Энэ 7 хоногт
Улс төрийн томуугийн H 1 тэрбум, N 100 саяын вирус
“Гишүүдийн ханиад” гэх шинэ төрлийн авлигын вирус Монголд газар авлаа.
“Гишүүдийн ханиад” гэх шинэ төрлийн авлигын вирус Монголд газар авлаа. Улс төр судлаачид болон шударгаар татвар төлөгчид энэхүү вирусийг ардчиллын дархлааг айхтар ихээр сулруулагч, Монгол Улсын хөгжил дэвшлийн хамгийн том “дайсан” хэмээн ам нэгтэй хүлээн зөвшөөрч, халдвараас сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Энэхүү авлигын вирус улстөрчид, эрх мэдэлтнүүд, төрийн албан хаагчдад халдах магадлал хамгийн өндөр байгаа бөгөөд өвчлөлийн голомт нь төрийн эрх дээд байгууллага болох УИХ болсон тухай өнгөрсөн долоо хоногт томоохон хэвлэлүүд мэдээлэв. Жирийн иргэдийн хувьд авлигын вирусийн халдвараар өвчлөх магадлал тун бага байгаа бөгөөд хүүхдийнхээ цэцэрлэг, сургуулийн багш, газрын албаны түшмэл, гаалийн байцаагч, шүүх, прокурорынхонтой хэт ойрын зайнаас харилцахгүй, дотно харьцаа үүсгэхгүй байвал аюул холуур өнгөрнө гэдгийг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна. Авлигын шинэ төрлийн вирусийн тохиолдол анх 2003 онд Н.Энхбаярын Засгийн газрын үед 10 сая тунгаар илэрсэн бөгөөд жил ирэх тусам тархалт газар авч, өнөөдрийн байдлаар 76 тэрбумд хүрээд байгаа юм. УИХ, Засгийн газрынхан төсвийн ил тод байдал, сөрөг хүчний болон олон нийтийн хяналтыг ойшоож үзэхгүй “бохирдуулснаас” авлигын вирус хүрээгээ огцом тэлж, Монголын улс төрд онц байдал зарлах хэмжээнд хүрсэн талаар парламентад суудалгүй намууд, иргэний хөдөлгөөнүүд мэдэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногийн турш Төрийн ордонд сэминаардсан аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар энэхүү авлигын шинэ төрлийн вирусийн халдвар авсан тул гэр гэрт нь яаралтай буцаасан тухай дээр дооргүй ярьж байгаа нь анхаарал татлаа. Өнөөх гайхал “гишүүдийн ханиадны” вирус чинь мутацад орчихсон “ИТХ-ын төлөөлөгчдийн ханиад” болчихсон тууж явна гэнэ.
Судлаачдын тогтоосноор авлигын шинэ төрлийн вирусийг улс төрийн томуугийн H 1 тэрбум, N 100 саяын халдвар хэмээн нэрлэх нь зүйтэй юм байна. H гэдэг нь өндрийн хэмжээг заадаг учир төрийн дээд эрх мэдлийг атгаж байгаа УИХ-ыг хэлээд байгаа юмдаг уу даа. N гэдэг нь англи хэлгүй улстөрчдийн гаргасан санаа бөгөөд нийслэл гэдэг үгийн товчлол гэсэн. Үхэр жилд дэлхий нийтийг цочроож, олон хүний алтан амь авч одсон хүний томуугийн H1N1 вирусийн өвчлөлтэй улс төрийн авлигын шинэ вирусийн нэр андуурмаар адил байгаа тул Оюуны өмчийн газрынхан анхааралдаа авахад илүүдэхгүй биз ээ. Төрийн ордонд сэминаардсан Засаг дарга нар авлигын вирусийн халдвар авсан болох нь эхний шинж тэмдгээр илэрч байгааг дуулгая. Энэ долоо хоногийн лхагва гаригт болох нийслэлийн ИТХ-ын хуралдаан дээр авлигын вирусийн халдвар, тархалтын талаар АН, МАХН-ын эмч нарын баг нууц мэдээлэл хийхээр төлөвлөжээ. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр ИТХ-ын 45 төлөөлөгчид 4.5 тэрбум вирус халдварласан байна. Мутацад орсон авлигын вирус “ИТХ-ын төлөөлөгчдийн ханиад” болчихсон цохиж яваа нь энэ ажээ. Хамгийн сонирхолтой нь авлигын вирусаар халдварласан ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга нар гунигийн дуу биш “Баярын жавхаа” эгшиглүүлж, тун ч сэтгэл хангалуун яваа дуулдав. УИХ-ын 76 гишүүнтэй ижил оноштой болж, адилхан H 1 тэрбум, N 100 саяын халдвар тээгч болохыг эртнээс мөрөөдөж байсан АН, МАХН-ын хурган улстөрчид бусдаасаа илүү ихээр аз жаргалтай байгаа гэсэн. УИХ-ын гишүүн тус бүрт нэг тэрбум, нийслэлийн ИТХ төлөөлөгч бүртээ 100 сая авлигын вирус тараагаад байхад бид юунаасаа дутах юм бэ гэж аймгуудын ИТХ-ын хортой шартай төлөөлөгчид мөчөөрхөж байгаа тул АН, МАХН-ын дээд удирдлагууд “ардчилсан” зарчим баримталж, 100 саяас илүү гаргаж тун хэтрүүлэлгүйгээр халдвар тараах тухай зөвлөмж хүргүүлсэн тухай мэдээ баасан гаригт ирсэн. Тэрхүү зөвлөмжийн хавсралтад “маш нууц” гэсэн улаан тамга дараастай байсан, олон нийтээс нууцаар хувааж аваарай, манай хоёр нам насаараа хамтрахгүй шүү, олдсон дээр гус гэсэн гээд л гадуур хүмүүс шуугиад байна лээ. Бодвол атаархсан зарим нь ийм яриа гаргасан байхаас зайлахгүй. Юутай ч авлигын вирусийн тархалт УИХ-аас аймаг, нийслэлийн ИТХ-д эрчимтэй халдварлаж байна.
Б.Түвшинтөгс
цолмон
Зочин