Энэ 7 хоногт
Гадаад хэргийн сайд БНСУ, Японд
Ажлаа аваад удаагүй байгаа Г.Занданшатар сайд анхны ажлын айлчлалаа Японоос эхэллээ.
Ажлаа аваад удаагүй байгаа Г.Занданшатар сайд анхны ажлын айлчлалаа Японоос эхэллээ. Тус улсад энэ оны 8 дугаар сард парламентын сонгууль болж, Ардчилсан нам ялснаар шинэ Засгийн газар байгуулагдаад байгаа. Уг шинэ Засгийн газар засаглал болон бодлогын ихээхэн өөрчлөлтийг хийж байгаа. Тухайлбал, захиргааны зардлыг багасгах, гадаад орнуудад үзүүлж буй тусламжийн бодлогыг эргэн харах, төсөл, хөтөлбөрийн тоог цөөрүүлэх, санхүүжилтыг танах гэх мэтээр “хатуу” бодлого хэрэгжүүлж эхлээд байгаа.
Төр, засгийнхаа түвшинд бодлогын шинэчлэл хийж байгаа энэ үед Монгол Улсын Гадаад харилцааны сайд ажлын айлчлал хийж байгаа нь цагаа оллоо гэж дипломат мэргэжилтнүүд дүгнэж байна. Айлчлалынхаа хүрээнд сайд тус улсын Гадаад хэргийн сайд К.Окадатай хэлэлцээ хийж, Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ёкомичи, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Х.Хирано, Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн сайд М.Наошима нартай тус тус уулзжээ. Түүнчлэн Токио хотноо болсон Монгол, Японы Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан хорооны III зөвлөлдөх уулзалтад оролцож үг хэлсэн байна.
Г.Занданшатар сайдын айлчлалын үеэр Японы тал хоёр талын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах ажлын санаачилгыг авч, судалгааных нь ажлыг өөрсдөө сэдэн хэрэгжүүлэхээр тохиролцсон аж. Уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтийн “толгойны өвчин” болоод байгаа энэ үед тус улс байгаль хамгаалах чиглэлээр манайтай идэвхитэй хамтран ажиллаж, ялангуяа уул уурхайн салбарт “ногоон технологи” нийлүүлэх бололцоотойгоо баталсан нь айлчлалын томоорхон үр дүн болж буй юм. Цаашлаад цөмийн эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах, Монголын жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар олгож байгаа зээл тусламжаа хэвээр үргэлжлүүлэхээр ярилцжээ.
Манай улс бүс нутгийн хамтын ажиллагаад сүүлийн жилүүдэд идэвхитэй байр суурь баримталж буй. Японы Ерөнхий сайд Ю.Хатояамагийн дэвшүүлсэн Зүүн Азийн хамтын нийгэмлэг байгуулах санаачилгыг дэмжихээ Г.Занданшатар сайд энэ үеэр
илэрхийлжээ. Түүнчлэн тэрээр НҮБ, Солонгосын хойгийн талаар санал солилцож, байр сууриа танилцуулсан аж.
Ирэх оны 4 дүгээр сараас Японы иргэдийг Монгол Улсад визгүй зорчуулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ. Японы тал ч үүний хариуд хөнгөлөлт үзүүлэх боломжийг эрэлхийлж байгаа гэж Г.Занданшатар сайд айлчлалынхаа сониноос хуучилж байна.
Солонгосчууд Тавантолгойд хамтран ажиллах сонирхолтой байна
Ирэх оны эхний хагаст БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг манай улсад айлчилна. Энэ асуудлыг Сөүлд болсон бүсийн худалдааны хэлэлцээрийн гишүүн орнуудын сайд нарын хуралд оролцох үеэрээ Г.Занданшатар сайд БНСУ-ын гадаад хэрэг, худалдааны сайд Ю Мен Хвантай ярилцаж тохирчээ. Аливаа улсуудын харилцаанд төрийн тэргүүнүүдийн айлчлал томоохон түлхээс болж байдаг. Манай улс, БНСУ-ын хооронд шийдвэрлэх шаардлагатай зүйл цөөнгүй бий. Ядаж л, тус улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын нийгмийн үйлчилгээ, ажлын байрны хангамж, цалин хөлснөөс эхлээд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, бизнес эрхлэх хуулийн орчин гээд олон проблем бий. Бизнесийн, хөрөнгө оруулалтын болон хөгжлийн бодлогын түвшинд ч хамтран ажиллах “зах зээл” хангалттай бий.
“Гадаад харилцааг эдийн засагжуулах” Засгийн газрын хөтөлбөрийг сайд Г.Занданшатар уулзалтын үеэр танилцуулахад БНСУ-ын тал ихээхэн сонирхож хүлээн авчээ. Худалдааны асуудлыг давхар эрхэлдгийнхээ хувьд Ю Мен Хван сайд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж багагүй бийг тухайлан тэмдэглэжээ.
Уулзалтын үеэр Ю Мен Хван сайд “чимэгтэй” үг хэлсэн нь тус улсаас манайд олгодог албан ёсны тусламжуудыг нэмэгдүүлэх нотолгоо байлаа. Түүнчлэн тус улсын консорциум Тавантолгойн ордыг хамтран ашиглах сонирхолтойг тэрээр илэрхийлсэн байна. Уг консорциум орд газруудыг холбосон төмөр зам татах, ОХУ-ын боомтоор дамжуулан тээвэрлэх зэрэг дэд бүтцийн салбарт ч хөрөнгө оруулах бололцоотойг дурджээ. Гэхдээ мэдээж, энэ асуудал олон улсын нээлттэй тендерийн зарчмаар шийдэгдэх нь ойлгомжтой. Солонгосын тал ч үүнийг ойлгож, тендерт “давуу талтай” оролцохоо илэрхийлсэн байна.
Өмнө нь Аялал, жуулчлалын сайд байсныхаа хувьд Ю Мен Хван сайд энэ талаар ч хөндсөн бөгөөд нисэх онгоцны Инчон буудлыг түшиглэн “Монгол руу аялах жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх” арга хэмжээ хэрэгжүүлэхээ амлажээ.
boogii
turuu
Зочин