дундчууд. Мэдээж сүүлийнх нь ядуус. Толгой шулж, тэрэг түрж, машин угааж, траншейнд амь зогоож, гэмтлийн эмнэлэг, эрүүлжүүлэх байраар хүйтний улиралд толгой хоргодогсод.
Нэг хэсэг нь улам тасран цойлж, энгийн амьдралын зовлон зүдүүр, өвчин зовлонг ч мартан сагаж, нөгөө хэсэг нь үг дуугүй ажлаа хийсэн болж, шүд зуун алхалж, үлдсэн хэсгийнхэн маань үр хүүхдээ галд алдаж, үхэл хагацал, үгүйрэл гансралд өвдөг бохирон унаж байна. Энэ бүхнээс яаж улс орноо ангижруулах вэ.
Буянт-Ухаагаас буцаж явна. Чанх хойшоо хүчээ аван хөөрсөн цагаан онгоцны бараа тасарчээ.
Хамаатны маань хүүхэн зовлонт амьдралынхаа талаар цээжээ хөнгөртөл ярьж аваад уужирсан байх. Маргааш бүх юм сайхан болно оо гэж би түүнд хэлсэн. Хоосон үгээр заримдаа ходоод дүүрчихдэг болохоор тэр...Харин 18-тай охин нь мөрөөдөж байгаа. Хоногийн хоолтой хоолгүй балчиг намаг шиг амьдралаас тэр онгоц шиг сугаран хөөрөх юмсан гэж...
Үнэндээ Буянт-Ухаагийн задгайд бор гэрт, борог амьдралаар амьдарч буй тэдний мөрөөдлийг өдөртөө хэдээрээ нисч буух мөнгөн цагаан онгоцноос өөр юу хөглөх юм бэ...
Харин үрсээ алдсан энэлэнт эх эцгийн ирээдүй хааш эргэх бол. Дүүргээс өгсөн гэрийг дүүргэх амьдрал байхгүй шүү дээ.
Bolnoo
Зочин
BC
N.Enhbayar
SACO
$$$
choi hanba
zochin
dddd
dddd
dddd
haralmsaltai yumaa
Ganchimegt
Ss
Mongol
burhan
Mongoljingoo
Irgen
ganaa
bileg
Ганчимэгт
Asaa
mongol
Зочин
bat
hun
Çîðèã
ЗОЧИН
Odgerel
Зочин
uka
zuger l
zuger l
gan
bat
Зочин
ãàí
эх орон ч
Зочин
Зочин
bek
bts
nandia
saru
saina
saina
Зочин
Зочин
boior
boior
Зочин
monh
çî÷èí
Hairan ch Mongol mini
Зочин
Зочин
Зочин
ochir
Бат
irgen bi
Gombo
amidral iim l bna
god bless you
Shiliin sain er Ganchimeg
VperV
Зочин
Зочин
setgvvlch
dorjoo
Энхтуяа
Зочин
Зочин
дундчуудын нэг
дундчуудын нэг
Зочин
Зочин
Зочин
Bat
heni zahialga ve
nam bus
Зочин
horhii doo
Зочин
Naraa
ßàíà äàà
Hunbishiin Delgermaa
Зочин
Hunbishiinn Delgermaa
Өршөөлийг хүсэгч
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Харин тиймээ
Зочин