100 хүний нэг нь л хэрэгжүүлдэг

ажлын ноу-хау

Коно Эйтаро


Яг энэ мөчөөс шууд хэрэгжүүлж болох зүйл

Бусдаас ялимгүй өөр арга ашиглаад сурчихвал онцгой чадваргүй, туршлагагүй хүн ч гэсэн ажлаа үр бүтээлтэй урагшлуулсаар зорилгоо гүйцэлдүүлж чадна. Чухам ийм аргуудыг энэ номд өгүүлэх болно. 

Мэдээжийн, алга эргүүлэхтэй адил тун энгийн зүйлс мэт санагдаж магадгүй ч ачир дээрээ хэрэгжүүлдэг хүн тун цөөхөн шүү. Бараг 99 хувь нь хэрэгжүүлдэггүй гээд хэлчихэд хэтрүүлэг болохгүй. 

Харин эдгээр ноу-хауг ашигладаг хүмүүсийг хараад байхад эргэн тойрны хүмүүсээсээ нэг алхам түрүүлсэн “чадалтай” эрхмүүд байдаг. “Чадалтай хүн” болохын тулд ганц нэг онцгой юмыг дутуу дулимаг хийхээс илүү, энэ номд гарч буй энгийн аргуудыг уйгагүй давтан хэрэгжүүлэх л хамгийн дөт зам болно. Энэ бол миний хэлэх гэсэн гол санаа юм. 

Гэхдээ энэ дөт зам руу орохоос өмнө эхлээд нэг ханыг давах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, өдийг хүртэл бидний эрхэмлэж ирсэн “хичээнгүй” гэх ойлголтыг арай өөрөөр харах шаардлагатай. 

Энэхүү ном нь найман бүлэгтэй. Унших зүйтэй дарааллыг баримтлан бичсэн боловч та өөрт тулгарсан асуудалд холбогдолтой, мөн сонирхсон хэсгээ сонгон уншиж болно. 

Уншсанаа заавал туршаарай. Ажил тань шууд-эрчимтэй сайжирч эхлэхийг гарцаагүй мэдрэх болно.


Коно Эйтаро

СУРЧ МЭДСЭНЭЭ
БУСДАД ЗАА


Питер Дракэр “Бусдад заана гэдэг суралцахуйн хамгийн дээд хэлбэр” гэж хэлсэн байдаг.

Өдөр тутам хийсээр дадсан ажил, мэдээжийн гэж боддог зүйлсээ хүмүүст заах цаг ирэхэд тэдгээрийг үгээр илэрхийлж сурах шаардлагатай тулгарна.

Хүнд заахын өмнө эхлээд өөрөө задлан шинжлэх учиртай. Улмаар хэрхэн ойлгомжтой тайлбарлах вэ гэдгээ бодож боловсруулах явцдаа тухайн зүйлээ бүр гүнзгий танин мэдэж, дутуу дулимаг ойлгосноо анзаарч засаж авдаг.

Би их сургуульд спортоор хичээллэнгээ секцэнд шинээр элссэн оюутнуудад зөвлөгөө өгдөг байлаа. Ажил дээр гарсан хойноо ч компанийн дотоод сургалтын багш хийж үзсэн юм. Одоо бодоход хүнд заасан нэртэй би өөрөө л хамгийн их зүйл мэдэж авсан шиг санагддаг. Тэндээс сурсан зүйлс хожим тэмцээн уралдаан, ажилд минь их нэмэр болсон.

Мэдлэгээ багийнхантайгаа хуваалцвал тэд чадавхжина. Чадалтай баг илүү чансаатай ажил хүлээж авна. Багийн нэгэн хэсэг болохынхоо хувьд та ч илүү өндөр түвшний ажилд өөрийгөө сорих боломж атгана. Өөрөөр хэлбэл эцсийн дүнд өөрт тань сайнаар тусдаг юм.

“Бусдад тусалбал өөрт буян ирнэ” гэдэг. Өөрийн сурсан мэдсэнээ бусдад зааж өгөх нь хүний төлөө, мөн өөрийнхөө төлөө хийх үйл юм.



ЭЕРЭГ ҮГ АШИГЛАХ


Та амны уншлага шиг байнга хэлдэг үгсийнхээ талаар ер нь эргэцүүлж байсан уу?

Өдөр бүр өөрийн мэдэлгүй амнаас гардаг үгс эзнийхээ үйл хөдлөлийг хязгаарлаж, бусдад ямар сэтгэгдэл төрүүлэхийг нь шийдэж байдаг.

Тусалсны хариуд “Баярлалаа” гэх байтал “Уучлаарай” гээд хүлцэл өчих үг хэлээд зогсож байдаг хүн цөөнгүй. Талархахын оронд уучлал хүснэ гэдэг соёлгүй хэрэг биз дээ.

Энэ мэт үргэлж хэлдэг сөрөг үгсээ эерэг үгээр соливол бусадтай харилцах харилцаанд тань сайнаар нөлөөлнө.

