“Бага дарга”-н имижтэй том намын дарга
-Сууж яваа завийг маань хэн, яаж, хааш нь жолоодож явааг хяналтаасаа гаргаад алдчих тэнэгүүд бид биш.
-Сууж яваа завийг маань хэн, яаж, хааш нь жолоодож явааг хяналтаасаа гаргаад алдчих тэнэгүүд бид биш. Тийм л учраас төрийг барилцаж байгаа МАХН, МАХН-ыг удирдаж байгаа дарга нарын асуудалд хошуу дүрэх хэрэгцээ иргэн бидэнд бий-
Зодоон хийж шальдаггүй хэрнээ яагаад ч юм бэ “зодоон болоод эрэлхэг явдалд” зүрх сэтгэлээ өгчихсөн хөвгүүд байдаг. Би тэрийг тэгж зодоод, ингэж айлгаад гээд яриад, сайрхаад явдаг даа. Тэд ихэнхдээ л нөгөө талын баатраараа аль гайгүй “атаманыг” сонгож өөрийн имижийг өргөх чин хүсэлтэй романтикууд болохоос биш яг үнэндээ хүн айлгахаар юмгүй нөхдүүд байдаг.
Эхлээд хүн бүрийг өмнөө бөхөлзүүлдэг намын даргатайгаа муудалцан эр хүний чөмөгтэйгээ харуулсан У.Хүрэлсүх дараахан нь “энэ нам, эхнэр хоёроо би юугаар ч солихгүй” хэмээн ам гарч, намаа өмгөөлөн “улаан хамгаалагч”-ийн дүрд тодорч явсан бол сүүлийн үед байсгээд л хэн нэгнийг барьж авч цохисон асуудлаар хэвлэлийн баатар болох боллоо.
Саяхан МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга тэрбээр УИХ-ын гишүүнийг өрөөндөө дуудаж уулзаад улмаар “ухамсрын шанаа” өгчээ. Уг нь ухамсрын шанаа хүртсэн хүн тэр дороо ухаажаад хүмүүжиж орхидог бол өнөөх нь “байяа дарга аа, миний буруу, би дахиад тэгэхгүй ээ” гээд мөрөөрөө намын шийдвэрээ дагаад явж байх байлаа. Даанч тиймгүй учраас МАХН-ын гишүүн боловч “халдашгүй эрхтэй” Их хурлын гишүүн Э.Мөнх-Очир У.Хүрэлсүхэд шанаадуулсан хацраа олон нийтэд үзүүлэхийг хүсч, хэвлэлийнхнийг дуудсан байж таарна.
Хэрэв МАХН дотор асуудал удирдлагынхаа төвшинд зодоон цохион, авлига, луйвар, аллага, архидалтаар шийдэгддэг байсан бол энэ нам цоо эрүүл болчих хугацаа өнгөрчээ. Гаднаа нэг их сахилга баттай дүр үзүүлж, наян жилийн намба, туршлага ярьдаг энэ улс төрийн хүчний эрүүл эсэхэд эргэлзээд, эсвэл генсекийнх нь нударга зангидамтгайг шүүгээд байх нь хэвлэлийнхний хийх ажил биш гэж өөрсдөө бодож буй бололтой. Тэгвэл үгүй юм.
Төрийн эрх барих дээд байгууллага парламентаараа түмэн олноос мандат авсан гишүүд нь хэлэлцэж баймааж энэ улс орны хэмжээнд мөрдөх хууль, шийдвэрийг гаргах ёстой. Гэтэл сүүлийн үед УИХ, түүний гишүүд биш улс төрийн намууд өмнөөс нь шийдвэр гаргадаг болов. Урьдчилаад намуудын төвшинд шийдчихсэн бэлэн асуудлыг УИХ-д оруулж ирээд, эцсийн шийдвэрийг гаргах эрх мэдлийг нь л намууд ашигладаг болчихов. Энэ улс орны төрийн эрхийг парламент биш улс төрийн намууд барьж байгаа учраас, тэр тусмаа МАХН барилцаж буй учраас тус намын хэрэг явдал бол иргэн бидний хэрэг явдал, эрх ашиг юм. Би хувьдаа галзуу хүн дагаж, голын ус руу үсрэхгүй. Сууж яваа завийг маань хэн, яаж, хааш нь жолоодож явааг хяналтаасаа гаргаад алдчих тэнэгүүд бид биш. Тийм л учраас төрийг барилцаж байгаа МАХН, МАХН-ыг удирдаж байгаа дарга нарын асуудалд хошуу дүрэх хэрэгцээ бидэнд бий. Тэр тусмаа тэд нь эр хүн гээд л төр, улсын асуудлыг нударгын хүчээр шийдэх тохиолдолд шүү.
УИХ-ын байнгын хороодын болон намын бүлгийн удирдлагыг томилох асуудалд гишүүд бие даасан хараат бусаар хандаж, намын шийдвэрийг үл дагасны учраас МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга тэдэнд хүч хэрэглэжээ гэдэг жижиг асуудал биш. УИХ-ын гишүүн өөрт хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу асуудалд хандсаных нь төлөө хөндлөнгөөс хүч түрсэн шийтгэл хэрэглээд эхэлбэл энэ “жижиг” асуудал уу? Эсвэл эр хүнд байдаг л зүйл юм биз дээ?
Эр бар шиг загнаж байж эрх мэдэл, эрч хүчтэй, эр хүн шиг байгаадаа итгэсэн У.Хүрэлсүхэд тухайн үед сайхан л байсан байх. Хэн нэгэнтэй хэмх нүдэлдээд багтаж ядаж байсан энергиэ гадагшлуулах кайфтай ч байж болох.
Монголчуудыг хөгшин үндэстэн гэдэг. Лев Гумилев нарын зарим эрдэмтэд ийм үндэстний шинж нь гэвэл дайн тулаан, зодоон цохионы үеэр цус, цөс нь хөөрч омогшиж, хурцлагддаг, бусад үед “тэнэгдүү” байдаг гэсэн санаа дэвшүүлсэн нь ч бий. Бусдад ямар шаардлага тавьж байгаагаа, түүнийгээ ямар замаар шийдэх гэж буйгаа ухаардаггүй, нударга зангидаж сагсалздаг монгол эрчүүд захаас аван зөндөө байх аж. Ёстой бараан захын тэрэгчнээс эхлээд ёс зүй ярьсан улс төрийн том нам, том гэх улстөрчдөө хүртэл. Иймэрхүү улс төрийн хүчин, тиймэрхүү улстөрчид өнөөдөр нам болоод парламентаар дамжуулан төрийн эрхийг барьж, иргэн бидний эрх ашгийг өмнөөс маань шийдэж байгаа цагт бид алив асуудалд хэнэггүй монгол зангаараа “уухайс, эр улс яадгийм” гээд хараад суух ёстой юу?
З.БОРГИЛМАА
booriiss
Inhaluawn
обама
XYPELCYX
Хевадай
Хүрэлсүх
Ajaa taij
Дуу
Зочин
baga dargaar udirduulsan tom nam
iskra_159
hu