Замын-Үүдийн Засаг дарга М.Баянмөнх хөрөнгө орлогын мэдүүлгээ санаатайгаар нуун дарагдуулж, худал мэдүүлжээ. Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас түүнд хариуцлага тооцох шаардлагыг Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягт хүргүүлсэн байна.

М.Баянмөнх хувийн эзэмшлийн “Ган торх”, “Ар жаргалант” компаниудаа хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүйн дээр, банкинд нэг сая 600 мянган төгрөгийн зээлтэй байжээ. Тэрээр өнгөрсөн орон нутгийн сонгуулиар нэр дэвшихдээ энэ бүхнээ нууцлаад өнгөрч. Түүний нуун дарагдуулсан өмч хөрөнгийг иргэдийн гомдлоор илрүүлсэн бөгөөд хяналт шалгалт хийсний эцэст эрхийг нь түдгэлзүүлэхээр АТГ-аас холбогдох байгууллагад санал хүргүүлсэн байна. Гэсэн ч Замын-Үүдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-аар түүний асуудлыг авч хэлэлцээд, албан тушаалаас нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна. Дорноговь аймгийн шүүх ч бас энэ талын нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй хэмээсэн байна.  Удирдах албан тушаалтнууд ийн нэгнээ хаацайлж, үүний улмаас төрийн албаныхан хөрөнгө орлогын мэдүүлэг өгөхдөө хайнга хандах, үл тоомсорлох явдал газар авч байгаад АТГ-ынхан шүүмжлэлтэй хандаж байна.

Аймгийн шүүх, сумын ИТХ-ын дээрх үйлдлийг өрөөсгөл буюу нэг талыг барьсан шийдвэр гэж үзсэн АТГ-аас уг хэргийг мөрдөн шалгахаар болоод байгаа юм. Үүний тулд М.Баянмөнхийн эрхийг нь түдгэлзүүлжээ. Харин М.Баянмөнх дарга эл шийдвэрийг үл зөвшөөрч, хууль бус хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд зогсохгүй тамгаа өгөхгүй хэмээн “гүрийж”, олон хоногоор авч зугтсан  байна. Түүнийг цагдаагийнхан багагүй хугацаанд эрэн сурвалжилсны эцэст олж, төрийн тамгыг хамгаалалтад авч чаджээ.

У.Шагай