Амны уншлага болсон үгсээ анзаарч засах амаргүй ч гэлээ, зөв цэгцтэй ярихын чухлыг ойлгож, эерэг ярих техник эзэмшвэл үр дүн гарна. Дагаад харилцааны чадвар тань гайхалтай сайжирна.


ХҮНИЙ ЯРИАГ ТАСЛАХГҮЙ СОНСОХ


Яриа бол харилцааны маш чухал зэмсэг. Энэ зэмсгийг ашиглахдаа “бусдын яриаг хэзээ ч тасалж болохгүй” гэсэн дүрмийг заавал баримтлах ёстой. Үүнд хоёр шалтгаан бий. 

1/ Яаран буруу дүгнэлт хийхээс сэргийлэх

Япон хэлэнд өгүүлбэрийн төгсгөлд орох нөхцөлөөр үгүйсгэх, батлахаас эхлээд бусад олон утгыг илэрхийлдэг. Тиймээс яриаг тасалснаар цаад хүнийхээ хэлэх гэсэн санааг эсрэгээр ойлгох аюултай.

2/ Хүнийг сэтгэл санаагаар унагах хэрэггүй

Ямар ч хүн бусад хүмүүс өөрийг нь анхааралтай сонсоосой гэж хүсдэг. Тиймээс ид сайхан ярьж байхад хэн нэгэн дундуур орж ирэхэд сэтгэл нь маш таагүй болдог. Хамтдаа ажил хэрэг бүтээх гэж оюун ухаанаа зарж байгаа хүмүүс аар саар зүйлээс болж эв эвдрэх шиг харамсалтай юм байхгүй.

Гэхдээ, ямар ч утга авцалдаагүй, сунжруу ярьдаг хүний яриаг тасалмаар санагддаг. Ийм хүмүүсийн яриаг сөргөлгүйгээр эелдгээр таслах арга бий. Дараа туршаад үзээрэй.

1-р алхам: Хэлсэн үгийг нь давтах, эсвэл өөр үгээр хэлэх маягаар ярианд нь орох

Жишээ: Аанхан, ... байх нь ээ.

2-р алхам: Лавлаж асуух маягаар ярианы агуулгыг цэгцлэх

Жишээ: Аан за, ... гэж ойлговол болох уу?

3-р алхам: Ярианы агуулгыг цэгцлэн, дүгнэх үг нэмэх

Жишээ: Аанха. △△ чинь oo гэсэн үг юм байна шүү дээ. За тэгэхээр, одоо арай өөр сэдэв рүү оръё.


АСУУДЛУУДАА “ДЕСКТОП” ДЭЭРЭЭ ИЛ БАЙЛГА


Архимэд, Ньютон нарын алдартнууд цуут нээлтээ хийхдээ бичгийн ширээнийхээ ард сууж байсан уу гэвэл, юу л бол. Харин халуун баннд, эсвэл бүр салхилж явахад л гэнэтхэн ер бусын санаа харван орж ирдэг нь жирийн бидэнд ч цөөнгүй тохиолддог шүү дээ. Гэхдээ зүгээр гиюүрсэн, ойр зуурханд ухаанаа эзэмдүүлсэн үед толгойд онцгой санаа төрөхгүй.

Шийдэх ёстой асуудал буюу хийх зүйлсээ толгой дотроо цэгцлээд тархиныхаа нэг буланд ил гаргаж орхиод, банны ус халих, модноос алим унах мэтийн огт хамаагүй үзэгдлийг харсан даруйдаа өнөөх асуудалтайгаа холбож сэтгэх чадварыг эзэмшвэл зорилгоо биелүүлэхэд их түлхэц болно.

Яг л файлыг компьютерийн дэлгэц дээр ил хадгалах мэт тулгамдсан асуудлаа тархи толгойн дотроо хамгийн наад талын давхарга дээр шууд нээхэд бэлэн байршуулахыг хэлээд байгаа юм. Тэгж чадвал тухайн асуудалтай холбоотой хүнтэй цахилгаан шатанд санамсаргүй таарлаа гэхэд бушуухан хэдэн үг солиод амжина. Зориуд цаг гаргаж чадахгүй үедээ ч энэ мэтээр ажлын завсар зайг ашиглаад байж болно.

Үүнийг уншаад та үргэлж тэгж ажил бодоод байхаар тархи толгой хэзээдээ амрах билээ гэж магадгүй л юм. Гэхдээ тулгамдсан асуудал гэдэг бол амралт, ажлын цаг гэж ялгалгүй үргэлжид ямар нэгэн байдлаар санаа сэтгэлийг чилээдэг тэр л зүйлийг хэлдэг. Миний туршлагаар бол нэгэнт л анхаарал тавихаас өөр аргагүй зүйлийг ил гаргаад тавьчихсан нь өөрт харин ч стресс багатай, амар байдаг юм.

Коно Эйтаро